Open iToim app
Анализ | 4 мин уншина

Монголын интернэт хайлтыг сүлжээний бизнесүүд тэргүүлж, шинжлэх ухаан дата үүсэх хэмжээнд хүрсэнгүй

Монголын интернэт хайлтыг сүлжээний бизнесүүд тэргүүлж, шинжлэх ухаан дата үүсэх хэмжээнд хүрсэнгүй
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 20
Интернэт, сошиал медиа хэрэглээний “Digital 2021: Global Overview Report” судалгаанд дурдсанаар 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн хэмжээнд 4.72 тэрбум интернэт хэрэглэгч байна.
Энэ нь дэлхийн нийт хүн амын 59.5 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон гэх тоо юм. Интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 332 сая хэрэглэгчээр нэмэгджээ.
Харин дэлхийн хэмжээнд нийт 4.33 тэрбум идэвхтэй сошиал медиа хэрэглэгч байна. Сошиал медиа хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 520 саяар буюу 13.7 хувь нэмэгдсэн байна. Энэ нь өдөр бүр 1.4 сая шинэ хэрэглэгч сошиал медиа хаяг үүсгэдэг гэх үзүүлэлт юм.
Дэлхийн хэмжээнд 16-54 насны хүмүүс өдөрт дунджаар 6 цаг 54 минутыг интернэт ашиглахад зарцуулдаг байна. Тэгвэл интернэт хэрэглэгчид өдөрт дунджаар кино, бичлэг үзэхэд - 3 цаг 24 минут, сошиал медиа ашиглахад - 2 цаг 25 минут, мэдээ, мэдээлэл уншихад - 2 цаг 2 минут, хөгжим сонсоход - 1 цаг 31 минут, тоглоом тоглоход - 1 цаг 12 минут, подкаст сонсоход - 54 минутыг зарцуулдаг гэх тоо гарчээ.
Тэгвэл интернэт дэх нийт мэдээ, контентын 60.4 хувийг англи хэл дээрх, 8.5 хувийг орос, 4 хувийг испани, 3.7 хувийг турк, 3 хувийг перс, 2.6 хувийг франц, 2.4 хувийг герман, 2.1 хувийг япон, 1.7 хувийг вьетнам, 1.4 хувийг хятад хэл дээрх дата эзэлж байна. Улмаар нийт интернэт хэрэглэгчдийн 91.4 хувь нь “Google” хайлтын систем ашиглан хайлт хийдэг аж.
Дэлхийн 190 орны 16-64 насны хэрэглэгчдийн дунд интернэт ашиглах үндсэн шалтгааныг тодорхойлох судалгаа явуулахад:
-Мэдээлэл хайх зорилгоор - 63 хувь
-Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох зорилгоор – 56.3 хувь
-Цаг үеийн мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх зорилгоор – 55.6 хувь
-Аливаа зүйлийг нарийн судлах зорилгоор – 51.9 хувь
-Кино, телевизийн шоу болон бичлэг үзэх зорилгоор – 47.6 хувь
-Бараа, бүтээгдэхүүн хайж, олох зорилгоор – 46.4 хувь
-Боловсрол, сургалт олж авах зорилгоор – 42.6 хувь
-Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олж авах зорилгоор – 36.3 хувь
-Санхүүгийн үйлчилгээ авах зорилгоор - 35.2 хувь
-Онлайн видео тоглоом тоглох зорилгоор – 32.2 хувь
-Бизнестэй холбоотой судалгаа хийх зорилгоор – 30.7 хувь
-Шинэ хүмүүстэй танилцах зорилгоор 29.9 хувь нь интернэт ашигладаг гэж хариулжээ.
Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар нийт хүн амын 61 хувь буюу 2.01 сая интернэт хэрэглэгчтэй. Интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 294 мянгаар буюу 17 хувь нэмэгдсэн гэх тоо гарчээ. Энэ нь манай улс хүн амд эзлэх интернэт хэрэглэгчдийн тоо болон интернэт хэрэглэгчдийн өсөлтөөрөө дэлхийн дунджаас дээгүүр байгааг илтгэх тоо юм.
