ШӨХТГ-ын удирдлагууд өнөөдөр МИАТ компанид ажилласан. Энэ үеэр МИАТ компаниас үйл ажиллагаа болон тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө. МИАТ энэ оны гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл 30 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Үүнээс Сөүлийн чиглэлд хамгийн их буюу 11 удаагийн нислэг хийсэн байна. Тусгай үүргийн нислэг үйлдэхдээ амны хаалт, гар ариутгагч, бээлий гэх мэт хамгаалах хэрэгсэлд 750 гаруй сая төгрөг зарцуулжээ. Мөн тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл, газрын үйлчилгээний зардал, шатахууны үнэ жирийн нислэгээс өндөр байгаа аж. Энэ онд олон улсын нислэг 75 хувиар буурсан нь нэг нислэгт оногдох зардлыг дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. МИАТ компани хүлээгдэж буй 43.5 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Тус компани нийт орлогынхоо 90 хувийг олон улсын нислэгээс бүрдүүлдэг байсан учраас нислэгээ хааснаас болж төлөвлөгөөт орлого 49 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар тус компани 16.4 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ.МИАТ компани энэ оны аравдугаар сарын 1-нд шинэ нисэх буудал руу нүүх төлөвлөгөөтэй байсан ч хөрөнгө оруулалтын 28.9 тэрбум төгрөгийг шийдэж чадаагүй учраас хойшилжээ.