Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Инноваци ба хөрөнгө оруулалт" форумыг зохион байгуулсан юм. Энэ үеэр инновацийн шийдэл бүхий төслийн танилцуулга хийгдсэн бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баярын “Ухаалаг эрчим хүчний хуваарилалтын систем” бүтээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Доктор Д.Баяр болон түүний багийнхан бага цаг цэнэглээд их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий батарей бүтээсэн байна. Энэхүү бүтээлээ Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз зэрэг улсуудад ашиглахаар гэрээ хэлэлцээр байгуулах ажилдаа орсон аж. Ингээд доктор Д.Баярын танилцуулга илтгэлийг хүргэж байна.
Тэрээр “Цахилгаан машины хамгийн том бэрхшээл нь маш удаан цэнэглэж, богино зайд явдаг. Хамгийн хурдан нь хоёр цаг цэнэглэж, 200 км явж байна. Тэгвэл бидний хийсэн энэхүү сайжруулсан бүтээл нь хорьхон секундэд цэнэг авч, урт зай туулах цахилгаан батарей юм. Энэхүү батарей нь цахилгаан машинд маш тохиромжтой, том боломж нээж байгаа. Одоо үйлдвэрлэж байгаа цахилгаан машинуудад энэ батарейг ашиглавал хоёр дахин урт зам туулах чадвартай болно. Энэ бүтээлийг хамтран хөгжүүлж, ашиглах асуудлаар Хятад, Япон, Малайз, Сингапурын компаниудтай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлийн оюуны өмчийн патентаа Японоос авсан.
Өмнө нь эрчим хүчний эх үүсвэрт энгийн конденсаторууд ашиглаж байсан. Харин энэхүү батарейдаа АНУ-ын компаниудын хийж супер конденсаторууд ашигласан. Супер конденсаторууд энгийн ямар ч хамаагүй батарейтай холбож, ухаалаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл конденсатор шиг маш хурдан цэнэгээ авдаг мөртлөө батарей шиг удаан цэнэгээ алддаг шинэ төрлийн батарей монголчууд гаргаж авч чадсан үг. Өнөөдрийн үйлдвэрлэсэн эдгээр батарей 25 жилийн баталгаатай. Хасах 60-аас нэмэх 60-ын хооронд ямар ч асуудал гарахгүй. Хорин таван жил энэ аккумляторыг өөрчлөхгүй, хөнгөн, шингэнээ өөрчлөх шаардлагагүй. Хамгийн гол нь бүрэн цэнэгээ 20-хон секундэд авдаг.
Энэхүү батарейгаа машин дээр туршаад Бээжингийн олон улсын цахилгаан машины үзэсгэлэнд оролцсон. Энэ үзэсгэлэнд дэлхийн бүх машин үйлдвэрлэгчид ирсэн. Бид энэ бүтээлээрээ оролцоод “Хамгийн шилдэг батарей” гэдэг гранфри шагналыг авсан. Энэ үзэсгэлэн Японы Ерөнхий сайд Абэгийн ахлах зөвлөх Мядо болон Хөрөнгө оруулалтын газрын дарга нь хамт ирээд манайхтай хамтран ажиллах санал тавьсан. Сингапурт машин үйлдвэрлээд Хойд Америк болон Европын авто машины зах зээлд макро автобус болон ачааны машинууд гаргадаг компани “манай машинд энэ батарейгаа тавьж, хамтран ажиллая” гэдэг хүсэлт тавьсан. Бид манай батарейг тавиад ямар амжилт гаргах талаар судалгаа тооцоог нь хийж өгсөн. Ингэхэд таван жилийн дотор 876 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтой гэдэг бизнес төлөвлөгөөгөө үзүүлсэн. Ойрын өдрүүдэд хамтын ажиллагаагаа баталгаажуулах ажлаа эхлүүлэх гэж байна.
Дэлхий дээр эрчим хүчний асуудал маш хүнд, эмзэг болж байна. АНУ, Хятад гээд бүгд эрчим хүчний асуудалтай. Монгол ч гэсэн эрчим хүчний асуудалтай, Хятад, ОХУ-аас ид ачааллынхаа үед 170-180 мегаваттын цахилгаан эрчим хүч авдаг. Тиймээс энэхүү батарейг ашиглаад цэвэр эрчим хүч үйлдвэрлэх ямар гарц байна вэ гэдгийг судлаж байна. Бидний бүтээсэн батарейг ашиглаад цэвэр смарт электрит цахилгаан станцыг байгуулах боломжтой гэсэн төсөл боловсруулж, одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Том хэмжээний батарейг модуль болгож өрж байгаад нэг мВт, 20, 100 мВт-аар нь холбож эрчим хүч гаргаж авах боломж бий. Гэхдээ одоогийн хэрэглэж байгаа станцууд нь цэнэглэх үүрэг гүйцэтгэнэ. Яагаад гэвэл хорьхон секунд цэнэглээд хоёр цаг ажиллахаар ашиг гарахгүй гэж үү. Хэн ч бодсон ашиг гарна.
Дараагийн зуун, дараагийн дэлхийн эрчим хүчний шинэ станцууд ийм маягаар ажиллана. Энэ бол нүүрс хэрэглэхгүй, шатаахгүй, зөвхөн одоо байгаа эрчим хүчээрээ богино хугацаанд батарейгаа цэнэглээд тэндээс гарсан эрчим хүчээ ашиглах боломжийг ойлгож байгаа. Тиймээс цэвэр эрчим хүч гэж энийг ойлгож байгаа. Энэ бүтээл нь Монголчуудаас дэлхийн хэмжээний оюуны бүтээл гарч болдог юм байна гэдэг боломжийг ойлгож, харуулж байна гэж бодож байна.
Ийм технологийг ганцхан хүн хийдэггүй, бидний ард бүхэл бүтэн том баг ажилладаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний их сургуулийн багш доктор Пүрэвдаш ажиллаж байна. Маш олон жилийн судалгааны ажлын үр дүнд ажил явагддаг. Ийм хэмжээний судалгааг Монголын лабораторид хийх боломж байдаггүй. Японы Хитачи, Солонгосын томоохон лабораториудад хийдэг” гэсэн юм.