Монголын бүжгийн урлагт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүн бол хэдхэн хоногийн өмнө ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан Думжаагийн Нанжид гуай юм. Тэртээ 1969 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааснаас хойш тэр бараг 50 жилийн дараа ардын жүжигчин болж байгаа нь энэ. Түүнийг энэхүү шагналыг хүртэхэд шавь нараас нь эхлээд үндэсний бүжиг, бий-биелгээг хөгжүүлэхэд хүчин зүтгэж яваа олон хүн баярласан билээ. Монгол бүжгийн “хатан эх” хэмээн олноо өргөмжлөгдсөн Д.Нанжид гуай өдгөө 88 насыг зоогложээ. Сар шинийн босгон дээр ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан “хатан эх” Д.Нанжидтай ярилцлаа.
-Сар шинийн босгон дээр ардын жүжигчин цол хүртлээ. Монгол түмний уламжлалт баярын өмнө ийм сайхан мэдээ сонсоод хэр догдлов. Шагналаа гардах мөчид юу бодогдож байх юм?
-Мэдээж баярлалгүй яах вэ, төр түмний минь буян, СУИС-ийн хамт олны минь буян, хайрт шавь нарынхаа буянаар энэ шагналыг авсан байх. Би ч олон төрийн нүүр үзлээ. Энэ төр л намайг үнэллээ. Гэхдээ би 20 наснаас өдийг хүртэл МАХН одоогийн МАН-даа үнэнч яваа. Бид нарын хүмүүжил тийм ч байсан. Хүн амьдралдаа олон зүйл үзэх юм. Олон түмний хэл амны буян юм уу, намдаа үнэнч явсны буян юм уу. Сү.Батболд надад нэг өрөө байр өгч билээ. Одоог хүртэл Сү.Батболдод баярлаж, ажил үйлс нь бүтэмжтэй байгаарай гэж эмээ нь залбирч явдаг шүү.
-Бүжгийн урлаг, тэр тусмаа үндэсний ардын бүжигчин болоход хэн нөлөөлсөн бэ. Дурсамжаасаа сөхөн яривал юун тухай ярих вэ?
-Би Дэлгэрхаан уулын хошуу Дархинт харуул, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Ариг ус гэдэг газар төрсөн хүн байгаа юм. Бага байхдаа нутгийн Чойр зайрны бөөлөхийг сонирхон харж намба төрхийг нь ажиглаж, Уйлган голын урианхай, халх, буриад айлуудын найр наадам дээрээ найган ганхах, дэвхцэн цовхчихыг харж, ээжийгээ даган Даян дээрхийн хүрээний цам үзэж, түүний дүр төрх, хөдөлгөөнийг харж хонины бэлчээр дээрээ тэдгээрийг дуурайн хийдэг байв. Намайг бага сургуульд байхад олон талын авьяастай нэг багш байсан юм. Тэр багш намайг биеийн тамирын хичээл дээр овоолго хийлгээд дээр нь гарч дасгал хөдөлгөөн хийхийг зааж сургадаг байлаа. 1945 оны зун Хатгал тосгонд Улсын эстрад концертын товчооных ирж тоглолт хийхэд миний амьдралд цоо шинэ зам, шинэ ертөнц, миний нүдийг нээж өгсөн. Хатгалын ноосны үйлдвэрийн клубийн Содном багш надад орос усан цэргийн бүжиг зааж өгсөн юм. Би тэр бүжгийг бүжиглэх их дуртай байж билээ. Энэ бүжгээ тэр уран бүтээлчдэд бүжиглэж үзүүлэх боломж олдсон. Тэгээд бүжгээ шалгуултал намайг “Бүжигчин болох хүүхэд байна” гээд Улаанбаатар авч явсан. Танихгүй хүмүүсийг дагаад Улаанбаатар хот явах гэдэг нэг талаараа сайхан ч нөгөө талаараа өнчин өрөөсөн олон ах эгч дүү нартай минь үлдэж байгаа ижийгээ их өрөвдөж билээ. Гэвч сэтгэл шулуудаж, дөнгөж 15 нас хүрч байсан байх Эстрад концертын товчооны уртын дуучин Бүдээ гэгч сайхан сэтгэлтэй эмэгтэйн гэрт амьдарч, тус товчооны бүжигчин болсон юм. 70 гаруй жил бүжгийн урлагтай амьдралаа холбох эхлэл энд тавигдсан даа. Бүжигчин болоход анхны А үсэг зааж, ардын бүжигтэй амьдралаа холбох замыг минь сонгож, бүжиглэх ур чадвар олгож өгсөн хамгийн хайртай хүндэт багш бол Я.В. Романовский агсан билээ. Багш маань л намайг “Ардын бүжиг-чин болоорой” гэж захисан юм.
-Таны залуу насанд бүжигчин болно гэдэг хэр хүнд ажил байв. Мэргэжлийн сургууль соёл байсан уу?
-1946 оны нэгдүгээр сард бүжгийн анхны хичээлийг 10 гаруй хүнтэй эхэлж байлаа. Тэр үеийн “Бөмбөгөр ногоон” театрын танхимд Романовский багш бүжгийн хичээлээ эхэлсэн юм. Багш маань сонгодог бүжгийн дасгал заана. Дасгал голдуу балетын шаахай өмсөж хуруун дээрээ хийдэг байсан юм. Эхлээд мэдэхгүй хөлийн хуруу цэврүүтэж улайгаад л дасгал хийхэд их хэцүү байж билээ. Арга ч үгүй биз. Бид чинь хөлийнхөө өлмийг юмаар ороож балетын шаахайгаа өмсөхөө мэдэхгүй шүү дээ. /Инээв/ Энэ бол мартахын аргагүй дурсгалт мөч юм. Бүжиглэх сэтгэлзүйн ухаанд сургасан нь С.Лувсангомбо багш. Дэглэх дэг зохиомжийн уран чадвар, хатуу ёс зарчимд суралцахад минь сургааль хайрласан нь Ц.Сэвжид багш билээ. Энэ гурван багш бол миний бурхан юм. 1946-1948 онд Хөгжимт драмын театрын дэргэдэх уран сайхны сургуульд мэргэжлийн бүжгийн ангийг төгсөөд Улсын эстрад концертын товчоондоо бүжигчнээр очсон доо.
-Таны олон шавь өдгөө Монголын үндэсний бүжгийн урлагийг тодорхойлж байна. Өнөөгийн бүжгийн урлагийн хөгжил ямар түвшинд очив. Таныг ид бүжиглэж байхад хангамж, орчин нөхцөл хэр байв?
-1992 оноос эхлэн Монголд анх удаа бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн эхэлсэн үе. Энэ 25 жил урт хугацаа биш боловч олон арван бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэлээ. Сонгодог бүжиг бол 300 гаруй жилийн түүхтэй. Харин монгол бүжиг бол Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн боловч тайзны урлаг болтлоо хөгжиж ирсэн нь хагас зуун жилийн түүхтэй юм. Хөгжмийн урлаг, яруу найргийн урлаг, киноны урлаг нь янз бүрийн том уралдаан зохион байгуулдаг учраас өрсөлдөөн ихтэй, түүгээрээ хурдацтай хөгждөөд байх шиг. Харин бүжгийн урлаг арай хоцронгуй байна уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ миний шавь нар өөрийнхөө хэмжээнд гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцоод амжилт гаргаад явж байгаад нь би баярлаж явдаг. Шавь нараараа үргэлж бахархсаар ирсэн. Цаашдаа ч бахархана.
-Та тайзан дээр гараад бүжгээ бүжиглэхдээ юу мэдэрдэг вэ. Тэр мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?
-Тайзан дээрээ бүжиглэх сайхан шүү. Бүжиглэхдээ сэтгэлээсээ хийх дуртай. Үнэн зүрхнээсээ хийсний дараа үзэгчдийн нижигнэсэн алга ташилт ч сайхан байдаг. Мэдрэмж гэдэг маш том ойлголт, тэр тусмаа бүжиг дэглээчийнхээ хэлэх гээд байгаа тэр мэдрэмжийг өөрийн биеэр илэрхийлнэ гэдэг бүр том мэдрэмж байдаг байх.
-Хорвоод хүн төрөхдөө өөр өөрийн өгөгдөлтэй төрдөг гэж ярьдаг. Таны өгөгдөл бол ард түмнээ алдар цуутай бүжгээрээ баясаан тэтгэх байжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Таны асуулт сонин, сайхан асуулт байна. Бүжигчин, бүжиг дэглээч гэхээсээ илүү Монголын бүжгийн урлагт 70 жил зүтгэсний гол зорилго нь эрт үеэс уламжлагдаж ирсэн Бий биелгээг судалж, түүнийгээ хойч үедээ үлдээх нь миний нэг том зорилго юм.
-Таныг 70 гаруй жил энэ урлагт үнэнч зүтгэхэд ханийн тань нөмөр нөөлөг их байсан болов уу. Орон нутгаар тойрон тоглолтоор явахаас эхлээд урлагийн хүн цаг зав муутай. Тэр бүгдэд таныг гэр бүлийн хүн тань хэр дэмждэг байв?
-Тийм шүү. Миний хань Г.Доржпалам маань бас л бүжигчин. Бид хамтдаа бүжиглэдэг байсан юм. 1950 онд Урлагийн сургуулийн бүжиг ангийг төгсөөд Ардын дуу танцны ансамбль байгуулахад мэргэжлийн цөөн тооны бүжигчний нэг, бүжигчний ярвигтай хэцүү хөдөлмөрт тэр 15 жил ажиллажээ. Тэр хугацаандаа хэд хэдэн бүжиг дэглэсэн байдаг. “Казах” бүжиг, “Дашмагт”, “Сарлагтай хүү”, “Дудар” бүжиг, “Хултай хотон” гэх мэт бүжиг зохиож монгол бүжгийн урын санд багтсан. Сайн уран бүтээлч байлаа. 1971 онд Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцаж төгсөөд найруулагчийн дээд мэргэжилтэй болж Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран сайхны удирдагчаар 1972-1974 онд томилогдон ажилласан юм. Улмаар Кино үйлдвэрт олон жил ажиллахдаа “Мартагдашгүй намар”, “Сүхболдын яриа”, “Хонины найр” зэрэг олон арван уран сайхны болон баримтат кинонд туслах найруулагчаар ажилласан. Адилхан уран бүтээлч болохоор нэгнээ маш сайн ойлгоно. Тиймдээ ч би Монголын бүжгийн урлагт, миний хань Доржпалам кино урлагт тодорхой хувь нэмрээ оруулж чадсан юм. Ямар ч байсан урлагт нэлээд үнэтэй хувь нэмэр оруулсан гэр бүл гэж боддог шүү.
-Таны хамгийн их баярлаж байсан үе. Бас хамгийн ихээр гуниглаж байсан үе хэзээ тохиож байсан бэ?
-1969 онд ид бүжиглэж байх үедээ Ю.Цэдэнбал даргаасаа БНМАУ-ын гавьяат жүжигчин цол тэмдгээ авсандаа маш их баярлаж билээ. Энэ их нөр их хөдөлмөр зүтгэл, зовлон жаргалаа хамтран үүрч, амьдралын төлөө байсан ханийгаа алдах үед л их ганцаардсан даа...
-Урлагийн ажлын айл гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж, үр хүүхдээ өсгөнө гэдэг амаргүй л байсан байх. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг байсан бэ. Та хэчнээн хүүхэдтэй вэ?
-Хөдөө орон нутгаар, гадаад дотоодгүй тоглолтоор их явна. Тэр үед МАХН-ын их хуралд зориулсан тоглолтууд их болдог байлаа. Өглөөнөөс орой хүртэл гэртээ үзэгдэхгүй, том охин Оюунчимэг маань л дүү нараа харж асарч цэцэрлэгт нь хүргэж өгч авна, өөрөө сургуульдаа явна. Заримдаа ээж минь харна. Хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа ордог үе байлаа. Зарим үед нэг хүүхдээ ээж дээрээ, нөгөө хүүхдээ ажилдаа ээлжлээд л авч явна. Ер нь бол аль болохоор нь зохицуулж амьдарч байжээ. Нэгэнт урлагийн замыг сонгосон учраас өөр арга байхгүй. Ингэлээ гээд миний хүүхдүүд юугаар ч дутаагүй өссөн.
-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөж авсан, эсвэл урлагийн хүн болсон уу?
-“Бүжигчин хүн өөрөө бүжигт дуртай л биш бол маш хэцүү ажлын нэг, мэргэжилдээ сонирхолтой дуртай хүнд бол бүжигчин шиг сайхан мэргэжил ховор гэмээр...” гэж хань минь ярьдаг байв. Тиймдээ ч би хүүхдүүддээ өвлүүлээгүй ээ, хэцүү шүү дээ. Харин зээ маань бүжиглэх дуртай, түүнд бүжиглэх намба байгаа юм. Эмээгийнхээ тайлан тоглолтод таван настай байхдаа бүжиглэсэн юм.
-Таны дэглэсэн “Ботгон тэшээ” гэж алдартай бүжиг байна. Хэрхэн дэглэж байсан талаар таны шавь Д.Энхгэрэл гавьяатаас сонсч байсан юм. Та өөрөө нэг эргээд дурсвал?
-“Ботгон тэшээ” бүжгийг дэглэх гээд говийн айлд очиж үйл хөдлөл, гаргаж байгаа занг нь судална. Нэлээд судалгаа хийсний үндсэн дээр бий болсон. Гавьяат жүжигчин, морин хуурч Б.Идэрбат аяыг нь хийж, миний бие дэглэж байсан ийм бүжиг. Энэ үед төр засгаас маш их дэмждэг, санхүүгийн асуудлыг шийдэж өгдөг байсан учраас бүхий л сэтгэлээ зориулсан даа. Тиймдээ ч одоо болтол бүжгийн урлагт дуртай хүмүүсийн дунд мартагдаагүй яваа юм болов уу. Өөрөөрөө бахархмаар ч юм шиг. /инээв/. Ер нь зөвхөн “Ботгон тэшээ” ч биш тэр үеийн бүтээлүүд маш сайн чанартай, чансаатай гардаг байж. Одоо болтол үнэ цэнээ алдаагүй байгаа нь үүний илрэл юм. Бүх зүйлээр хангаж, төрөөс бодлогоор дэмжиж байсан учраас тэр юм. Ийм байхад баярлахаас ч яах билээ.
-Шавь нар одоо таниас зөвлөгөө авдаг уу. Багштайгаа байнга л холбоотой байдаг гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Байнга л ирнэ, зөвлөгөө авна. Уран бүтээлээ ярина. Санал бодлоо хуваалцана. Эмээгийнх нь чих одоо хатуу болоод байгаа болохоор дандаа ирж уулздаг юм. Өвөр Монголоос хүртэл шавь нар маань хүртэл ирж уулздаг шүү.
-Хувь тавилан гэж бурханаас өгсөн өгөгдөл үү. Эсвэл хувь тавилангаа хүн өөрөө бүтээдэг юм уу?
-Хүн өөрөө хувь тавилангаа бүтээдэг байх аа. Би тэгж боддог юм. Миний хувь тавиланг хэн ч зохиож чадахгүй, тийм боломж ч байхгүй. Бурханы зурсан зургаар явж байгаа мэт боловч гол зураач нь би, бид өөрсдөө байх ёстой юм.
-Орчин үеийн залуус “цаг хугацааг ухрааж болдог бол” гээд л ярьдаг. Таниас бас үүнийг асуумаар санагдлаа. Хэрвээ цаг ухрааж болдогсон бол та аль үедээ очиж, юуг засч залруулж, юуг хийж бүтээхийг хүсч байна вэ?
-Цаг хугацааг хэзээ ч ухрааж болдоггүй юм. Тийм учраас тухайн цаг хугацаандаа алдаа гаргахгүй хичээж амьдар. Алдаа гаргалаа гэхэд аль болох бага алдахыг хичээ.
Эх сурвалж: Үндсэний шуудан сонин, Б.Мөнхзул