Түүнчлэн Монгол Улсад интернэт сүлжээнд холбогдсон 4.69 сая мобайл төхөөрөмж байгаа нь нийт хүн амын 141.8 хувьтай тэнцэж байна. Мөн манай улсад интернэт хэрэглэгчдийн тооноос илүү буюу 2.6 сая идэвхтэй сошиал медиа хэрэглэгч байгаа нь сонирхол татаж байгаа юм. Зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад идэвхтэй сошиал медиа хэрэглэгчдийн тоо 400 гаруй мянгаар буюу 18.2 хувиар нэмэгджээ. Үүний нэлээдгүй хэсэг нь хуурамч болон бот хаягууд байх магадлалтай.
Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг сошиал медиа платформуудын хувьд:
-Facebook: 2.5 сая хэрэглэгч
-Facebook Messenger: 2.1 сая хэрэглэгч
-Instagram: 670 мянган хэрэглэгч
-LinkedIn: 220 мянган хэрэглэгч
-Twitter: 73.6 мянган хэрэглэгч тус тус байна.   
Харамсалтай нь манай улсад интернэт хэрэглэгчдийн дунд тогтмол явуулдаг чиглэсэн судалгаанууд хийгдэдгүй. Тэр утгаараа Монголын интернэт хэрэглэгчид ямар шалтгаанаар интернэт ашигладаг талаар тодорхой мэдээлэл хомс байна.
Харин Монголоос хийсэн “Google”-ийн халтын үр дүнгээс харахад зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай хэд хэдэн зүйлс харагдаж байгаа юм.
Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд “Mongolia” гэх түлхүүр үгийг хийж хайсан “Google” хайлтыг “Siberian Wellness”, “Faberlic”, “Herbalife” зэрэг сүлжээний бизнесүүд тэргүүлж байна. Түүнчлэн Монголын интернэт хэрэглэгчдийн дунд “Pi Network”, “Beurax” зэрэг крипто луйврын схемийн хайлтын илэрцүүд нэлээд дээгүүр байгаа юм.
Мөн “e-mongolia”, “Ard Coin”, “DAX” болон цахим бооцооны “1xBet” зэрэг хайлтууд сүүлийн нэг жилийн хугацаанд Монголоос хамгийн их хандсан “Google” хайлтад шинээр орж иржээ.
Монголын интернэт хэрэглэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд “Google” хайлтаас УОК шийдвэр, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газраас иргэн бүрд олгосон 300 мянган төгрөгийн дэмжлэг болон коронавирустай холбоотой мэдээг хамгийн их хайж уншсан байна.
Харин манай интернэт хэрэглэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд “eruul.gerege.mn” дэх “COVID-19”-ийн шинжилгээ, хөл хорионы үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудад олгох автомашины “QR” код, “PCR” шинжилгээ, вакцин, “Penthouse” СОАК, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Монгол Улсын 2020 оны парламентын сонгууль, Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн талаар хамгийн их хэлэлцүүлэг өрнүүлжээ.   
Дашрамд сонирхуулахад “YouTube”-ийн хайлтыг “GangBay” хамтлаг болон тэдний “Ганган цагаан” уран бүтээл тасархай тэргүүлсэн байна. Үүний араас “B Production”-ын уран бүтээлч “Nene”, “Baji & Yalalt Vlog”, “Blackpink” хамтлагийн “How You Like That” дуу, “100-ийн хайр Vlog”, Мөнх тунх анимейшн, “Vandebo” хамтлаг, “Ginjin” болон “Mrs.M”-ийн Бороо зэрэг дуунууд хайлтын илэрцээр тэргүүлжээ.
Хамгийн харамсалтай нь Монголын интернэт хэрэглэгчдийн шинжлэх ухаан, боловсролын сэдвээр хайсан илэрцүүд тун бага буюу дата үүсгэх хэмжээнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс интернэтийн сүлжээнд холбогдсон хүн ам, шинэ хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас дээгүүр байгаа ч интернэтээс хэрэгтэй, үр дүнтэй мэдээлэл хайж, олж авах тал дээр тун хоцрогдмол яваа аж. Түүнчлэн манай улсад интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжийн тоо хүн амын тооноос хэд дахин давсан бөгөөд интернэт холболтын хурдаар дэлхийн дунджаас дээгүүр байгаа ч цахим орчинд монгол хэл дээрх шинжлэх ухаан, боловсролын мэдээлэл, контентын тоо маш хомстолтой байгааг дурдах нь зүйтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн