Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

АТГ-аас дараах том хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналаа хүргүүлжээ

АТГ-аас дараах том хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналаа хүргүүлжээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 11
Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргүүд, энэ онд тус байгууллагаас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлд авсан арга хэмжээний тухай талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын ахлах комиссар Г.Баярхүү танилцуулав.
Дэлхийн улс орнуудын жишгийг харахад, авлигатай тэмцэхийн тулд нийтийн албан тушаалтан, төрийн албан хаагчид руу чиглэсэн үйл ажиллагааг иргэдийн оролцоотой хянаж, авлигаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажилласан гэдгийг АТГ-ынхан онцоллоо. Энэ хүрээнд иргэдийг чадваржуулахаар энэ оны аравдугаар сарын 16-аас 21 аймагт зөвлөгөө, уулзалт зохион байгуулах, зарим байгууллагад өгсөн зөвлөмжийн биелэлтэй танилцах ажлыг эхлүүлсэн байна. Мөн Нээлттэй нийгэм форумтой хамтран opendata.lab.mn  сайт, 110 утасны дугаарыг ажиллуулж эхэлжээ.  
Авлига тэмцэх газар энэ оны аравдугаар сарын байдлаар нийт  326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө оруулалтын мэдүүлгийг шалгаж хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тодруулбал, сануулга авсан дөрвөн албан тушаалтан, 21 хүнд албан тушаалын цалин бууруулах, найман албан тушаалтныг ажлаас халах хариуцлага тооцуулсан.
Авлигын гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгуулахаар хандсан 631 гомдлыг хянаж, 37 албан тушаалтанд зөрчил арилгах хариуцлага тооцжээ. Мөн зөрчил гараагүй ч тодорхой хэмжээнд эрсдэлтэй байх магадлалтай гэж үзсэн 46 байгууллагад АТГ-аас зөвлөмж хүргүүлжээ. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл долоон албан тушаалтанд сануулах, 23 хүнд албан тушаалын цалин бууруулах, дөрвөн албан тушаалтанд албан тушаал бууруулах, гурван албан тушаалтыг ажлаас халах арга хэмжээ авсан.
Нийтийн албанд нэр дэвшсэн 7727 этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ирүүлжээ. Үүнээс 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцааж, 26 нэр дэвшигчийг илт албан тушаалын зөрчил гаргасан гэж үзсэн.  
Эхний арван сарын байдлаар  нийт хэрэгт холбогдсон этгээдийн 47 нь улс төрийн, 83 нь төрийн захиргааны, 105 төрийн тусгай, 35 төрийн үйлчилгээний, 51 төрийн болон орон нутгийн аж ахуй нэгжийн албан тушаалтан, 122 нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эзэлж байгаа аж.  Энэ хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн аж. Авлигын гэмт хэрэг нэмэгдсэн учраас хохирол нэмэгдсэн гэж ойлгож болохгүй. Нийт хохирлын дийлэх хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Жастын Батхүү гишүүнтэй холбоотой хэргийн хохирлын хэмжээ их байсан нь нөлөөлж байгааг комиссар Г.Баярхүү тайлбарласан.
Олны анхаарал татсан удаан хугацаагаар шалгаж байсан хэргүүдийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал,  Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд  Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай холбоотой хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон  ЖДҮ-ийг дэмжих сангийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг, Салхитын мөнгөний хэрэгтэй холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.   Мөн сүүлийн үед шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа  Зам тээврийн хөгжлийн сайд асан Ганбат, тухайн яамны газрын дарга Доржханд, ЭМДЕГ-ын дарга Алтанхуяг, Дулааны цахилгаан станц 2 төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Бямбахүү нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд хянаж дуусгаад шүүхийн шатанд шилжүүлсэн гэдгийг мэдээллээ.
Дараа нь АТГ-ын ахлах комиссар Г.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Мөрийтэй тоглож байсан хоёр гишүүний асуудлыг шалгаж байгаа болов уу?
-Мөрийтэй тоглосон асуудал нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэнэ. Тиймээс манай байгууллагад шалгагдахгүй.
-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал ямар шатанд яваа вэ?
-Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, нэхэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ асуудлыг сүүлийн 2009-2019 он хүртэлх хугацаагаар шалгаж үзэж байгаа. Нийт  109 бөхөөс авсан шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос улс дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай харьцуулан шалгах ажиллагаа  хийгдэж байна.  
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг хэзээ бүрэн шийдэгдэх юм бэ. Хэргийн явж ямар байгаа вэ?  
-Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-ны өдөр манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манай байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 1-ны өдөр хариу хүргүүлсэн. ЖДҮ-ийн хөгжлийн сангийн санхүүжилтэд хамрагдсан иргэн аж ахуй нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, аж ахуй нэгж байгааг тогтоож, уг аж ахуй нэгж мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад бага хүүтэй зээлийг өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан 8 тохиолдол илэрч шалгаж байгаа.  Компаниудыг тодруулбал, “Урансэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намжсод” ХХК, “Цамбагарав трейд”,  ХХК, “Эс Эл Эм И” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Тэ Бэ Эм Тэ” ХХК  гэсэн найман аж ахуй нэгж авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан юм. Энд мөнгө угаах гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэсэн.
-Ерөнхийлөгч асан З.Элбэгдоржтой холбоотой асуудал ямар шатанд байгаа вэ?
 -“Ачит эхт” компанитай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  
-УБТЗ-ын дарга Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар ямар үйлдэл дээр шалгалт хийсэн вэ?
-Өмнө нь энэ тухай мэдээлж байсан. Хэрэг биш үйлдэл дээр хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Жигжиднямаагийн 20 гаруй үйлдэл дээр хяналт шалгалт хийж байгаа юм.
-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаярын хэрэг шийдвэрлэгдсэн үү?
-Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явсан ч шүүхэд хөөн хэлэлцэх хэрэг дууссан гэсэн шалтгаанаар хаагдсан.
-Танайд шалгагдаж буй хэд хэдэн хэргийн холбогдогчид гадаад руу явчихдаг гэсэн асуудал байдаг. Яг шалгалтын явцад гадаад гарсан хэчнээн хүн байна вэ?
-Одоогоор манай байгууллагад шалгалтын явцад гадаад эмчилгээ хийлгэж байгаа тухай Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг мэдэгдсэн байгаа.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг хэрхэн шийтгэж шийдвэрлэсэн бол?
-Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд холбогдсон зургаан  шүүгчийн хэргийг мөрдөж дуусгаад шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр нийт 17 шүүгчдийн хэрэг шалгагдаж байсан. Тэдгээр шүүгчид нь өөр бусад хэрэгт холбогдсон учраас шалгагдсан.   Зарим шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт холбогдсон байгаа. 
 Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн