Цөөнгүй сэтгүүлч, зарим редакцын бичвэрт УИХ ээлжит бусаар чуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж хэдэнтээ бичжээ. Улмаар “давхар дээл”-тэй сайд нарыг тоог нэмж хуульчилснаар Засгийн газраас “дан дээл”-тэй нь огцорч явах юм байх. Энэ нь УИХ-ын зарим гишүүний хувьд хоног тоолон хүлээж буй мөрөөдөл юм. Гэвч бодит байдал дээр боломж хомс, ялангуяа УИХ-ын гишүүд, Засгийн газрын хувьд “давхар дээл”-ийн тоог нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг санаачлах эрхгүйг хууль өөрөө хэлнэ. Хэрвээ тэд ийм төсөл санаачилбал эсрэгээрээ Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан гэмт хэрэгтэн ч болж болзошгүй ажээ. Эдгээрийн учрыг тайлбарлая.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, 99 юмуу 108 болгох,
-УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг намын нэр бүхий нэрсийн жагсаалт буюу пропорциональ хувилбараар сонгодог болох,
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох,
-Засгийн газарт буй “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх гэсэн нэмэлт өөрчлөлтийн санаа, саналууд явж буй.
Эдгээр нь зориг гаргаад хийвэл хийчих агуулгын сайн өөрчлөлт үү гэвэл тийм. Парламентын засаглалыг хүчтэй болгодог, сонгодог утгад нь ойртуулах чухал өөрчлөлтүүд мөн үү гэвэл мөн. Харин УИХ-д ингэж холын том зургаар нь харж буй нь цөөхөн, зөвхөн хувийн сонирхлоо гүйцээхээр ойрын зайд Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон улс төр хийж буй нь олон.
Жишээ нь, ХҮН ба АН-ыхан “УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг намын нэр бүхий нэрсийн жагсаалтаар сонгох пропорциональ элемент орсон сонгуулийн холимог хувилбарыг хуульчлах, УИХ-ын гишүүдийг тоог нэмэх” гэсэн хоёр саналтай. Ингэснээр 2024 оны сонгуулиар АН болон ХҮН гэж намын нэрээр парламент дахь суудлын тоогоо нэмэх бололцоотой гэж тооцож байгаа. Харин МАН-ын бүлгийн гишүүдэд бол Үндсэн хуулийг өөрчлөх үндсэн гуя нь “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх л чухал. Бусад өөрчлөлт нь тэдний хувьд үндсэн гуяа дагуулах хүзүү төдий. “Давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмж, УИХ-ын бүрэлдэхүүний бараг дөрөвний нэгээр танхимаа бүрдүүлснээр Засгийн газрын тогтвортой байдал илүү баталгаажих учир энэ өөрчлөлтийг дэмжихэд бэлнээ намын дарга-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд мэдэгдсэн. Одоо шинээр томилох хоёр сайдаа оруулаад Л.Оюун-Эрдэнийн танхимын 14 сайд “дан дээл”-тэй учир мөн тооны УИХ-ын гишүүд сайд болох боломжтой бөгөөд горьдлоготой. Сайд болж “давхар дээл” өмсч чадахгүй УИХ-ын гишүүд нь Байнгын хорооны дарга болох хүлээлттэй. Гэвч хүсэхэд хяслан. “Давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх боломж нь хуулийн хориг ба хаалттай. Хэрвээ “давхар дээл”-ийн тоог л нэмж чадахгүй юм бол МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи Үндсэн хуульд оруулах бусад өөрчлөлтийг дэмжихгүй, явуулахгүй. Дагуулах гуягүй учир ямарч хүзүү мөлжүүртэй байгаад дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлт болж чадахгүй.
“Давхар дээл”- ийг өөрчлөх, нэмэх боломж нь хуулийн ямар хаалт, хоригтойг өгүүлье.
2019 онд оруулсан өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүг “давхар дээл” өмсөхийг Үндсэн хуулиар хориглосон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заажээ. Уг заалтаар бол 2019 онд оруулсан “давхар дээл”-тэй холбоотой уг өөрчлөлтийг 2027 он хүртэл хөндөх эрхгүй.
УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй учир 8 жилээр хаасан дээрх заалтыг өөрчилж, бүр байхгүй болгож ч болно. Ингэснээр дөрвөөр хязгаарласан “давхар дээл”-тэй сайдын тоог нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Харин “8 жилийн босго”-ыг авч хаясны дараа Засгийн газрын гишүүдийн хэд нь, хэдэн хувь нь “давхар дээл”-тэй байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэн санаачлах вэ?
Хууль санаачлах эрхтэй гурван субъект бий. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар гэж. Яг “давхар дээл”-тэй сайдын тоог нэмэх төслийг санаачлах эрх УИХ-ын гишүүд болон Засгийн газрын аль алинд байхгүй. Учир нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах, мөн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах”-д чиглэсэн төсөл санаачлахыг УИХ-ын гишүүдэд хориглосон. “Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлсэн” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачлахыг Засгийн газарт мөн хоригложээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн “давхар дээл” өмсөж сайд болох нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөж нэмэгдүүлж байгаа хэрэг. Сайд нар хууль санаачлах, халдашгүй байх зэрэг онцгой эрхтэй УИХ-ын гишүүн байх нь Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. УИХ-ын гишүүд болон Засгийн газар нь хууль санаачлах онцгой эрхээ далимдуулж өөртөө албан тушаалын давуу байдал бий болгохгүй, албаны эрх мэдлээ нэмэгдүүлж эрх ашгийн зөрчил үүсгэхийг хуулиар ингэж хаажээ.
УИХ-ын гишүүд хуулийн иймэрхүү хоригтой учраас “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан Үндсэн хуулийн заалтыг Цэцээр хүчингүй болгуулах улс төр явж байгаа.
УИХ-д АН-аас сонгогдсон Адьшаа, Ганибал, ХҮН-аас сонгогдсон Доржханд нар Засгийн газрын танхимд “давхар дээл”-тэй сайд нарын тоог дөрвөөр хязгаарласан нь, мөн УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг мажоритор хувилбараар сонгож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд өргөдөл өгсөн. Өгсөн ч гэж дээ, сөрөг хүчнийхнээ эдгээр гурван гишүүнээр МАН-ынхан өргөдөл өгүүлсэн. Орост Путиний засаглалын оргил үед түүний Нэгдсэн Орос намд халаасны “Шударга Орос” гэж нам байсантай адилаар сүүлийн үед ХҮН болон УИХ дахь АН-ын зарим гишүүд эрх баригч МАН-ын халаасанд үе үехэн гүнзгий орж, өмнөөс нь үүрэг гүйцэтгэх болсны нэгэн жишээ нь дээрх гурван гишүүний өргөдөл юм.
Гэтэл Цэц бас хуулийн хоригтой. “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Цэц нь хууль, бусад шийдвэр Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хянадаг нь үнэн боловч, Үндсэн хуульд байгаа заалт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж буйг хянадаг түүх, эрх мэдэл байдаг эсэхийг мэдэхгүй юм. Хэрвээ Цэц Үндсэн хуулийг манадаг нь үнэн юм бол Засгийн газарт дөрвөөс олон сайд “давхар дээл” өмсөх боломжийг нээсэн аливаа хууль, шийдвэрийг гаргуулахгүй байх, ийм утга бүхий хууль, шийдвэрээс дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байж болох Үндсэн хуулийн заалтаа хамгаалах нь Цэцийн үндсэн ажил үүрэг юм.
Хэрвээ үйл явдал УИХ-ын гишүүдийн санаснаар өрнөж, Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэлтийг Цэцээс гаргалаа гэж бодъё. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авна. УИХ-ын гишүүдийн зорилго, гурван гишүүнээр өргөдөл өгүүлсний цаад улс төр ийм л дээ. Тэр тохиолдолд Үндсэн хуулийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт бүхлээрээ хүчингүй болно. Энийг УИХ-ын хэдэн гишүүн харж, уншиж байгаа юм бол доо. Түүнээс биш, зарим гишүүний андуурч байгаа шиг давхар дээлтэй холбоотой 4 гэдэг тоог л хүчингүй болгохгүй. Цэц хуулийн бүтэн заалтаар ярихаас биш, заалт доторх үг өгүүлбэр хасах редакторын ажил хийхгүй. Энэ тохиолдолд “давхар дээл”-ийг зөвшөөрсөн зохицуулалт Үндсэн хуульд огт байхгүй болж, асуудлыг мушгивал Ерөнхий сайд ч УИХ-ын гишүүн байж болохгүй болж таарна. Эндээс үзвэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэж Цэцийн шийдвэрээр сонгогдох эрхийг нь хаасантай адилаар “давхар дээл”-ийн маргаанаар Ерөнхий сайдыг огцруулах давхар улс төр явж байна ч гэж хардах үндэстэй. Тийм биш л юм бол “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан заалтыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийн дараа “Засгийн газрын гишүүн-сайд нь УИХ-ын гишүүн байж болох ”-ыг зөвшөөрсөн, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай санаачлах хэрэгтэй болно. Тэрхүү төслийг санаачлагч нь хэн бэ. Энэхүү бичвэрийн “3 дахь хэсэг”-т өгүүлснээр УИХ-ын гишүүд, Засгийн газар хоёрт хуулиар хаалттай учир ганц Ерөнхийлөгч л санаачлах болно. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч “давхар дээл”-ийн тоог нэмэх замаар жил гаруйн өмнө байгуулсан өөрийн шахуу Засгийн газраа, бүр нарийн яривал Л.Оюун-Эрдэнийн танхимд буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон, Батлан хамгаалах зэрэг өөрийн сайдыг огцруулах улс төрийг хийх юм болов уу. Цагаан сарын өмнө товлогдсон Цэцийн хуралдаан гэнэт хойшилсон нь иймэрхүү л улс төрийн шшалтгаантай байсан байх.
Хэрвээ УИХ болон МАН-ынхан Цэцийн ч, Ерөнхийлөгчийн ч оролцоогүйгээр Үндсэн хуулиа өөрчлөөд, “давхар дээл”-ийн тоог хүссэнээрээ нэмье гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нэлээд олон заалтыг хүчингүй болгох хэрэгтэй болно. Эрсдэлтэй, бас “гал”-тай л алхам. Нийгмийн зөвшилцөлгүйгээр, Ерөнхийлөгчийн дэмжлэггүйгээр, зөвхөн АН ба ХҮН-ын кнопыг халаасалж яваад бүтэхгүй л дээ. Үндсэн хууль бол ердийн хууль биш. “Эцэг” хуульд хулгайн замаар халдах нь, Үндсэн хуулийн хямрал үүсгэх нь Хөгжлийн банкны луйврыг илчлэх сайн үйлээ Хөгжлийн банкныхан нь өөрсдөө тараан хөгжүүлэн хаврын улс төрийг, иргэдийн бухимдлыг зөөллөх захиалгат улс төр болгохоос огт өөр зүйл л дээ.