Утааг зун цагт ч мартах учиргүйг сануулах зорилгоор “Амьсгалах эрх” чөлөөт уулзалт, хэлэлцүүлгийг “Эрдэмт ТББ” болон “People in need” төрийн бус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж, уг арга хэмжээний үеэр “Амьсгалах эрх” төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар, агаарын чанар, тоосжилтын хэмжээг мэдээлэх “Air visual” аппликейшныг танилцууллаа.
Европын Холбоо болон АНУ-ын Элчин сайдын яам “Амьсгалах эрх” төслийг санхүүжүүлж, “Гэр" төв, “Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)”, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” болон “People in need” төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн байна. “Амьсгалах эрх” төслийн хүрээнд хувь хүн агаарын бохирдолд хэр өртөж буйг “Air visual Pro” төхөөрөмжөөр хэмжих туршилтыг хийжээ.
Уг хэмжилтэд 15 настай ЕБС-ийн сурагч оролцсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Ар Хустайгаас, Чингэлтэй дүүргийн 24-р сургууль руу ирж, очих замын агаарын чанар, гэрийнх нь дотоод бохирдлыг 24 цагийн турш хэмжжээ. Уг судалгааг өнгөрсөн оны 12 сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл явуулсан байна. Уг судалгаанд оролцогч гэрээсээ сургууль хүртэл дунджаар 48 минутыг зарцуулдаг. Энэ хооронд агаарын чанарын индекс Монгол Улсын агаарын чанарын стандартаас 6.7 дахин бохирдолтой, агаарын чанарын индекс дунджаар 336 буюу дунд зэргийн бохирдолтой байжээ. Дөрвөн сарын дараа агаарын чанарын индекс 61 буюу хэвийн төвшинд хүрсэн ч Монгол Улсын стандартаас даруй 1.2 дахин их бохирдолтой гарчээ. Харин дотоод агаарын бохирдол гадна орчныхоос хамаагүй их байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тухайлбал, судалгаанд оролцогчийн гэр доторх агаар Монгол Улсын агаарын чанарын стандартаас 8.2 дахин их бохирдолтой байсан бөгөөд агаарын чанарын индекс нь дунджаар 414 буюу маш их бохирдолтой гарчээ. Дөрвөн сарын дараа дотоод орчны агаар чанарын стандартаас 3.8 дахин их, агаарын чанарын индекс нь дунджаар 190 буюу бага бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заажээ. Зөөврийн агаарын бохирдлыг хэмжих “Air visual Pro” төхөөрөмж нь Улаанбаатар хотын хамгийн өндөр бохирдолтой, агаарын хэмжилтийг хийх 11 суурин станц байдаггүй 40 газрын P.M2.5, PM10 тоосонцрын хэмжээг мэдээлэх юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр “Өглөө бүр тухайн өдрийн төлөвийг утсаараа шалгаж байж гардагтай адил "Air visual” аппликейшнаар хотын агаарын чанар, тоосжилтыг тогтмол шалгадаг болох юм шүү” гэх бодол төрж байлаа. Учир нь хэдий зун цаг ч энэ сарын 12-ны өдрийн агаарын чанарын үзүүлэлт Цамбагаравын орчим 155 гэж “Air visual” аппликейшн дээр тэмдэглэгджээ. Агаарын чанарын индексээр бохирдлын хэмжээ 101-250 байх нь “бага зэргийн бохирдолтой”-д тооцогдоно. Улбар шар өнгийн тэмдэглэгээтэй энэ үзүүлэлт нь хэт мэдрэг хүмүүс буюу зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хотын хаана амьдрахаас үл хамаарч агаарт агуулагдах тоосонцор, хүхэр, азотын давхар исэл нь зүрхний хэмнэл алдагдуулж, архаг бронхитийн явцыг хурдасгаж, астматай хүний уушгины үйл ажиллагаа алдагдах хүндрэлийг бий болгодог. Мөн эрүүл хүний амьсгалын замын өвчлөл авах тохиолдол агаарын бохирдлоос болж нэмэгдэж байна. Утааг цаашид дорвитой бууруулахгүй бол 2017-2024 оны хооронд 13000 хүн агаарын бохирдлоос үүдэн нас барах судалгааны дүн гарчээ. Улаанбаатарчууд өвөл цагт л “угаартлаа”, “боож үхлээ” хэмээн үглэж дуулахаас жилийн бусад үед сүрхий шуугих нь намжиж утааны асуудал усанд шидсэн чулуу шиг л замхардаг. Үндэсний статистикийн хорооны тайланд Улаанбаатар хотод нэг жилийн хугацаанд дунджаар 2000 хүүхэд амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэж байгаагаас 66.9 хувь нь агаарын бохирдлоос болдог гэсэн судалгаа гарсан байна. Агаарын бохирдол хүний биеийн амьсгалын, нөхөн үржихүйн, мэдрэлийн, зүрх судасны гэсэн дөрвөн тогтолцоонд хамгийн их нөлөөлдөг.

Зун цагт ч мөн Монгол Улсын хот, суурин газрын
агаарын бохирдлын нөхцөл байдал “бага зэргийн бохирдолтой” байна. Тиймээс жилийн дөрвөн улирал зогсолтгүй агаарын бохирдолтой тэмцэх санаачилга, уриалгыг дэвшүүлж, гарц гаргалгааг судлах шаардлагатай юм.
Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах 10 арга
Агаарын бохирдлоос өөрийн эрүүл мэндийг болон гэр бүлээ хамгаалахын тулд 10 энгийн алхмыг хийх шаардлагатай гэдгийг “Амьсгалах эрх” чөлөөт хэлэлцүүлгийг зохиогчид нийт оролцсон хүмүүст гурвантаа сануулсан. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд хийх зүйлсэд:
Шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвших
Хэт мэдрэг хүмүүс гадуур удаан хугацаагаар явахгүй байх (жирэмсэн эх, нялх бага насны хүүхдүүд, өндөр настай хүмүүс болон архаг хууч өвчтэй хүмүүс багтана)
Агаарын чанарын мэдээг тогтмол шалгах (Амьдарч буй орчныхоо агаарын чанарыг мэдсэнээр эрүүл мэндээ хамгаалах болон дотоод орчны агаарыг сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авна)
P.M2.5 тоосонцрыг шүүдэг Хепа шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ашиглах (мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар дотоод орчны бохирдол гадаад орчныхоос 2-5 дахин өндөр байдгийг баталсан. Дотоод орчны бохирдолд гадна агаар, нүүрс түлэх, тамхи татах, ахуйн цэвэрлэгээний бодис, чанаргүй барилгын материал нөлөөлдөг)
Гэр болон албан тасалгаандаа ургамал тарих (Гэр болон албан тасалгаанд тарихад тохиромжтой мөртлөө агаар цэвэршүүлдэг ургамалд удамбар, фикус, нарцаг, ногоодой, авиргана, нөмөргөнө гэх мэт ургамлууд ордог)
Хаалга цохныхоо дулаан алдагдлыг бууруулах (Цонх, хаалга болон дээврийг сайтар битүүмжлэх хэрэгтэй)
Гэр болон байшингийн дулаан алдагдлыг бууруулах (Байшингийн хананы дулаалга 10-15 см, хучилт нь 15-20 см, шалын дулаалга 5-15 см байх ёстой)
Стандартын шаардлага хангасан сайжруулсан зуух хэрэглэх (Энгийн зуухаа бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солих)
Сайжруулсан түлш ашиглах (Айл өрх, албан байгууллагууд нийтээрээ сайжруулсан түлш, зуух хэрэглэвэл агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах боломжтой )
Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор халаалтаа шийдэх (Гэр, амины сууцыг нар+төвийн цахилгаан хосолсон системээр халаахад ойролцоогоор 650 мянган тонн нүүрстөрөгчийн ислийн ялгарлыг бууруулна)
“Амьсгалах эрх” чөлөөт хэлэлцүүлгийн төгсгөл хэсэгт нийгмийн сүлжээнд олон дагагчидтай, олонд нөлөө бүхий таван эрхмийг урьж, сонирхолтой панел хэлэлцүүлэг хийв. “Утааны эсрэг өдөр тутамдаа бид хэрхэн тэмцэх боломжтой вэ” гэсэн асуултад хамгийн нухацтай хариулж чадсан хоёр панелистын хариултыг хүргэе.

Гэрэгэ Криетив Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх Захирал ГАРРЕТ ВИЛСОН: “Хэрэв энэ хэлэлцүүлэг цагийн хязгааргүй байсан бол би бүтэн өдөр утааны хор уршгийн талаар ярихад бэлэн байна. Би сүүлийн гурван жил “Вагнер Ази” автомашин борлуулдаг компанийн захирлаар ажиллаж байна. Ажиллаж буй хугацаандаа Америкийн худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн автомашины хорооны даргын албыг давхар эрхэлсэн. Монголын автомашины дистрибьютерийн ассоциацийн тэргүүлэх гишүүн байсны хувьд лоббидох (нөлөөлөл) ажлыг их хийдэг байлаа. Бидний лоббиддог байсан нэг юм нь Монгол Улсад Евро 2 түлшийг оруулж ирэхийг зогсоох байсан. Евро 2 түлшийг эдийн засгийн хувьд сул дорой Мьянмар зэрэг цөөн хэдэн хөгжлөөр тааруу Азийн орнууд л хэрэглэдэг. Евро 2 гэдэг нь түлшний шатлал буюу стандарт юм. Жилээс жилд ЕХ-ны улс орнууд, Хойд Америк гэх мэт олон улс автомашинаас ялгарах утаа, түүнд агуулагдах хорт бодисын хэмжээ бага хөдөлгүүр бүтээхэд анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр улсууд Евро 6 стандартын түлш хэрэглэдэг автомашин үйлдвэрлэж байна. Монголд орж ирж буй сүүлийн үеийн автомашинууд Евро 5 түлш хэрэглэх хөдөлгүүртэй байгаа ч түлш нь Евро 2 байгаа учраас ямар ч ялгаа алга. Хэрэв Евро 5 түлшийг оруулж ирвэл утаанд агуулагдах хорт бодисыг огцом бууруулна. Яагаад оруулдаггүй вэ гэвэл бензин борлуулдаг компаниудын шуналаас болж байна. Ердөө л ашгаа бодож байгаагаас өөр ямар ч шалтгаан байхгүй. Хэрэв “Магнай трейд”, “Петрус” гэх мэт компанид ажилладаг, таньдаг хүнтэй бол энэ тал дээр сайн шахаад өгөөрэй гэж уриалж байна” хэмээв. Нээрэн л автомашин нь илүү байгальд ээлтэй технологитой болон шинэчлэгдсэн ч тохирох стандартын түлшгүй бол ямар ч нэмэргүй юм.

Комеди Лаб клубийн комедиан Ч.ХАНТҮМЭН: “Комедиан хүний хувьд нийгэмд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалгая гэж уриалж л чадна. Идрээтэй адил компанийнхаа ядаж нэг ажилтны гэрийг бүрэн цахилгаан халаалттай болохыг зорьж байгаа. Мөн Блю Монглиа (Blue Mongolia) Монгол брэнд компанитай хамтран “Надад итгээрэй. Өвлийг мартаагүй биз дээ” гэсэн загвартай подволк гаргахаар болсон. Өвөл болохоор улстөрчид утааны асуудлаар ярьдаг учраас бага зэргийн элэглэл нэмж сануулах үүднээс подволк гаргах санаа төрсөн. Улирал дагж улс төрждөг сэдвүүд олон бий. Мөн “Өвөл болно. Өмхийг мартаагүй биз дээ” гэсэн загвартай подволк гаргахаар ажиллаж байна. Загвар дээр нь ажиллах шаардлагатай байгаа. Манай клубын хувьд нийгэмд чиглэсэн эдгээр ажлыг өөрсдийн чадах хэмжээнд сайн хийнэ” гэв.