Open iToim app
Зочин | 8 мин уншина

Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог

Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 6
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэдэг хандлага манай нийгэмд байсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Гэтэл бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийгмийн хандлага жинхэнэ бэрхшээлтэй болгож, нийгмээс тусгаарладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн амьдралд оролцож, бие даан амьдрах боломжтой гэдгийг нийгэмдээ ойлгуулж, үлгэр жишээ болж байгаа Ч.Ундрахбаяр гэдэг залуутай ярилцлаа. Тэрээр “Түгээмэл  хөгжил” бие даан амьдрах төвийн  тэргүүнээр ажилладаг юм.
-Танай байгууллагад хэчнээн иргэн харьяалагддаг, та бүхэн ямар чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай байгууллагад  албан ёсоор бүртгэлтэй 160 гаруй гишүүн байна. Бид үйл ажиллагаа явуулаад 10 жил болсон. Төв оффис дээрээ 16 ажиллаж байгаагаас ес нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах тогтолцоог бий болгохоор энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр хөнгөн байх тусам нийгэмтэй зохицож амьдарч болдог. Харин бэрхшээлийн хэлбэр хүндрэх тусам тухайн хүн нийгмээсээ холдож, тусгаарлаж эхэлдэг. Бид бэрхшээлийн хэлбэр нэлээд хүнд залуусыг ажлын байраар хангаж, Монголдоо жишиг болох тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Энэхүү төвд маань ажиллаж байгаа есөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тав нь нэлээд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй ч тодорхой мэргэжлүүдээр ажиллаж байна.
-Танайхаас байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэд тодорхой үйлчилгээнүүд үзүүлдэг гэсэн. Тэр нь ямар үйлчилгээ юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах хандлагатай байдаг. Тиймээс бэрхшээлээсээ болж нийгмээс тусгаарлагдсан хүмүүст гарч, ороход нь туслах хувийн туслах үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрээр хүмүүсийг сургаж, эргээд сургасан багш нар маань хүнд хэлбэрийн гэмтэл аваад гэртээ байгаа иргэнд туслах зорилготой. Хоёрт, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг. Ингэхдээ өмнө нь өөртөө нь адил бэрхшээлийг даван туулж, хэрхэн нийгмийн амьдралд хэвийн оролцож эхэлсэн талаар туршлага, сэтгэл зүйгээ хуваалцдаг. Үүнийг гадаадын орнуудад ажил гэж тооцдог. Тодорхой сэдвүүдийн хүрээнд дарааллын дагуу ярилцлагууд хийдэг. Мөн манай байгууллага хүртээмжийн асуудал дээр байгууллагуудад дэд бүтцийн үнэлгээ хийж, зөвлөмж гаргаж, шаардлагатай бол зураг төслийг нь боловсруулж өгдөг. Дөрөвт, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой судалгааны ажил хийдэг. Зарим тохиолдолд гаднын байгууллагын ажлын менежментийг хийж өгч байна.
-Монголд хөгжлийн бэршээлтэй хүний ажиллаж, амьдрах хүртээмжтэй орчныг сайжруулах ахиц гарч байна уу?
-Нэг үеэ бодвол сайжирч байна. Гэхдээ төр гэхээс илүү хувийн байгууллагууд энэ асуудалд манлайлан оролцдог. Жишээ нь, Интермед эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн орц, гарц болон дотоод тохижилт, ариун цэврийн өрөө, цахилгаан шатны брайл үсгэн мэдээлэл, цахилгаан шатны давхар мэдээлэл систем зэргийг тохижуулсан байсан. Бэрхшээлийн хэлбэр хүндрэхийн хэрээр эмнэлгийн үйлчилгээ авах хүндрэлтэй байдаг. Нэгд, тухайн байгууламжийн орчин буюу гаднах талбай, шат зэрэг нь тэргэнцэртэй иргэдэд зориулагдаагүй. Хоёрт, тоног төхөөрөмжийн хувьд шаардлагатай зүйлс нь байдаггүй. Энэ утгаараа тэргэнцэртэй иргэн эмнэлэгт үзүүлэхийн цаана ийм айдас байдаг. Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэнд нөхөн сэргээх, бөөр шээс дамжуулах зам болон хооллолтын талаарх нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө, үзлэг шинжилгээг хоёр дахь жилдээ хийсэн. Хамгийн гол нь өвчтөнөө хүн гэдэг талаас бодож, хүртээмжийн асуудлыг шийдсэнд маш их талархсан.
Мөн манай төвийн тэргэнцэртэй нэг иргэнийг ажлын байраар хангасан. Тухайн хүний бэрхшээлийн хэлбэр хүнд ч тухайн байгууллагын орчин, хандлага нь эерэг байсан учраас ажиллах боломж бүрдсэн.
undefined
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр л хөдөлмөр эрхлэх чадваргүй гэдэг ойлголт нийгэмд байдаг. Гэхдээ энэ хандлага жилээс жилд сайжирч байна уу гэж харагддаг. Таны нүдээр харахад хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Улсаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөрөнгө санхүү баталдаг. Энэ нь мэдээж тодорхой үр дүнтэй байдаг байх. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нүдээр гарахаар санаачилж байгаа ажил нь зөв ч, хэрэгжүүлж байгаа арга барил оновчгүй санагддаг. Их хөрөнгө гаргаж, жижиг үйлдвэрүүд дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг. Бидний хувьд тулгуур эрхтэн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг учраас хөдөлмөр эрхлэхэд хэд хэдэн анхаарах зүйлс гардаг. Нэгд, хүртээмж маш чухал. Тухайн байгууллага нь тэргэнцэртэй иргэнд зориулсан зогсоол, шат, асуудалгүй орж, гарах гарцтай, ариун цэврийн өрөө зориулалтын байх шаардлага гардаг. Интермед эмнэлэг бол энэ бүх хүртээмжийн асуудлыг барилгадаа бүрэн шийдсэн байсан. Гэхдээ тухайн байгууллага орчиндоо бүх асуудлыг шийдсэн ч тэргэнцэртэй ажилчин маань гэрээсээ гараад ажилдаа очих, ажлаасаа гэртээ харихад гол хүндрэл үүсдэг. Ажил дээрээ очиход хамт олон нь тусалж дэмжээд асуудал гардаггүй. Харин гэрээсээ гараад автобусанд суугаад ажилдаа явъя гэхээр автобус нь зориулалтын бус, тэргэнцэртэй иргэн автобусаар зорчих ямар ч боломжгүй байна. Заавал гэрийнхээ хэн нэгнийг дагуулж таксинд суух шаардлага гарна. Тиймээс төрийн бодлогоор эхлээд хүртээмж, дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авч байгаа аж ахуйг дэмжих урамшуулах тогтолцоо чухал харагддаг. Заавал мөнгөөр биш, мөнгөн бусаар татвар, урсгал зардлаар дэмжиж ч байж болно шүү дээ. Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд оруулах зуучлалын тогтолцоо Монголд байдаг ч оновчтой биш байгаа. Зуучиллаад ажилд оруулаад орхих биш тухайн хүнийг ажилд  нь дасгах чухал байдаг. Халамжлан хүмүүжүүлэгч гэж тогтолцоо байсан шиг ажлын байранд нь дасгах хугацаа хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл олон хүнийг ажлын байранд зуучилж байхад хэд хэдэн анхаарах зүйлс ажигласан. Нэгд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон нь ойлгохгүй байвал тухайн хүн яваандаа шантарч, нийгмийн амьдралд оролцохыг хүсдэггүй. Хоёрт, нь хүртээмжгүй орчин. Хүртээмжтэй орчинд зөвхөн ариун цэврийн өрөө, шат, орц гарыг хэлдэггүй. Манай байгууллага гэхэд бүх орчноо тэргэнцэртэй иргэдэд зориулан тохируулсан. Ширээ гэхэд хөл доогуур орчихдог, суухад хялбар байдлаар хийсэн. Бүх хаалга босгогүй, бүх зүйлээ бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдлаар хийсэн. Хүн ямар нэгэн зүйл тохиромжгүй байхаар аажимдаа шантарч эхэлдэг. Тиймээс бид хүн рүүгээ чиглэсэн ийм ажлуудад анхаарах нь чухал.
-Ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн бэрхшээлээ, сэтгэл зүйн асуудлаа даван туулж, энгийн хүн шиг нийгэмдээ байр сууриа илэрхийлж, оролцдог болоход хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Бие даан амьдрах  тогтолцоо нь туслах үйлчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, дадах зэрэг хэд хэдэн зүйлсээс бүрддэг. Төрөлхийн бэрхшээлтэй эсвэл гэнэтийн осол аваараас болж бэрхшээлтэй болсон зэргээс хамаарч сэтгэхгүй өөр, өөр байдаг. Тэгэхээр бэрхшээлийн хэлбэр орчин нөхцөлөөс их зүйл шалтгаална. Бэрхшээлээ давж, нийгэмдээ ороход нэг хүнд ойролцоогоор 3-4 сар шаарддаг. Энэ нь ганцхан биднээс биш, нийгмийн хүчин зүйлээс шалтгаална. Тухайн хүн “хөгжлийн бэрхшээлтэй ч нийгмийн амьдралд идэвхтэй байх ёстой юм байна” гэдгийг ойлгодог ч нийгмээс ирж байгаа буруу ойлголт эргээд хүчтэй нөлөөлдөг. Дэлгүүр худалдааны төв хүнд зориулсан үйлчилгээ үзүүлдэг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлнэ гэдгийг бодолцоогүй бол тухайн иргэнд ялгаварлал шиг л санагддаг. Ер нь хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүнээс биш нийгмээс бий болдог.  
-Танай байгууллагын зүгээс гишүүдээ хөгжүүлэх, мэдлэг мэдээллээр хангах чиглэлд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Бүх гишүүндээ эхлээд та бүхэн хүн шүү, ийм, ийм эрхтэй шүү гэдгийг ойлгуулж, бид нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох ёстой гэдэг хандлага төрүүлэх ажлыг их хийдэг.  Дараа нь үүндээ үндэслэсэн сургалтууд явуулна. Харин үүний дараа илүү мэргэшсэн сургалтыг сургалтын газруудтай хамтран хийдэг. Хамгийн үндсэн ажил бол тухайн бэрхшээлтэй иргэд өөрийгөө цоожлохгүй, нийгэмд дуу хоолойгоор илэрхийлж байх хандлагыг төрүүлэх нь чухал.
undefined
-Таны хувьд өөрийнхөө хандлагыг өөрчилж, хэрхэн нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож эхэлсэн туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Миний хувьд өнгөж оюутан байхдаа гэмтэл авч, тэргэнцэр дээр суух болсон.  Ажил хийж, хамт олонтой болж байгаа маань энэ байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний салбар болж байна. Эргээд бодоход намайг гэмтэж байх үед төрийн бодлого хүчтэй, төрийн бус байгууллагууд ийм идэвхтэй байсан бол арай эрт нийгмийн амьдрал орж, илүү олон зүйлд хамрагдах боломжтой байж боддог. Гэмтсэний дараа тэрэг ашиглана гэдгийг ч мэдэхгүй, цаашдаа хэрхэн амьдрах талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Дээшээ хараад хэвтэж байгаад дуусах юм байна гэсэн маягаар 2-3 жил амьдарсан. Гэр бүл, ээж аавынхаа алсыг хараатай дэмжлэгээр сургуульд хамрагдсан. МУБИС-д сурч байгаад Японд хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр сурсан. Тэнд сурч байхдаа их зүйлийг ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тогтолцоо ямар байдаг, төр, төрийн бус байгууллагын уялдаа холбоо, бэрхшээлтэй хүмүүсийг дэмжсэн үйлчилгээ, үйл ажиллагаа ямар байдгийг тэнд суралцаж, мэдсэн. Эх орондоо ирээд хэсэг залуустай нэгдэж, олон улсад явагдаж байгаа тогтолцоог Монголдоо нэвтрүүлэхээр энэ байгууллагаа байгуулсан.
Миний хувьд тэргэнцэр дээр суугаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого үйл ажиллагаа, төрийн бус байгууллагуудын идэвх сайжирч, маш өөр болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын идэвхжил улам нэмэгдэж байна. Энэ төрийн бодлоготой уялдсанаар аажимдаа урагшилна гэж найддаг.
Төрийн бодлогоор нийгэмд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй. Хууль эрх зүйн шинэчлэлээс илүү нийгмийн сэтгэлзүй маш чухал нөлөөтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжлах буюу эмнэлгийн загвартай. Бидэн шиг хүмүүс халамж хүртээд гэртээ хэвтээд байж байх ёстой. Ямар нэгэн төрийн үйлчилгээ хүртэх гэхээр заавал намайг эдгээх босгох, эмчлэх зорилготой явагддаг байсан. Хатуухан хэлэхэд, хараагүй хүмүүс хараа орохгүй, тэргэнцэртэй хүмүүс босохгүй энэ л хэлбэрээрээ амьдарна. Тиймээс төрийн үйлчилгээ маань заавал эдгээхдээ биш, харин яавал одоо байгаа байдалдаа зохицож амьдралд, нийгэмд оролцож өөрийн амьдралаа бие даан аваад явахад чиглэсэн дэмжих тогтолцоо хэрэгтэй.
Дээр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Бид энгийн хүмүүсийн дайны мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зөвхөн өвчтөн гэж үздэг тогтолцоотой. Тиймээс дадах хугацаа, сургалт бидэнд зайлшгүй хэрэгтэй. Зуучлалын товчоогоо оновчтой болгох хэрэгтэй байгаа.
-Танай байгууллага хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Бид хүн болоод төрсөн юм чинь нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Тэнд миний, таны бэрхшээл ямар байх нь үл хамаарч бие даан амьдрах эрхтэй юм. Тиймээс бид Япон, Солонгос, Америкт хэрэгжиж байгаа шиг хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах дадлыг Монголынхоо нөхцөлд нутагшуулна. Бэрхшээлтэй хүн бүр бие даан амьдарч чаддаг болбол олон эерэг үр дүн гарна. Улс орны эдийн засаг, хүний хөгжил, хүртээмж талдаа олон өөрчлөлт гарна. Үүнийг сүүлийн гурван жил хэрэгжүүлсэн загвар төслөөрөө үзүүлж байна. Маш хүнд хэлбэрийн гэмтэлтэй гурван залуу өөрсдөө өглөө босоод бүгдийг хийж, ээж ааваасаа тусдаа гараад бие даан амьдарч чадаж байна. Энэ гурван залууг асарч, тэтгэдэг байсан гэр бүлд ирэх ачаалал багасч, ээж аав нь өөрсдийн ажлаа хийж, амьдралаа зохицуулж байна. Гэртээ хэвтэж байсан залуус мэргэжлээрээ ажил хийж цалин урамшуулал авч байна. Гуравт байгууллагын хөгжил эрчимтэй сайжирч байна. Залуус өөр өөрсдийн мэдлэг мэдээллээ нэгтгээд ажилласнаар байгууллагын ажлын бүтээмж сайжирдаг. Бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гарч, орж цаашлаад ажил хөдөлмөр эрхлээд ирэхээр нийгэмд хүртээмжийн асуудал сайжирч байна. Жишээ нь, манай төвийн ойр орчмын банкуудад бид байнга орж үйлчлүүлдэг болохоор тэд босго,шатаа өөрчилж, хүн гэдэг талаас нь хандаж эхэлсэн. Бэрхшээлтэй залуусыг бие даан амьдрахад тусалж байгаа хувийн туслахын тогтолцоо бүрдэж байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн