Open iToim app
Улс төр | 8 мин уншина

Б.Цогтгэрэл: МАН намайг мартаагүй, дөрвөн албан тушаал санал болгосон

Б.Цогтгэрэл: МАН намайг мартаагүй, дөрвөн албан тушаал санал болгосон
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 26
Зам тээврийн, хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн үед шилэн дансыг нэлээд ухаж, их ч но гаргаж тавьж байна. Яагаад гэнэт шилэн дансыг ухаад эхлэв?
-Одоо би Хан-Уул дүүргийн дугаар хорооны иргэн Цогтгэрэл болсон. Завтай ч байна, цагтай ч байна. Өглөө, оройдоо хүүхдээ сургууль, цэцэрлэгч зөөчихөөд үлдсэн цагт нь шилэн дансаа хараад сууж байвал төр, ард түмэнд хэрэгтэй юм болов уу гэж бодоод байна.
-Монголбанкны дансыг нэлээд ухсан. Хууль зөрчиж, төсвийн мөнгө зарцуулсан үйлдэлд хариуцлага хүлээх хүн байна уу?
-Дөнгөж саяхан Монголбанкнаас над руу ярьж байна. 100-аад сая төгрөгөө буцааж төлөх болсноо хэллээ. Монголбанк 107 сая төгрөгөөр шилдэг ажилтан шалгаруулах арга хэмжээ зохион байгуулсан байсан. Үүний 63.5 сая нь ажилчдаас, үлдсэн нь Монголбанкны төсвөөс гарсан байгаа юм. Би тэр мөнгийг буцааж төл гэсэн. Яагаад гэхээр улсын мөнгөөр ууж, идэж болохгүй. 107 сая төгрөг гэдэг бол Дорнод аймгийн Халх гол сумын төрийн албан хаагчдын нэг жилийн цалингийн зардал. Нэг сумын төрийн албан хаагчдын жилийн цалингийн зардлаар Монголбанк нэг орой шоу хийж болохгүй байхгүй юу. Төрийн мөнгөөр найр, наадам хийхийг хориглосон. Гэтэл нөхдүүд хийсэн. Би шилэн данс ухаж байгаад түүнийг нь олоод мэдчихсэн.
-Хэн нь төлөх юм бэ?
-Ууж идсэн хүмүүс нь төлөх юм байлгүй. Ямар ч байсан буцаагаад хийнэ гэдгээ хэллээ.
-2021 оны төсвийг Их хурал хэлэлцэж байна. Та төсөв дээрээ нэлээд сууж байх шиг байна. Шилэн данснаас яагаад төсөв рүү орчихов оо?
-Тийм ээ. Би төсөв дээр сууж байна. Ер нь шилэн данс гэдэг чинь Монгол Улсын төсвийн зарцуулалт. Төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тиймээс би төсөв дээр хэрүүл хийхээс өөр аргагүй байна. Жилийн турш хянах гэж байгаа мөнгөнийхөө зориулалт, зарцуулалтыг зөв байлгаж байж хянана. Сангийн яам, Сангийн сайдад би хоёр зүйлийг хатуу шаардаж байгаа. Нэгд, гишүүдээс ирж байгаа тойргийн саналыг бүгдийг нь боль. Энэ их хурлын 62 гишүүн нь манай намынх, 30-аад нь миний үзэл бодол, үнэнч зүйл нэгт найз нар минь байна. Нэг үгээр, маш өндөр хамаарал бүхий хүмүүс байна. Тэглээ гээд би тэр хүмүүст эрүүл, шудрага шаардлага тавьж байгаа. 2021-2022 онд 30 тэрбум төгрөгөөр спортын заал барих гэж байна. Үүнийгээ боль гэж байгаа юм. Харин өмнө нь барьсан, дутуу юмнуудаа гялс дуусгачих. Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн сургууль барьж байна. Гэтэл Хэнтийн 1800 хүнтэй суманд 640 хүүхдийн сургууль барих гэж байгаа нь ямар ч хэрэггүй. Төсвийн хэрэггүй хөрөнгө оруулалт, поп юмнуудаа бүгдийг нь боль. Өнөөдөр Монгол Улсад 94 тэрбум төгрөгөөр Шинжлэх ухаан иновацын кластер барина гэж төсөв дээр байна. Ирэх жилийн төсөвт үүнээс 9 тэрбумыг нь тавьсан байна. Энэ хэрэггүй. Энэ мэт тэвчиж болох зардлуудаа танаад үзэхээр 50 тэрбум төгрөг болж байна. Хоёрт, Монгол Улс энэ жил 1.1 их наяд төгрөгийг зээлийн өрийн үйлчилгээнд төлнө. 1.1 их наяд гэдэг манай төсвийн 10 хувь. Төсвийнхөө 10  хувийг өрөнд зориулж байгаа улс орон хэмнэх, хянах хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, онцгой байдлыг нэг номерт тавих ёстой. Корона илэрлээ гэж бодоход өдөрт 20,30 хүн нас бараад эхэлбэл яах вэ. Тиймээс эмнэлгүүд бэлэн байх ёстой. Өнөөдөр эмнэлгүүдийн бэлэн байдал хангагдаагүй байгаа. Шинээр эмнэлэг барих, ашиглалтад оруулах төсвөө бүгдийг нь таначихсан байгаа. Тэгсэн хэрнээ хэнд ч хэрэггүй гүний уурхайн музей барихад маш их мөнгө тавьчихсан байна. Мөн Чингис хааны музейн үзмэрийг авахад 10 тэрбум төгрөг зарцуулж байна. Зөвхөн 2021 онд л 10 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Энэ мөнгөөр 100 ортой нэг эмнэлэг жилийн дотор барьж болно шүү дээ.
-Хэнтий, Баянхонгор гээд аймгуудын төсөв бусад аймгуудаас 10 дахин их байна. Энэ аймгуудын төсвөөс бас танаж, тэвчиж болох хөрөнгө оруулалт гэж байхгүй байгаа юм уу. Сангийн сайд бол байхгүй гээд байгаа?
-Байгаа. Энэ асуудал дээр би Сангийн сайдын эсрэг байгаа. Сангийн сайд Их хурлын гишүүн бөгөөд энэ Засгийн газрын танхимын сайд. Мань хүн гишүүдийн саналыг хүлээж авахаас өөр арга байхгүй улс төрийн шахаанд байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Гэхдээ Сангийн яаманд өөрсдийнх нь боловсруулсан төсөв гэж байгаа. УИХ-ын гишүүд гар хүрэхээс өмнөх төсөв. Тэрийг л олж батлах хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайд эр зориг гаргаад тэр төсвөө надад юм уу, олон нийтэд гаргаад өгчих хэрэгтэй. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна. Арай ч дээ гэмээр, ичиж үхмээр юмнууд их байна. Говь-Алтай Баянхонгорын замын санхүүжилт төсөв дээр тавигдчихаар өндөр харагдаад байгаа. Гэхдээ хасаад, хасаад бусад аймгаас өндөр байгаа. Манай аймаг гэхэд доороосоо дөрөвт байналээ. Үнэндээ 10 дахин бага төсөвтэй байгаадаа дургүй хүрч байна. Ж.Эрдэнэбатыг байсан бол арай ч бас ийм төсөв хийхгүй дээ гэж нутгийн хүүхдийн хувьд бухимдалтай байгаа.
-УИХ-д анх өргөн барьсан төсөл нь Сангийн яамны боловсруулсан төсөв биш юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын өргөн барьсан төсвийн зарлагыг УИХ нэмэгдүүлж болохгүй. Өмнө нь төсвийн төслөө өргөн бариад намын бүлгүүд дээр төсвийн ажлын хэсэг байгуулаад өргөн  барьсан төслийг эвддэг, гишүүдийн санааг оруулдаг байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш гишүүд төсвийг Их хуралд өргөн барихаас нь өмнө завааруулдаг болчихсон. Үндсэндээ нэмэгдэхүүний байрлалыг сольсон болохоос нийлбэрийн чанар өөрчлөгдөөгүй. Төсвийн хуульд ямар ч өөрчлөлт гараагүй. Монгол Улс энэ жил 224 тэрбум төгрөгийн концессын төлбөр төлнө. 100 хувь гүйцэтгэсэн байгаа концессын төлбөрүүд. Гэхдээ энэ гэрээ бүгд барих, шилжүүлэх. Энэ бол манай төсөвт маш их дарамт болж байгаа. Тиймээс барих, шилжүүлэх концессын төлбөрүүдийг барих, ашиглах, шилжүүлэх болгож өөрчил гэж байгаа. Ингэвэл 224 тэрбум төгрөгийн дарамт төсөв дээрээс байхгүй болно. Манай төсвийн зарцуулалт оновчгүй байна. Төсвийн хуваарилалт дээд зэргийн доод түвшинд байна. Гишүүдийн худаг, усны амбицаас хэтрэхгүй байна. Ном ёсоороо бол Зөвлөлдөх санал асуулгын хуулиараа дараа дараагийн төсвийг хийх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол гишүүд лоббидож байгаад дураараа  юм аваачиж тавиулдаг байдал арилахгүй юм байна.
-Төсөв батлахад хэдхэн хоног үлдчихлээ. Энэ бүхнийг засах хугацаа байхгүй юм биш үү?
-Хугацаа байна. Одоо Их хурлын гишүүд эр зориг гаргах хэрэгтэй. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасъя гэсэн саналыг нэг Их хурлын гишүүн гаргаад бусад нь дэмжих хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй гэсэн болохоос хасахгүй гэсэн заалт байхгүй. Хасч болно. Мөн дотор нь гүйлгэж болно. Уг нь төсвийг ингэж ухах нь Их хурлын гишүүний хийх ёстой ажил. Би гишүүний ажил хийгээд яваад байгаа.
-Гишүүд санал гаргахгүй, төсвийг энэ хэвээрээ баталчихвал яах вэ. Та зарцуулалтад хяналт тавиад, шилэн данс хараад суух уу?
-Ерөнхийлөгчийг хориг тавина гэдэгт итгэж байна.
-Ерөнхийлөгч хориг тавилаа гээд 62-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй байлгүй дээ?
-Энэ дотор бас эрүүл гишүүд байгаа гэж найдаж байна ш дээ.

Ж.Эрдэнэбатыг цагаадаад гараад ирнэ гэж итгэж байгаа

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших амбицтай байсан. Харамсалтай нь мандат олдоогүй. Тэгвэл одоо Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болох нөхцөл байдал үүсчихлээ. Нэр дэвших үү?
-Би нөхөн сонгууль явахгүй байх гэж найдаж байгаа. Ж.Эрдэнэбат гишүүн Улсын дээд шүүх дээр цагаадаад гараад ирнэ гэж бодож байна. Дээд шүүхийн процесс дуусаагүй байна. Би нөхөн сонгууль ярьж байгаа хүмүүст битгий баярла гэж хэлмээр байна. Надад 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших амбиц байсан. Гэхдээ манай аймагт хоёр эмэгтэй хүн нэр дэвшсэн, эмэгтэйчүүдийн квот. МАН-ын 76 нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх ёстой. Хэрвээ эмэгтэйчүүдийн квот байгаагүй юм уу, нэг тойрог дээр хоёр эмэгтэй тавиагүй байсан бол би нэр дэвших нь тодорхой байсан. Ялна гэдэгтээ ч бүрэн дүүрэн итгэлтэй байсан. Нөхөн сонгууль болохгүй гэж бодож байгаа хүнээс та нэр дэвших үү гэж асуух нь дэмий.
-Таныг захиалгатайгаар шилэн данс ухаж, нийтэд дэлгэж байна гэж хардах хүмүүс ч байх шиг байна?
-Хэн захиалах юм. Захиалга гэж байдаггүй юм. Шилэн данс бол хуулиараа ажлаас халах үндэслэл болдог. Ямар хүн ажлаасаа халагдъя гэж бодох вэ. Хуулийн хүчин чадлын хувьд маш өндөр хүчин чадалтай хууль. Үүнийг Ардчилсан намынхан, сөрөг хүчнийхэн  мэддэггүй юм байналээ. Хууль уншдаггүй, мэддэггүй, хэрэглээ байхгүй. Тиймээс би хийж байгаа юм. Түүнээс захиалга энэ тэр гэж байхгүй. Надад Монголбанъны ерөнхийлөгч Лхагвасүрэнг хэн захиалах вэ дээ.
-УИХ-ын сонгуульд танай нам 62 суудал авч олонхи болсон. Сонгуулиас хойш таныг албан тушаалд томилоогүй учраас шантааж хийгээд байгаа юм уу?
-Улс төрийн нам боловсон хүчин, дотоод нөөц бололцоогоо бүртгээд хүмүүсээ ажил албан тушаалд байршуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Надад дөрвөн ч ажил санал болгосон. Мэдээж улс төрийн албан тушаалууд. Миний хувьд надад арай ахадсан ажлууд гэж үзсэн. Хувь хүн өөрийхөө хэмжээг мэднэ шүү дээ. Чадахгүй ажил авчихаад олон нийтийн дургүйг хүргээд байж болохгүй. Нөгөө талаар тэр салбар, байгууллагад нь хүндэтгэлтэй хандах ёстой. Тийм учраас би саналуудаас татгалзсан. Надад ажил өгөөгүй биш, өгсөн. МАН Цогтгэрэлд хайргүй биш хайртай. Хүний нөөцийн бодлогод нь Цогтгэрэл байгаа. Гэхдээ би тэнд очиж ажил хийснээс Шилэн данс хянаад явж байсан нь ард түмэнд ч, намд ч хэрэгтэй. Би намынхаа хайр, ивээлийг хангалттай хүртсэн. Төрийн сайхан ажил алба хашсан хүн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт би өөрийгөө сайн ажилласан гэж боддог. Бусад дэд сайд нараасаа ялгарсан. Монгол Улсын төмөр замын түүхэнд байгаагүй том хэлэлцээр хийсэн. Түүний үр дүнд Тавантолгой Зүүнбаянгийн төмөр зам баригдаж байгаа. Хэрвээ би энэ хэлэлцээрийг хийгээгүй байсан бол тэр төмөр зам баригдахгүй байсан.
-Цаашдаа шилэн данс ухаад амьдарна гэж байхгүй биз дээ. Таны дараагийн амбиц юу байна вэ?
-Би ямар ч байсан томилогддог албан тушаалд очихгүй гэж бодож байгаа. Сонгогдож орж ирдэг ажил, албан тушаалд очихыг үгүйсгэхгүй. Яг өнөөдөр бол гудамжнаас УИХ-ын гишүүний ажлыг хийх боломж байна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг би гудамжнаас хийж байна. Энэ Их хурал ичихгүй бол би бас ичихгүй. Ардчилсан нам, ХҮН-ынханд УИХ-ын гишүүн хэрхэн ажиллах ёстойг би зааж өгье. Төр хяналтгүй байж болохгүй. Түүнээс би албан тушаалын шантааж хийгээгүй. Цаашдаа би албан тушаалд очихгүй байх нь үүний нотолгоо болж чадна. Уг нь миний хийгээд байгаа ажил бол УИХ-ын хийх ёстой ажил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ хянах, шалгах эрх мэдэлтэй болсон. Органик хуулиудад өөрчлөлт оруулаад ирэхээр төрийн нэрийн дор хянадаг, шалгадаг ажлыг хийх хүсэл төрж магадгүй. Бусдаар бол албан тушаалд очих сонирхол алга. Дараа дараагийн өргүүд тавигдтал шилэн дансаа л ухаж байя. Энэ нь ард түмэнд ч хэрэгтэй байна. Намайг бас шүүмжлээд л байналээ. Манай намд байгаагүй олон хүн сайд, дарга болсон. Тэр хүмүүс рүү дайрлаа, намын гишүүдийн өмнөөс өс хонзон авах гэлээ гэж шүүмжилж байналээ. Гэхдээ үүнийг эрүүл шүүмжлэл гэж би үзэж байгаа. Манай намд байгаагүй олон хүн дарга, сайд болчихсон шүү дээ. Шинэ сайдуудын ихэнх нь манай намд байгаагүй. Гэнэт л гараад ирсэн. Би танихгүй. Намын гишүүд ч танихгүй.
-Хэд хэдэн банкны захирал шилэн данс хөтлөөгүй гэж өргөдлөө өгч байгаа гэж та хэлж байсан. Энэ үнэн үү?
-Шилэн данс хөтлөхгүй гэж бодож байгаа бол өргөдлөө өг гэж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй байгаа нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж дээр хэлсэн. Эрдэнэс Монголын захирал асан П.Ганхүү шилэн данс хөтлөөгүй. Нэг сарын дотор 2014 оноос хойших шилэн дансны бүх мэдээллээ шивж оруул гэж хэлсэн. Магадгүй үүнээс болоод ажлаа өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би баталж чадахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн