Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг дэлгэцийн бүтээлд ханцуй шамлан орсноосоо хойш гурав дахь киногоо олны хүртээл болгох гэж байна. Өмнө нь “Аав”, “Үргээлэг-2” киног үзэгчдэд хүргэж байсан түүний гурав дахь бүтээл нь “Яллагч”. Нийгмийн хар барааныг өгүүлэх тус киног 2016 онд ОХУ-д болсон бодит үйл явдлаас сэдэвлэжээ. Зургаан сарын хугацаанд бүтсэн уг уран бүтээл өнөөдрөөс кино театруудын дэлгэцээр гарч эхлэх бол маргааш албан ёсны нээлтээ хийх гэнэ. Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийг түр хүлээлгэлээ. Сонирхуулахад, тэрбээр киног найруулахаас гадна гол дүр болох Галтыг амилуулжээ.
-Таны киног үзэгчид багагүй хугацаанд хүлээлээ. Ямар ч байсан ээлжит уран бүтээлийнхээ ард гарсанд баяр хүргэе. Киноныхоо талаар товч мэдээлэл өгөх үү?
-Баярлалаа. ОХУ-д 2016 онд болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Андрей Каравайкин хэмээх залуу шүүхийн танхимд хутга нууж ороод охиныг нь хүчирхийлсэн хүн рүү шидэж хөнөөдөг юм. Учир нь, 14 настай охиныг танил тал ихтэй, мөнгөтэй хүн хүчирхийлсэн байдаг. Андрей Каравайкин энэ үйл явдлыг хуулиар шийдвэрлүүлэхээр шүүх, прокурор, давж заалдах шат хүртэл яваад эдгээр нь шударга бус юм байна гэдгийг мэдээд цөхөрсөн. Харин охин маш их хэмжээний эм хэрэглэж амиа хорлохыг оролдсон байдаг. Аав нь охиныхоо төлөө аргагүйн эрхэнд ийм хэрэг хийж, ял авдаг. Харин шоронд түүнийг хүндэтгэлтэй хүлээж авсан. Жирийн ард иргэд, сэтгүүлч, хуульчид түүний энэ үйлдлийг эергээр хардаг. Монголд хүчирхийлэл их гарах болсон тул энэ сэдвийг хөндөж, түүний бодит амьдралын түүхээс сэдэвлэн кино хийх санаа төрсөн. Кино зохиол хоёр сарын дотор бэлэн болж зургийг ч хоёр сарын хугацаанд авсан. Эвлүүлгээ ч мөн хоёр сарын хугацаанд хийлээ.
-Кино маш богино хугацаанд бүтжээ. Хэр чанартай, сонирхолтой байж чадах бол?
-Би хувьдаа бүтээлдээ сэтгэл хангалуун үлдлээ. Үзэгчид болон та бүхэн хэрхэн дүгнэхийг хэлж мэдэхгүй юм. Хүсвэл киногоо үзчихээд санаа бодлоо хуваалцаж болно шүү.
-Жүжигчин С.Болд-Эрдэнэ ихэвчлэн эерэг дүр бүтээдэг. Гэтэл энэ удаа яагаад эсрэг дүрд сонгох болов?
-Сөрөг талын дүр бүтээхэд жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. С.Болд-Эрдэнэ бол авьяаслаг, сайн жүжигчин. Тиймээс түүнийг сонгосон. Мөн тэр ихэвчлэн эерэг дүр бүтээдэг тул энэ удаад сөрөг дүрд тоглуулах нь сонирхолтой байна гэж бодсон. Боогий бид хоёр олон жил найзаллаа. Түүнтэй хамтран ажиллахад амар байдаг. Нэгнийгээ их сайн мэдэрдэг, ойлгодог. Тэр утгаараа найзыгаа сонгож санал тавихад дуртайяа зөвшөөрсөн.
-Хүчирхийллийг дэлгэцээр гаргаад байх нь зохимжгүй. Энэ хэсгийг кинонд хэрхэн дүрсэлсэн бэ?
-Кинонд хүчирхийлэл үйлдэж байгаа нэг ч дүрс гарахгүй. Эдгээр үйл явдлыг уран сайхны аргаар өгүүлнэ.
-Киногоор дамжуулан юу өгүүлэхийг зорьж байна вэ?
-Хүүхдийн хүмүүжил орхигдож, гэр бүлийн дотно харилцаа дутагдсаныг харуулах нь гол зорилго юм. Мөн сошиал орчныг хуулиар цэгцлэх цаг болсныг харуулна.