Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Украины сөрөг давшилт амжилт олохын хэрээр Оросын тал шийдэмгий хариу цохилт өгч болзошгүй

Украины сөрөг давшилт амжилт олохын хэрээр Оросын тал шийдэмгий хариу цохилт өгч болзошгүй
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 20
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны гол зорилго нь Донбассыг бүрэн хяналтдаа оруулах гэж мэдэгдсэн.
Улмаар Оросын арми Киевээс цэргээ татаж, өнгөрсөн долдугаар сарын эхээр Донбассын өмнөд хэсгийг эс тооцвол Луганск мужийг бүхэлд нь, Донецкийн дийлэнх хэсгийг хяналтдаа оруулаад байв.
Тэгвэл Украины Луганск мужийн захирагч Серхи Хайдай даваа гаригт тус улсын зэвсэгт хүч Билоривка тосгоныг эргүүлэн авч, бүрэн хяналт тогтоосон талаар мэдэгдлээ. Ийнхүү Украины арми Лисичанск хотын захад орших уг тосгоныг чөлөөлснөөр ОХУ Луганск мужид тогтоосон бүрэн хяналтаа алдсан байна.
Украины арми сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд сөрөг давшилтаа эрчимжүүлж, Оросын цэргийн хүч хил рүү ухарсаар байгаа юм.
Тухайлбал, Украины арми үндсэн дөрвөн чиглэлд сөрөг давшилт эхлүүлсэн. ОХУ-тай хил залгаа зүүн чиглэлд нийт 300 гаруй суурин газар тэр дундаа Оросын хяналтад 6 сар гаруй хугацаанд байсан Харьков, Изиум хотуудыг чөлөөлөөд байна. Харин Луганск, Донецк болон Хар тэнгисийн эрэг дагуух хойд хэсгийн Николаев муж гэх гурван чиглэлд сөрөг давшилт үргэлжилсээр байгаа юм. Одоогоор ОХУ-ын хяналтаас эргүүлэн авсан Украины газар нутгийн хэмжээ Уэльсийн газар нутгийн талтай тэнцэж байгаа аж.
Олон улсын дайны стратеги, тактикийн шинжээчид ОХУ цэргийн эрчимтэй давшилт явуулсан эхний хоёр сарыг Украины дайны эхний үе шат гэж тодорхойлдог. Тухайн үед, Киев, Харьков, Мариуполь, Херсон хотуудад томоохон тулалдаан болж, Оросын арми Киевээс бусад бүх хэсэгт хяналт тогтоосон.
Харин дараагийн дөрвөн сарын хугацаанд дайны хоёр дахь үе шат үргэлжилж, ОХУ эзэлсэн газар нутгаа бэхжүүлэх, хоёр тал харилцан цэргийн байршлуудад их буу, агаараас цохилт өгөх байдлаар дайн сунжирсан. АНУ-ын тагнуулын байгууллага энэ хугацаанд ОХУ-ын талаас 80 мянга гаруй цэрэг амь үрэгдэж, шархдсан гэж тооцсон. Энэ нь ЗХУ задрахад томоохон нөлөө үзүүлсэн Афганистаны дайны хохирлын хэмжээнээс өндөр тоо юм. Улмаар Оросын тал зуны турш замаар байлдааны хүчээ дахин сэлбэх үйл ажиллагаа явуулсан.
Тэгвэл наймдугаар сарын сүүлээр Украины сөрөг давшилт эхэлснээр дайн гурав дахь үе шатандаа шилжсэн гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Украины тал барууны орнуудын дэмжлэгээр зэвсэг, техник болон зэвсэгт хүчний чадавхиа сайжруулсан нь амжилттай давшилт явуулах боломжийг олгосон.
АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо төвтэй “Дайны судалгааны хүрээлэн”-гийн Оросын цэргийн шинжээч Мейсон Кларкийн үзэж байгаагаар Украины сөрөг давшилт эхлэх үед ОХУ-ын арми тактикийн хэд хэдэн том алдаа хийсэн байна. Тухайлбал, Украин Хар тэнгисийн дагуух стратегийн байрлал бүхий Херсон руу сөрөг давшилт хийх үед Оросын тал зүүн хэсэгт байсан тушрлагатай цэргийн хүчээ тийш илгээсэн. Улмаар Украины арми үндсэн хүчээрээ Оросын хүч суларсан зүүн зүг рүү сөрөг давшилт хийж амжилт олсон аж.
Хамгийн чухал нь, Украины тал Оросын цэргийн хангамж төвлөрч байсан Изиум хотыг эзэлж, цэргийн хангамж тээврийн гол зангилаа болж байсан төмөр замын гол зангилаа бүхий Купянскийг эргүүлэн авсан нь том давуу тал болжээ. Тиймээс Украины арми цаашид Оросын хангамжийг таслах, бүслэх байдлаар давшилтаа үргэлжүүлнэ гэж шинжээчид тооцож байна.
Харин улс төр судлаачид хэрэв Оросын тал энэ байдлаараа ухарсаар дайнд ялагдсан тохиолдолд Владимир Путины дэглэм нурж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс цэргийн шинжээчид Украины давжилт амжилт олохын хэрээр ОХУ-ын зүгээс шийдэмгий сөрөг цохилт өгч болзошгүй. Хэрэв Оросын тал тактикийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд дайн бүхэлдээ бүс нутаг, дэлхийг хамарсан дайн болж болзошгүй гэж дүгнэж байгаа юм.
Тэгвэл Украины Батлан хамгаалах яам даваа гаригт ОХУ-ын тал Николаев муж дахь “Пивденнукраинск” цөмийн эрчим хүчий станцад цөхөл өгсөн талаар мэдээлээд байна. Укаины талыын албаны мэдээллээр цөмийн реакторт ямар нэгэн гэмтэл учраагүй аж.
Эх сурвалж: VOX, The Guardian, Reuters
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн