Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Хоорондоо наалдах шахам барьсан барилгуудад СТАНДАРТ алга

Хоорондоо наалдах шахам барьсан барилгуудад СТАНДАРТ алга
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 13
Нийслэлийн талаас илүү хувь нь гэр хороололд аж төрдөг. Үүнээс улбаалан хөрсний бохирдол, утаанаас эхлээд олон асуудал үүснэ. Харин ганц шийдэл нь олон нийтийг орон сууцжуулах. Утаа, тоос, тортогноосоо салж л байвал гэсээр барьсан байгуулсан бүхий л барилга байгууламжийг хүлээж авсаар эцэс сүүлдээ СТАНДАРТ гэгчид нийцэх барилга үлдэхгүйд хүрээд буй.
Нийтийн хэлж заншсанаар 16-р хорооллын автобусны буудлаас цөөн метр явахад автомашины нэгдүгээр эгнээтэй залгаа шахуу орон сууцны барилга барьчихсан. Тухайн орон сууцны айлууд автомашины зогсоолгүй учир тэр орчмын автозам нэгдүгээр эгнээгээ зогсоол болгосон байдалтай байна. Иргэд машинаа автозам дээр байрлуулахаас өөр сонголтгүй. Нэг асуудал нөгөө асуудлын эх үүсвэр гэдэг шиг автозамын зорчих хэсэгт байрлуулсан машинаас болж хоёр эгнээ замын нэг нь тагларч, зүүн тийш, Шархад чиглэл рүү өдөр, шөнөгүй түгжрээ үүсч оршин суугчдаас гадна бусад иргэд ч давхар хохироно. Мөн барилгаа автозамтай тулган барьсан учир хүүхэд багачуудын гэр орчим аюултай бүс болж хувирчээ. Тус хэсэгт бага насны хүүхэд машинд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд байдаг аж.
Энэ талаар 40 орчим насны оршин суугч эмэгтэй “байраа анх авахдаа өөрсдийн сонголтоор авсан учир одоо олон зүйл тоочих боломж алга. Гарч, орохдоо хүүхдээ хөтөлж ихэвчлэн явдаг. Тэгэхгүй бол жоохон хүүхдүүд хөөцөлдөж гүйж байгаад зам руу орчих гээд байдаг. Бас нэгдүгээр эгнээнээс ихэвчлэн байр руугаа ордог учир машинаас буухад асуудал гарна. Заримдаа тортой, хайрцагтай зүйл барьж буухад шууд үсрээд буучихгүй учраас жолоочид бухимддаг ” хэмээв.
Жуковийн музейн орчимд очиход замын урд хэсэгт баригдсан орон сууцнуудаас нэг ижил төрх харагдана. Тэр нь барилга хоорондын зай хэт ойр. Тус орон сууцнууд хэдийнэ ашиглалтад орсныг харвал улсын комисс хүлээн авсан нь илэрхий.
Гэвч энэ нь барилгын норм дүрмийн 2.11-т орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг дөрвөөс дээш давхар бол 20 метрээс багагүй байна хэмээн заасныг зөрчиж байна. Харин зөрчиж буй уг заалтыг улсын комисс ихэнх барилга дээрээ нүдээ аньж өнгөрөөсөн үү. Угтаа нүд аниж, чимээгүй өнгөрөх байтугай чанга дуугарах асуудал гэдгийн баталгаа нь Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 76-р байр юм. Гурван жилийн өмнө тус байрны ард хэт ойр барилга баригдаж эхэлснээс хойш байрны сууринд гурван см-ийн хазайлт өгсөн байдаг. Барилгын суурь хамгийн бат, бөх байх атал хазайлт өгнө гэдэг иргэдийн эрүүл мэнд, аж амьдрал ч хазайхад бэлэнтэй агаар нэг. Үүний адилаар нийтийн тээвэрт зорчиж буй иргэд шиг нэгэнтэйгээ наалдан баригдсан барилгуудад уг асуудал тулгарах эрсдэлтэй байна.
Мөн барилгын хамгийн чухал нь зураг төсөл. Зөвшөөрөл олгогчид ч мөн адил зураг төслийг шалгаж зөвшөөрлөө олгодог. Гэтэл “нэгэнт авчихсан юм чинь” гэсэн шиг зурагт тусгагдсан хэсэгт тоглоомын талбай, зогсоол, орц, гарцгүй барилга олон бий. Тухайлбал, Нарны гүүрний зам дагуу барьж буй барилга нь замтай хошуу нийлүүлэх нь холгүй баригдаж байна. Мөн л барилгаас гарч замтай нүүр тулна. Энэ бүхэн нь эргэн осол аваар, аюулыг дагуулах юм. Улсын комисс барилгуудад шалгалтыг хийхэд ихэвчлэн барилгын ажил дутуу, норм стандартад нь нийцүүлээгүй, батлагдсан зураг төслөөс зөрүүтэй гүйцэтгэсэн хууль дүрэм зөрчсөн, бичиг баримт дутуу гэх олон шалтгаанаар шалгалтад бүдэрдэг аж.  Тухайн бүдэрсэн зүйлс дээр үүрэг даалгавар өгнө. Өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж комиссын гишүүдийн гарын үсгийг зуруулснаар Улсын комиссын дүгнэлт баталгаажиж, барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ авснаар цаашид ашиглах эрх үүсдэг аж. Гэтэл шаардлага хангахгүй барилга байгууламжийг хүлээн авахаас гадна Улсын комиссоор орохгүйгээр ашиглалтад орсон цөөнгүй барилга бий. Иймд Улсын комисс, холбогдох барилгууд барьсан хойно нь шалгалт хийж, стандартад нийцэхгүй барилга хүлээж авч байснаас баригдах зөвшөөрөл авсан цагаас нь эхэлж хяналтаа тавьж ажилламаар юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн