Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Номонд дурлагсад: Хоёр долоо хоногийн цайны мөнгөө хадгалаад хүссэн номоо авчихдаг

Номонд дурлагсад: Хоёр долоо хоногийн цайны мөнгөө хадгалаад хүссэн номоо авчихдаг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 11
Ном, зохиол, хэвлэлийг уншиж судална гэдэг нь хүн төрөлхтний оюуны соёлтой танилцаж, оюунаа баяжуулах боломжийг олгодог. Номын ид шид биднийг өнгөрсөн, ирээдүй уулзуулж, дэлхийг өөр өнцгөөс харах боломж өгдөг.
“Ертөнцөд сайхан ном олон бий. Гэвч эдгээр номыг уншиж чаддаг тэр хүмүүст л сайхан байж чадна” хэмээн Оросын зохиолч, агуу сэтгэгч М.Горький өгүүлсэн байдаг. Тэгвэл мэдлэг чадвар олж авахаар номын дэлгүүр орох хүмүүс орчин цагт цөөнгүй болж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхээр яваа залуус ч олон байна. Тиймээс манай сурвалжлах баг “Интерном” номын дэлгүүрээс мэдлэгийн цар хүрээгээ тэлэхээр шимтэн суугаа залуучуудын номтой хэрхэн нөхөрлөж байгааг нь сонирхлоо.  
Номын дэлгүүрийн хаалгаар ороход халуун, дулаан, нам гүм орчин угтав. Дээр дээрээс нь давхарлаж, жагсаасан номуудыг харахад бүгд л сонин, хачин, сонирхолтой байж мэдэхээр санагдана. Нүдэнд туссан номоо авч, хуудсыг нь эргүүлж үзээд, хэдэн мөр уншихад л зохиогчийн өнгө аяс, бичгийн чадвар мэдэгдэж, миний сонирхдог ном мөн эсэхийг тольдож, худалдан авах сонголтоо хийхээр ирсэн хүмүүс энэ өдөр номын дэлгүүрт цөөнгүй байв. Цааш явахад урт хар сандал дээр хөгшин, залуу нийлсэн  долоон хүн бие биерүүгээ нуруугаа харуулан, өвөр дээрээ нэг, нэг ном тавиад ширтэн уншин сууж байх нь тэр. Тэд орчноос тасарчээ. Хамгийн ахмад настай, үс нь бууралтаж, зузаан нүдний шил зүүсэн өвөө номынхоо хуудсыг хурдан эргүүлж, үе үе уруулаа мушилзуулан, их л гярхай унших  нь хэзээний ном уншаад сурчихсан хүн болохыг илтгэнэ. Харин оюутан бололтой нэгэн охин номоо унших явцдаа утсанд ирэх мессежээ шалгаж, хариу бичин сууна.    
 “Интерном” номын дэлгүүрийн зохион байгуулагч н.Мэндээ “Манай дэлгүүр ажлын өдрүүд тэр дундаа цайны цагаар ачаалал их байдаг юм байна. Харин амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүд ном худалдан авахаар найз нөхөд, эцэг, эхийнхээ хамтаар үйлчлүүлэх нь элбэг байдаг” хэмээн өгүүлэв.
Үдээс хойш иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байв. Дөрөв, тавуулаа явах охидууд хэн нэгэнд бэлэг авах гэж байгаа бололтой тэмдэглэлийн дэвтэр, үзэг сонирхон ийш тийш холхиж харагдана. Анх орж ирсэн цагаас хойш номоо уншин суух оюутан охинтой ярилцлаа.
АШУҮИС-ийн их эмчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан Т.Дариймаа “Би одоо 16-17 номтой. Түүхийн, адал явдалтай, этгээд ном унших дуртай. Тэдгээр номыг уншиж гол утга агуулгыг ойлгоод, мэдлэг олдог болохоор ном унших нь үргэлж гоё байдаг. Манай эцэг эх, найзуудын маань аав, ээж ч гэсэн хичээлд хэрэгтэй ном худалдаж авахад мөнгө өгдөг хэдий ч чөлөөт цагаараа унших, өөрийнхөө дуртай, сонирхолтой  ном уншихаар мөнгө асуувал өгөхгүй байх тохиолдол их. Тийм болохоор долоо хоногийнхоо өдрийн хоолныхоо мөнгийг цуглуулж байгаад хүссэн номоо авчихдаг” гэв.
undefined
ЕБ-ын 23 дугаар сургуулийн  12 дугаар ангийн сурагч А.Батчимэг “Одоогоор 30 орчим номтой. Би түүхийн ном унших дургүй. Аль болох сонирхолтой, адал явдалтай ном унших дуртай. Өөрийнхөө хүссэн номыг авахаар аав, ээжээс мөнгө гуйхад мөнгөө цуглуулж ав гэдэг. Тийм болохоор хоёр долоо хоног, заримдаа сарын турш  цайны мөнгөө хуримтлуулж  байгаад ном авч уншина. Харин Цагаан сараар хамаатан садангийнхаа өгсөн мөнгөөр хүссэн номоо хурдан авдаг. Тэр үед заримдаа хоёр, гурван ном авах тохиолдол ч байдаг шүү” гэлээ. 
Оюутан залуус маань номын ашиг тусыг мэдэрч, номонд дурлаж хүссэн номоо авахын тулд өдрийн хоолныхоо мөнгийг цуглуулдаг болохыг сонсоод тэд нараар бахархах сэтгэгдэл төрөв. Нэг талаараа эцэг, эх нь өөрийнхөө хүчээр хүссэн зүйлээ авах бие даах чадварт суралцуулж байгаа нь энэ байх гэж  бодогдов. Залуус маань тив, дэлхийн сонин хачин зүйлсийг сонирхож, содон зүйлс рүү тэмүүлдэг ажигч, гярхай, сониуч зандаа хөтлөгдөн адал явдалтай ном уншдаг юм байна. Дараа нь юу болох бол гэж бодон, сонирхол татах, унших дур хүсэлийг бадраах ном нь залуучуудыг номонд дурлах үндсийг тавьж өгдөг аж.
Номын дэлгүүрт шинэ ном сонирхохоор ирсэн судлаач, Я.Ганбаатар гуай түүх, уран зохиолын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг учраас өдгөө 3000 гаруй номтой тэрээр оюутан залуутай зарим номны тухай санал бодлоо солилцож зөвлөгөө өгч байв. Я.Ганбаатар гуай залуучуудын ном сонголтын тухайд шүүмжлэлтэй ханддаггүй гэнэ. Учир нь залуучууд цаг үеэ дагаад, мөн өөрийнхөө мэдлэгт тулгуурлан хөнгөн чанарын, адал явдалтай ном уншиж байгааг буруушааж болохгүй гэлээ. “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд эцэг, эх нь ямар ном унших тал дээр тусалж, хамтдаа номын дэлгүүр орж, худалдаж авч байвал зүгээр. Энэ нь тэдгээр хүүхдүүдэд хэрэгтэй, ашигтай ном унших зөв хэвшлийг бүрдүүлнэ. Харин оюутнууд бие даан амьдарч байгаа учраас өөрсдийнхөө сонирхлоор зөв номоо сонгон унших хэрэгтэй” хэмээн залуучууд, эцэг, эхчүүдэд бага боловч, хэрэгтэй зөвлөгөө өгсөн юм.   
Ном унших нь нийгмийн ухааны мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзлээ төлөвшүүлэх, нийгмийн хөгжлийн зүй тогтол, гадаад дотоод бодлогыг судлах, олон улсын амьдрал, болж буй үйл явдлыг ойлгож мэдэх зэрэг ямар зорилго тавьж уншиж байгаагаас ихээхэн хамаардаг.  Хичээлийнхээ шаардлагаар ном худалдан авах залуучууд номын дэлгүүрт ороод уншихыг хүссэн номоо тольдож, хэзээ нэг өдөр худалдан аваад шимтэн унших зорилго тавиад гарах залуучууд цөөнгүй байгааг номын дэлгүүрт байх хугацаанд өөр хоорондоо ярилцах залуучуудын ярианаас сонсов. Эдгээр залуучууд ном унших дадлыг тогтоож чадвал ямарваа нэгэн мэдлэг боловсролыг хурдан шуурхай, нягт нямбай ойлгож, хэрэгжүүлэх өргөн боломжийг олж авна гэдэгтээ сэтгүүлч миний бие ч санал нийлүүлэв.
 Хүн зөв унших хэвшлийг тогтоовол минутад 1000-2000 үг буюу 200-400 хуудас ном унших боломжтой бөгөөд хүн амьдралынхаа туршид 1500-25000 ном, уншиж мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх боломжтой байдгийг эрдэмтэд тооцоолжээ.  Манай дэлхий дээр жилд 690 мянга гаруй нэрийн ном зохиол, найман миллиард хувиар хэвлэгдэн гарч байгаагаас утга агуулга өвөрмөц, мэдлэг өгөх ном зохиолыг олж уншвал үр дүнтэй. Мөн хүн өөрийнхөө унших арга барилыг олж, чадвал хурдан бөгөөд үр дүнтэй унших аж. Ингээд уншигч таньд “Эх хэлний хэрэглээ, соёл” номонд онцолсон ном унших аргын тухай хүргэе.
  • Үелж унших
  • Гүйлгэж унших
  • Тэмдэглэгээ хийж унших
  • Таамаглан унших
  • Анхаарлаа төвлөрүүлж унших (баримт, шинэ мэдээлэл, үйл явдлын дараалалд анхаарах)
  • Нягтлан унших (уншсаныг залруулсны дараа тодруулж, нягтлах уншлага)
  • Хяналт шинжилгээ хийх (унших явцад зогсож тодорхой асуултад хариулна)
  • Тоймлон харах (эхийн бүтэц зураг дүрслэлийг тоймлон ярилцсанаар эхийн онцлогийг мэдэж авах)
  • Задлан шинжлэх (бүдүүвч зураг дүрслэлийг тоймлон ярилцсанаар эхийн онцлогийг мэдэж авах)
  • Үнэлгээ хийх (өмнөх мэдлэгээ шинэ мэдлэгтэйгээ холбох, ашиглах)
  • Удаан бүрэн бус сонгож унших (Энэ үед зөвхөн уншигч л гол зүйлээ олж авдаг)
Сурвалжилсан Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн