Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Б.Ренчинханд: Хүүхдэд унтахын өмнө халуун аарц, чацаргана уулгах нь ханиалгыг  хүндрүүлдэг

Б.Ренчинханд: Хүүхдэд унтахын өмнө халуун аарц, чацаргана уулгах нь ханиалгыг  хүндрүүлдэг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 30
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, хүүхэд, өсвөр үеийн ерөнхий зохицуулагч Б.Ренчинхандтай ярилцлаа.
-Танай эмнэлэгт хэдэн насны хүүхдүүд ханиад томуугаар өвчин үйлчлүүлж байна?
-Манай эмнэлэг 0-16 насны хүүхдэд  эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрээс 0-4 насны хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь элбэг байдаг юм. Яагаад гэвэл, энэ насны хүүхдүүд дархлаа бүрэн хөгжөөгүй, өвчлөмтгий байдаг.
-Ханиадны шилж тэмдэг давхар өөр өөр хэлбэрийн өвчлөл дагуулж илрэх тохиолдол бий. Тэгвэл энэ жил ханиад томуу ямар хэлбэрээр илэрч байна вэ?
-Ер нь бол жил бүрийн ханиад томууны хэлбэр төстэй байдаг. Яагаад гэвэл үүсгэгч нь адилхан. Агаарт байгаа 200 вирусийг А, В, С гэсэн гурван хүрээгээр ангилдаг. Тэгвэл энэ жил А, В хүрээний ханиад хамт илрэх болсон байна. А хүрээ гэдэг нь өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, бөөлжих гэх мэт шинж тэмдэгтэй.  Харин В хүрээ нь эдгээр шинж тэмдгүүд маш хүнд байдлаар илрэхийг хэлдэг. Жишээлбэл, 39-40 хэм халуурч, хэт халуурснаас болоод татах, бөөлжих, шингэн алдах гэсэн онцлогтой илэрч байна. Мөн хүүхэд нэг сараас илүү хугацаагаар ханиалгаад байдаг. Гэтэл манай эцэг, эхчүүд ханиалгах зовуурыг тоолгүй орхиж, халуун нь буурчихсан л бол сургууль, цэцэрлэгт нь явуулснаар хүүхдийн ханиад хүндэрч боронхит, хатгаа болох эхлэлийг тавьчихдаг. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх улирлын вакцин А, В хүрээний ханиаднаас хамгаалдаг. Одоо дүүргүүд болон ХӨСҮТ-д сайн дурын вакцинжуулалт 15000 төгрөгөөр хийгдэж байгаа.
-Эмнэлгийн ачаалал хэр их байна вэ?
-Ачаалал одоогийн байдлаар тогтворжсон байна. Аравдугаар сарын 10-наас хойш  80 хүүхдийн ортой манай эмнэлгийн ор дүүрч, 85 хүүхдийг хэвтэн эмчилсэн. Харин нэг өдөрт үзлэгээр 35-160 хүүхэд үзэж байсан.
-Эцэг, эхчүүд хүүхэд ханиалгаад нус нь гоожоод хэлэхээр эмийн сангаас дураараа эм аваад өгчихдөг. Энэ нь тухайн хүүхдийн бие физиологийн онцлогт хэрхэн нөлөөлдөг бол?
-Эцэг, эхчүүд эмчид хандахгүйгээр таамгаар эмчилгээ хийх нь хүүхдийн ханиад хүндрэх, цаг хугацаа алдах, ямар нэг эмэнд дасал болдог. Энэ нь нэг уусан эмийг цаг хугацаа, хэмжээний хувьд тогтворгүй өгөх нь тухайн эмэнд ханиад нь дарагдахгүй болгочихдог. Хүүхдээ ойр ойрхон өвчлөөд байнаа гэж хэлээд байдаг нь ханиад томууг дутуу эмчилснээс болдог. Мөн бага насны хүүхдийн бөөрний үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг учир дураараа эм авах нь харшил өгөх, хүндрэл үүсэх, арьс хуурах гэх мэт сөрөг үр дүнг авчирна. Харшламтгай хүүхдэд сиропон эм өгч болохгүй. Таблетик, сиропин эм шиг чихэрлэг биш байдлаар савласан эм өгвөл зүгээр.
