Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт даваа гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг еврей ард түмнээс уучлалт гуйхыг шаардлаа.
Учир нь, Сергей Лавров ням гаригт Италийн “Rete 4” телевизэд ярилцлага өгөх үеэрээ Адольф Гитлер еврей гаралтай байсан гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, сэтгүүлч түүнээс “Украины Ерөнхийлөгч еврей гаралтай хүн байтал ОХУ яагаад Украин дахь неонацизмыг цэвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм бэ” гэж асуухад. Тэрээр “Адольф Гитлер еврей гаралтай байсан. Тиймээс энэ бол ямар ч утгагүй зүйл. Ухаалаг еврей хүмүүс еврейн эсрэг антисемит үзлийг хамгийн их турхирагчид нь еврейчүүд бид өөрсдөө гэж хэлдэг” гэж хариулсан юм.
Тэгвэл Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт “Ийм худал гүтгэлэг нь еврейчүүд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай холокостыг өөрсдийнхөө эсрэг хийсэн гэж буруутгах зорилготой. Еврей ард түмний холокостод өртсөн түүхийг улс төрийн зорилгоор ашиглахаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдсэн байна.
Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид Иерусалим дахь ОХУ-ын Элчин сайдыг дуудаж, Москва албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан юм. .
Тэрээр “Еврейчүүд өөрсдөө еврейн эсрэг үзлийг хамгийн ихээр турхирагч гэж буруутгасан явдал нь хамгийн ядмаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын хэлбэр” гэжээ. Мөн Яир Лапид Украины Засгийн газар болон армид фашизмыг дэмжих үзэл санаа оршиж байна гэх Кремлийн байр суурийг үгүйсгэсэн юм. Улмаар Израилийн Гадаад хэргийн яам анх удаа Украинд фашизм байхгүй гэж мэдэгдсэн байна.
Хамгийн гол нь, Израилийн Гадаад хэргийн сайд "Бид Москватай сайн харилцаагаа хадгалахын тулд бүх хүчин чармайлтаа дайчилсан. Үүнд хязгаар гэж бий. Харин энэ удаа Москва хязгаарыг давлаа. ОХУ-ын Засгийн газар еврей ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байна" гэсэн юм.
ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний дараа Израиль улс Украины тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэвч Иерусалим хөрш Сири улс дахь дайны гол оролцогч тал, Башар аль-Асадын гол холбоотны хувиар ОХУ-тай харилцаагаа хурцатгахаас болгоомжилж, Москваг шууд шүүмжлэхээс зайлсхийж ирсэн. Энэ утгаараа Израиль улс нь ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоогоогүй цорын ганц барууны холбоотон улс юм.
Гэвч Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид өнгөрсөн сард ОХУ Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдэгдсэнээр хоёр орны харилцаа хурцдаж эхэлсэн. Харин Сергей Лавровын дээрх мэдэгдэл нь Израиль болон ОХУ-ын харилцааг ийнхүү улам хурцатгах эхлэл боллоо гэж олон улсын ажиглагчид дүгнэсэн байна.
Эх сурвалж: Reuters, The Guardian