-Эцэг, эхчүүд хүүхэд ханиад томуу хүрэх нь гол эх үүсвэр болдог гэдэг. Гэтэл тэд өөрсдөө ханиад хүрсэн дариудаа эмнэлэгт хандахыг хүсдэггүй?
-Насанд хүрэгчид дунд бактери, вирус тээгчид их байдаг. Жишээ нь, амнаас нь эвгүй үнэр гардаг, хоолой нь байн, байн өвддөг хүн хоолойны артацын шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээ өгөхгүй хүн гэртээ орж ирээд хоолойгоо сул давсны уусмал, соданы уусмал, жамц давсны уусмал, харшил өгдөггүй бол царвангийн уусмал, оотой усаар хоолойгоо зайлах хэрэгтэй юм. Бас нэг зүйлийг сануулж хэлэхэд ханиадтай зэрэгцэн менингокийн буюу цахилгаан менингитын халдвар хоёр удаа илэрсэн байна. Хэдий ганц, хоёрхон хүүхдэд илэрсэн ч амьсгалын замаар дамжих учир эцэг, эхүүд анхаарал, болгоомжтой байх ёстой. Цахилгаан менингитийн хоёр удаагийн тохиолдол эмнэлэгт шууд үзүүлж, яаралтай арга хэмжээ авсан учир хүүхдийн амь эрсэдсэнгүй. Энэ оны эхэнд манай дүүрэгт гэртээ байж байгаад өвчилсөн хүүхэд нас барьсан тохиолдол гарсан. Цахилгаан менингит томуутой адилхан шинж тэмдгээр илэрдэг. Ингэхдээ өндөр халуурах, чичрэх, бөөлжих байдлаар илэрнэ. Гэтэл энэ шинж тэмдгийг ханиад гэж болсон эцэг, эхчүүд халууны эм уулгаад орхичихдог. Тэгээд хүндэрсэн буюу өндөр халуурч, толгойгоо даахгүй болж, биеэр нь цусан улаан тууралт гарсан үед эмнэлэгт ханддаг. Тууралт хөл, гар бөгснөөс эхэлнэ.  Цахилгаан менингит гарах магадлалтай үе 10-3 дугаар сарын хооронд байдаг. Ханиад томуутай давхацдаг учир таамгаар эмчилж болохгүй. 
-Нэгдүгээр шатлалын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх өрхийн эмч нарын хяналт ямар байх шиг санагддаг вэ?
-Өрхийн эмнэлгийн эмч нарын эргэлт муу байна. Яагаад гэвэл нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй шууд эмнэлэгт ирдэг. Өрхийн эмч нар хүүхдийг 1-2 сартай үед очиж үздэг. Түүнээс хойш ирж үзүүлэх ёстой гэдэг юм билээ. Томуугийн улирлын үед өрхийн эмч нарын эргэлт сайн байвал хүүхдийн өвчин хүндрэхээс өмнө таслан зогсоох, зөвлөгөө, эмчилгээ өгөх нь нэн чухал. Мөн эцэг, эхчүүд фэйсбүүкийн группээс эмчилгээний заавар авдаг болсон байна. Ардын арга барилыг бие биенээсээ сонсож хэрэгжүүлж болох л байх. Гэвч эмнэлгийн эмчилгээг хувь хүн хэн нэгэнд заах нь зохисгүй. Хүн хүний онцлог өөр учир хүүхдэд тань ямар эм тохирдог болохыг эмчээс л асуух хэрэгтэй. Үүнийг эцэг, эхчүүд бас л буруугаар ойлгоод байгаа. Улсын эмнэлэгт үзүүлээд зүгээр болохгүй бол хувийн эмнэлэгт үзүүлдэг. Нэг эмчдээ давтан үзүүлэх хугацаанд нь үзүүлээд байх юм бол тухайн эмч тохирох эм бэлдмэлийг сонгож, өвчнийг бүрэн эмчлэхэд тусалдаг юм шүү дээ. 
-Хүүхдүүд болон томчууд ойр ойрхон ханиад томуу хүрч, хоолой өвдөхийг  энгийн үзэгдэл мэт ойлгодог. Гэхдээ ханиад томууг дулааны улиралд ч  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, суурь эмчилгээ хийх ёстой байх?
-Эрүүл мэндийн яам, байгууллагууд 5-10 дугаар сар хүртэл томуу хүрэхгүй байх, томуугийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд явуулдаг. Ингэхдээ 5-6 дугаар сарын үед хүүхдийн дархлааг сайжруулах аргыг зорилтод бүлгийн иргэдэд зааж, зөвлөдөг. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ нар, ус, агаараар чийрэгжүүлэх ёстой юм. Агаарт гарах нь тархинд хүчилтөрөгч өгөх, уушги цэвэрлэдэг. Нэн ялангуяа голын эрэг орчмын чийгшилтэй агаарт өгсөж, уруудах нь уушги муутай, ханиалгадаг хүмүүсийг эмчилнэ. Мөн элс болон шүүдэр дээр хөлөөрөө гишгэх хэрэгтэй. Ингэхдээ бага багаар дасгаж гишгэх нь элсний халуунаар энерги, шүүдрийн дуслаар чийрэгжих юм. Бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хүүхдийг наранд гаргахдаа 10-12 цагт арьсыг нь улайх хүртэл нь байлгаж гэмээн Д витамин авдаг юм. Д витамин дутагдах л юм бол дархлаа муудах гол үүсвэр болчихдог. Тэгэхээр Д витаминыг урьдчилан сэргийлэх цаг хугацаанд өгөх юм бол эмчилгээнд орохгүй. Эмчилгээний журмаар Д витамин авах ёстой болбол эмчид хандан эмчилгээний дозоор хэрэглэх хэрэгтэй.  Мөн хүүхдэд халуун аарц, чацарганыг унтахын өмнө уулгах нь ханиалгах хүндрэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс  үд дунд амин дэмтэй бүтээгдэхүүнээ  зөв хэрэглэх хэрэгтэй байна. Хар цай, ясны шөл, далайн давстай ус гэх мэт сувилалд хэвтэж эмчлүүлэх аргыг гэртээ хийж эрүүлжих боломжтой байдаг. 
-Тэгвэл яг одоо ханиад хүрсэн, хүйтний улирал эхэлж томуугийн дэгдэлт ихэссэн энэ үед хүүхэд, насанд хүрэгчид ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Зуны цагт нар усаар чийрэгжсэн бол намар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хэд хэдэн эм уувал зүгээр. Севтолин, Пороза, Бронкомонал, Имэоновис гэх мэт эмийг эмчийн зөвшөөрлөөр хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл, Бронкомонал гэхэд 8-10 дугаар сард тус тус 10 хоног уух ёстой байдаг. Мөн энэ үед чанартай, илчлэг ихтэй халуун хоол өгч, зохистой хувцаслах ёстой. Бага насны хүүхдийг өдөрт 4-5 удаа хооллох ёстой гэдэг. Энэ нь өглөө, өдөр, орой халуун хоол өгөөд бусад тохиолдолд хуурай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ идэж болно. Мөн насанд нь тохирсон В, Д, А болон тэдгээрийн холимог мульти витамин өгөх хэрэгтэй. 
-Эмийн санд байгаа витаминуудыг харахад зарим нь чихэр шиг резинэн эмүүд байх болж. Энэ нь сайн уу, муу юу?
-Зарим шүдний эмч резинэн, зажилдаг эмийг шүд цоороход нөлөөлнө гэж үздэг юм билээ. Гэхдээ олон улсад хүүхдийн вакцин, витамин, эмийг хоол, хүнсний бүтээгдэхүүн байдлаар хийх зорилготой ажиллаж байгаа. Тиймээс таарч тохирох л юм бол хэрэглэх нь буруудахгүй. Ургамлын харшилтай бол тавлетикан витамин, бусад хүүхдэд сиропон витамин хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ дархлааны эм, витаминыг ууж хэрэглэхдээ тодорхой хугацаанд л хэрэглэх ёстой юм.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч: Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн