Open iToim app
Дэлхийн монгол | 14 мин уншина

Б.Хонгорзул: Хүн өөрөө өөрийнхөө эмч, донор болох боломжтой эмчилгээний шинэ төрлийг Монголдоо нэвтрүүлнэ

Б.Хонгорзул: Хүн өөрөө өөрийнхөө эмч, донор болох боломжтой эмчилгээний шинэ төрлийг Монголдоо нэвтрүүлнэ
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 27
Энэ удаагийн “Дэлхийн монгол” булангийнхаа хүндэт зочноор АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Б.Хонгорзулыг урилаа. Тэрээр Японы Жичи Анагаахын их сургуульд өнчин тархины үүдэл эсийн судлалаар докторын зэрэг хамгаалсан.
Б.Хонгорзул эх орондоо ирээд Японд хийсэн судалгааныхаа ажлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрэмжит залуу эрдэмтэн, судлаачийн шагналыг хүртжээ. Одоо тэрээр АШУҮИС-даа багшлахаас гадна сурсан, мэдсэнээ Монголынхоо хөрсөнд буулгахаар “HFS” Үүдэл Эсийн Клиник эмнэлгийг үүсгэн байгуулж, Үүдэл эсийн Клиник болон Клиник лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг гурван жилийн өмнө Германд болсон Нобелийн шагналтнуудтай уулзах арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцсон хоёр судлаачийн нэг гэж сонссон. Уг уулзалтад ямар шалгуур хангаж оролцсон бэ, ямархуу үр  өгөөжтэй болдог вэ?
-Тус арга хэмжээ жил болгон болдог. Миний оролцсон жил “Анагаах ухаан, Физиологи”-ийн чиглэлээр болсон. Тухайн салбарт судалгаа шинжилгээ хийдэг залуус анкет бөглөөд, тэр дундаас нь шалгаруулдаг. Дэлхий 200 гаруй орноос 20-60 мянган залуу эрдэмтэд бүртгүүлснээс 600 залуу судлаач оролцох эрхээ авсан байдаг. Монголоос хоёр судлаач сонгогдсоны нэг нь би байсан. Энэхүү арга хэмжээний үеэр Нобелийн шагналтнуудтай уулзах, сургалтад суух, санал солилцох боломж олддог. Залуу судлаачийн хувьд маш том боломж байсан. Миний оролцсон жил түүхэндээ хамгийн олон буюу 40 гаруй Нобелийн шагналтнууд оролцсон уулзалт болсон.
Нобелийн шагналтнууд ямар судалгаа хийгээд, хэзээ, яаж амьдрал дээр батлагдаж Нобелийн шагнал хүртсэн бэ гэдгээ түлхүү ярьсан. Судалгааны өгүүлэл нь анх хэвлэгдсэнээсээ хойш 30-40 жилийн дараа Нобелийн шагнал хүртсэн гэж ярьж байх жишээтэй. Анх хэвлэгдсэн эхний 15 жил тухайн өгүүллийг хэн ч, ямар ч эрдэм шинжилгээнийхээ өгүүлэлд ишлэл аваагүй зэрэг туршлагаа хуваалцдаг нь залуу судлаачдад урам зориг өгч байсан.
Судлаач хүн амьдралынхаа маш олон жилийг судалгаандаа зориулахын тулд яаж ажиллах ёстой, судлаачийнхаа амьдралаар хэрхэн үр бүтээлтэй амьдрах вэ зэргээр урам зориг, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл өгсөн арга хэмжээ болдог.
Залуу судлаач хүний хувьд дэлхийд нэр хүнд бүхий анагаах ухааны сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэх нь маш үнэ цэнэтэй байдаг. Миний хувьд 7-8 судалгааны өгүүллээ тухайн салбарынхаа нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн. Хамгийн чухал нь миний судалгааны өгүүллээс өөр нэртэй, мундаг эрдэмтэд судалгаандаа ишлэл татаж оруулах нь илүү үнэ цэнэтэй байдаг. Мөн тэнд оролцож байгаа залуу судлаачид өөрсдийн судалгааны бүтээлээ танилцуулах, санал бодлоо хуваалцах боломж нээлттэй байсан. Миний хувьд өнчин тархины үүдэл эсийн судалгаагаа танилцуулсан.
-Та өнчин тархины үүдэл эсийн судалгаагаараа докторын зэрэг хамгаалж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу эрдэмтэн судлаач шагналыг хүртсэн шүү дээ. Энэ судалгааны бүтээлд хэр их цаг зарцуулж, яг ямар шинэ нээлт хийсэн бэ?
-Японд доктор хамгаалах гээд сурч байхад манай танхим өнчин тархийг судалдаг байсан. Тухайн оюутны сонирхлоор цаашаа нарийн задраад явах боломжтой байдаг. Миний хувьд хагас жил ерөнхий сэдвийнхээ талаар зогсолтгүй уншиж, шинэ содон судалгаануудтай танилцсан л даа. Тэр дундаас эсийн сигнал, үүдэл эсийн механизмыг судлахаар сонгосон. Үүдэл эсийг хүний биед хэзээ гарч ирснээсээ хамаарч үр хөврөлийн үе, нас бие гүйцсэн үе гэж хоёр ангилдаг. Эмэгтэй, эрэгтэй хүний нэг, нэг эс нийлж үр тогтсон өндгөн эс бий болж, хүн бүрэлдэх цагаас эхлэн үхэн үхтэл хүнд үүдэл эс гэж байдаг. Үүдэл эс нь шаардлагатай үедээ өөрийгөө олшруулах, эсвэл ялгаран хөгжих байдлаар хүний хэвийн физиологид оролцоод явдаг. Бүх эд эрхтний эс тодорхой амьдрах хугацаатай. Үхэж буй эсүүд шинэ эсээр солигдож, хүний бие физиологи хэвийн ажилладаг. Хэрвээ энэ үйл ажиллагаа нь алдагдвал янз бүрийн өвчин, хавдар зэрэг төрөл бүрийн эмгэг үүсдэг. Тэгэхээр шаардлагатай үед шинэ эсийг ганцхан үүдэл эс гарна. Нөгөө талаас хүн гар хөлөө гэмтээх, арьсаа зүсэхэд шинэ төрлийн эсийг мөн л үүдэл эс гаргадаг. Үүдэл эс “blank state”-үйл ажиллагааны нарийвчилсан чиглэлгүй ч, бэлэн байдалтай байж байгаад орчноос ирж байгаа ямар нэгэн мэдээлэл ирэх үед үйл ажиллагаа нь идэвхждэг. Тэгэхээр үүдэл эсийн энэ үйл ажиллагааг хэн идэвжлүүлээд байгаа, хэн хянаж, ямар үед олширч, ямар үед цөөрч, ямар үед хуваагдан олширч байна вэ гэдэг зохицуулга механизмыг судалсан. Судалгаа шинжилгээ хийн, олон улсын сэтгүүлд хэвлэгдэж байгаа бүхий л судалгаа тухайн салбар, чиглэлдээ шинэ нээлтийг л хийж байдаг, зөвхөн цар хүрээний хувьд л ялгаатай байдаг. Яг түүнтэй адилхан миний судалгааны ажил ч гэсэн жижиг хэмжээний шинэ нээлт болсон юм.
-Үүдэл эсээр нь хүний өвчнийг эмчлэх тухай яриад байна. Үүдэл эсийн эмчилгээ ярихаас өмнө хүний хаана, хаанаас нь үүдэл эс авдаг талаар тайлбарлаж өгнө үү?
-Ер нь бол хүний бүхий л эрхтэн дотор үүдэл эс тодорхой хэмжээгээр байдаг. Харин эмчилгээнд хэрэглэх зорилгоор хэд хэдэн эд, эрхтнээс гарган авч байгаа. Үүнд хүйн судас, ихэс, өөх, ясны цөмөг болон захын цуснаас гаргаж авч болно. Эдгээрээс ясны чөмгөнөөс гаргаж авах арга нь нэлээд хүнд. Тухайн өвчтөн эсвэл донорт маш их өвдөлт мэдрэгдэнэ. Учир нь яснаас нь хатгалт хийж авдаг. Эсийн тоо эмчилгээний үр дүнд нөлөөтэй байдаг учраас олон удаа хатгах шаардлагатай болдог. Тиймээс дэлхий нийтээр ясны чөмгөнөөс үүдэл эс гаргаж авахаас татгалзаад эхэлсэн. Захын цуснаас ялгаж авч байгаа тохиолдлыг цусны хавдартай хүмүүст өргөнөөр хэрэглэдэг. Хүйн судас буюу ихсээс авах арга нь 100 хувь практикт нэвтэрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үр дүн байхгүй байгаа. Учир нь эрсдэл өндөр, цаашлаад хавдрын эс болох магадлал өндөр. Гэхдээ хүүхдээ төрүүлэх үедээ хүйн судаснаас нь цусыг нь аваад хадгалуулж болдог. Учир нь ирээдүйд тухайн хүүхэд болон түүний төрсөн ах дүү нар, ээж аавд нь хэрэглэх боломж байдаг.
Олон улсад өргөнөөр хэрэглэж, анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдөж буй тохиолдол нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь нэгд, өвчтөнд зовуурь багатай. Хоёрт, олдоц ихтэй. Хүссэн үедээ өөхнөөсөө үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Хамгийн гол нь хавдар болох магадлал бага байдаг. Энэ давуу талуудыг харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өөр нэгэн биш, та өөрөө өөрийнхөө донор болох боломжтой болно

undefined
-Тэгэхээр өөхнөөс гаргаж авсан үүдэл эсээр ямар, ямар өвчнийг эмчлэх юм бэ?
-Одоогоор үе мөчний өвчтэй хүмүүсийг эмчлэх зорилт тавьж байна. Гэхдээ өвчлөл ямар шатанд, хэр хурц хэлбэрт шилжсэн бэ гэдэг нь эмчилгээний үр дүнд маш чухал. Үе мөчний өвчин нь дөрөвдүгээр шат буюу үе шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн бол үүдэл эсийн эмчилгээ үр дүнгүй. Учир нь үүдэл эсийн эмчилгээ нь тухайн 0 цэг дээр байгаа эс нь цаашаа өсч, үржих боломжтой эсийг түүж аваад буцаагаад тухайн хүнд хийнэ. Ингэснээр тухайн хүний өвчтэй байгаа цэг дээр нутагшиж, дасан зохицно гэсэн үг. Ингэж дасан зохицсоны дараа тухайн эсүүд өөрсдийгөө хувааж олшруулдаг. Дараа нь тухайн орчинд ямар төрлийн эс болж, ялгаран хөгжих вэ гэдэг зохицуулгыг тооцдог. Хүний биед өвчлөл, өвчин үүссэн байна гэдэг нь тухайн орчинд байх эрүүл эсийн тоо цөөрч, гэмтсэн эсүүд нь олширч байгааг илтгэдэг. Тэдний оронд 100 хувь үйл ажиллагаагаа явуулах чадвартай эсүүдийг үүдэл эсээр нь дамжуулан шинээр бий болгодог гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн тухайн орчинд янз бүрийн үрэвсэл үүссэн байвал тэр нь дарагдаж, хуучирсан муу эсүүд үхжиж, оронд нь шинэ залуу чадвартай эсүүд бий болж, үйл ажиллагаа сайжирч хэвийн байдалдаа ордог гэсэн үг. Нөхөн төлжилт, сэргэлт явагддаг.
Харин үе мөчний дөрөвдүгээр шатандаа орж, үе солиулах шаардлагатай болсон хүний хувьд эс нь нөхөн төлжих боломжгүй болсон байдаг. Тиймээс эмч нар үе солих буюу метал суулгах аргыг зөвлөдөг. Энэ тохиолдолд үүдэл эсийн эмчилгээ нь үрэвсэл  дарах, өвчин л намдаана. Тиймээс дөрөвдүгээр үедээ орсон хүмүүст ийм эмчилгээ санал болгохгүй, харин нэг, хоёрдугаар шат болон гуравдугаар шатны эхэн үедээ байгаа хүмүүс үүдэл эсийн эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй, эдгэрэх боломжтой.
Дараагийнх арьсны гэмтэлтэй, эдгэхгүй архаг шархтай хүмүүст үүдэл эсийн эмчилгээ хийх боломжтой. Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүсийн шарх маш удаан эдгэрэхгүй байдаг. Ийм хүмүүст үүдэл эсийн эмчилгээ хийвэл сайн үр дүнтэй байдаг. Чихрийн шижингийн үеийн нэг хүндрэл нь хөл гараа тайруулсан байдаг шүү дээ. Ийм тохиолдол үүсэхээс өмнөх шарх сорвийг үүдэл эсээр эмчлэх боломжтой.
Бэлгийн сулралын үед үүдэл эсээр эмчилгээ хийх боломжтой. Эмэгтэй, эрэгтэй аль ч тохиолдолд үүдэл эсийн эмчилгээг нөхөн үржихүйн шинжлэх ухаанд өргөнөөр ашиглаж байна. Дээр нь халзралтай хүмүүст үүдэл эсийн эмчилгээ хийвэл эргээд нөхөн төлжиж, үс нь ургах боломжтой.
Бидний нэвтрүүлэх гэж байгаа үүдэл эсийн эмчилгээний аргыг cGMP, TUV болон CE-ээр баталгаажин, хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд дэлхийн 20-30 оронд нэвтэрсэн байгаа.
Манай баг олон улсын үүдэл эсийн эмчилгээ хийдэг эмч нарын холбооны гишүүн бөгөөд энэ төрлийн шаталсан сургалтад удаа дараа хамрагдаж, хүнд үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийх эрхээ авсан. Дээр нь сургалтад суухаас гадна тухайн олон улсын экспертүүдтэй хамтран ажилладаг. Эмч нар маань Япон Солонгос, Туркт сургалтад сууж, эмчилгээний бүх арга техникээ сурж, тодорхой кэйсүүд дээр ажиллаад ирсэн. Эмнэлгийн үйл ажиллагаагаа нээх бэлтгэл ажлаа хийгээд л явж байна.
-Монголд үүдэл эсийн эмчилгээ хэр сайн нэвтэрсэн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг цусны хавдартай хүмүүст үүдэл эсийн эмчилгээ хийдэг. Бидний нэвтрүүлэх гэж байгаа төрөл нэлээд шинэлэг салбарт тооцогдоно.
-Эсийн төвшинд өвчнийг эмчилдэг аргыг нэвтрүүлэх юм байна. Хар ухаанаар бол тухайн хүнээс эсийг нь ялгаж аваад сайн эсийг судлаад эргээд  өөрт хийх замаар эмчилнэ гэж ойлголоо, зөв үү?
-Шууд сайн эс гээд хэлчихвэл өрөөсгөл болно. Нөхөн төлжих, олшрох чадвартай эсийг үүдэл эс гэдэг. Тухайн хүний эд, эсээс тэрхүү тусгай чадвартай үүдэл эсүүдийг ялгаж аваад тухайн хүндээ буцааж хийнэ гэсэн үг. Өөр нэгэн биш, та өөрөө өөрийнхөө донор болж байна гэсэн үг.
-Сүүлийн үед гоо сайханд үүдэл эсийг ашигладаг гэж ярьдаг шүү дээ. Жишээ нь, PRP эмчилгээг үүдэл эсийн эмчилгээ гэж зарим хүн ойлгоод байдаг л даа?
-PRP гэдэг нь ялтаст эсээр баялаг сийвэнгийн хэсэг гэсэн утгатай. Энэ үйлчилгээнд эс бол бий. Гэхдээ эс дотроо маш олон төрөл. Дээр дурдсан чадвартай үүдэл эс байгаа юу гэвэл байхгүй. Цусны ерөнхий нэг төрлийн эсийг агуулсан эсийг гоо сайханд хэрэглэдэг. Зарим эмнэлэг, гоо сайхны газрууд захын судаснаас ялгаж авсан цусыг, муухайгаар хэлбэл үүдэл эсийн эмчилгээ гэж зарлаж, хүмүүст хийдэг тохиолдол байгаад байна. Баттай хэлэхэд, PRP эмчилгээнд үүдэл эс байдаггүй. Хоёрт, үүдэл эсийг оруулж ирээд худалдаж байна, авах уу гэсэн зар байна. Амьд эс өөрөө бүтээгдэхүүн хэлбэрээр байгаад хүнд хэрэглэх гэж байгаа бол та өөрөөсөө “Энэ эс яаж амьд байгаа юм бэ” гэдгийг асуух хэрэгтэй. Учир нь, тухайн эсийг амьдруулахын тулд лабораторийн орчин маш чухал. Тухайн лабораторид маш олон төрлийн биологийн идэвхт бодис байж эсүүд амьд байх боломжтой. Хоёрт эс амьдрахын тулд тодорхой температур хэрэгтэй. Гуравт, эс амьдрахад чийгтэй орчин хэрэгтэй. Дөрөвт, хүчилтөрөгч, CO2 хүртэл хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсийн хэрэглэх гэж байгаа эс тийм орчныг хангаад байгаа гэж бодоход эргээд лабораторид биологийн идэвхтэй бодисоор хадгалсан эс таны биед хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй.
Дэлхийд зөвхөн лабораторийн туршилтад зориулсан эсүүдийг зардаг. Харин үүдэл эсээс гарган авсан бүтээгдэхүүн гэж бий. Ихэвчлэн гоо сайхны арьс арчилгаа, хөгшрөлтийн эсрэг чиглэлд хэрэглэдэг. Эс бус, эсээс ялгардаг, эсийг идэвхжүүлдэг аль нэг бодисуудыг агуулсан бүтээгдэхүүн байдаг.

Паркинсон, альцгеймер, аутизм зэрэг өвчнийг үүдэл эс, генийн эмчилгээний аргаар эмчлэх боломжтой болж байна

undefined
-Үүдэл эсийг нь ялгаж аваад тухайн хүнд хийхээс гадна өөр бусад хүмүүст хийх боломжтой юу?
-Хүсвэл болно. Гэхдээ манай эмнэлэг ийм үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн танаас авсан үүдэл эсийг та өөрөө л хэрэглэнэ. Өөр хүнд суулгана гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилхан. Суулгасан эс тухайн хүнд таарах уу, таарахгүй юу гэдгийг нарийн судлах ёстой буюу эдийн тохироо бүрдлийг шалгах шаардлагатай. Дархлааны урвалыг өдөөдөг учраас болгоомжтой хандах хэрэгтэй.
-Ер нь Монголд үүдэл эсийн судалгаа хийсэн хүн хэр олон байдаг вэ?
-Үүдэл эс бол том шинжлэх ухаан бөгөөд дотроо олон чиглэлд хуваагддаг. Японд шүдний үүдэл эсийг судалж, доктор хамгаалсан мундаг эмэгтэй бий. Мөн Солонгост хүйн цуснаас үүдэл эсийг ялгаж аваад эмчилгээний практикт нэвтрүүлэх чиглэлээр ажилласан доктор эмэгтэй байна. Мөн Голландад доктор хамгаалж, зүрхний үүдэл эсийн зохицуулагатай холбоотой судалгааны чиглэлд  ажилласан мундаг эмэгтэйчүүд бий шүү.
-Таны хувьд Японд хамгаалсан докторын судалгааны ажлаа Монголдоо ажил хэрэг болгож, анагаахын салбарт үүдэл эсийн эмчилгээний нэг шинэ төрлийг нэвтрүүлэх гэж байгаа нь бахархалтай санагдаж байна.
-Би Японд сурсан, дээрээс нь манай эмч нар Солонгос, Турк сурсан үүдэл эсийн эмчилгээг Монголдоо нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Миний хувьд шууд хүнд эмчилгээ хийх эмч хүн биш. Би бол судлаач, үүдэл эсийн мэргэжилтэн. Тухайн хүнээс мэргэжлийн эмч эдийг нь авна. Харин ялгаад авсан эд дотроос нь чадвартай, нарийн үүдэл эсүүдийг лабораторийн төвшинд ялгаж авах нь миний ажил. Энэ нь миний Японд сурсан бүх зүйлтэй нягт холбоотой.
-Монгол Улсын хүн амын дунд үе мөчний өвчлөл нэлээд түгээмэл л дээ. Тэгэхээр үе мөчний өвчнийг эхэн үед нь үүдэл эсийн эмчилгээгээр бүрэн эдгээх боломжтой болно гэсэн үг үү?
-Боломжтой болно. Монголчуудын дийлэнх нь биедээ хайргүй байна уу даа гэж би боддог. Учир нь өвдөөд нэлээд удаан явж байгаад бүр болохоо больсон үед нь эмнэлгийн хаалга татдаг. Уг нь гаднын өндөр хөгжсөн орнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухалд тооцогддог. Өвдөөд эдгэшгүй болтлоо явахаасаа өмнө ямар ч өвчнийг эрт үед эмчлүүлбэл эдгэрэх бүрэн боломжтой байдаг. Энэ чиг хандлагаа өөрчилж, өөрсдийнхөө эрүүл мэндийг нэгд тавьж, цаг хугацаа болон санхүүгээ төлөвлөх хэрэгтэй. Үе мөчний өвчнийг эрт үедээ оношилж, зөв тактикаар эмчлэх шинэ аргууд гарч ирж байна.
Жилдээ нэг удаа эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндээ ямагт нэгд тавих хэрэгтэй шүү гэж ард иргэддээ зөвлөмөөр байна.
-Манай улсад энэ төрлийн эмчилгээг хийлгэх гэж гадагшаа явдаг өвчтөнүүдийн статистик мэдээлэл бий юу?
-2017 онд Монголдоо ирснээс хойш танилын хүрээгээр дамжуулж надаас асууж, мэдээлэл өгөөч гэдэг байсан. Олон эцэг эхчүүд, хүмүүс үүдэл эсийн эмчилгээ хийлгэх гэж гадагшаа явдаг юм байна лээ. Энэ утгаараа манайд хэрэгцээ, шаардлага бий. Ер нь дэлхийн эмчилгээний чиг хандлага эсийн төвшин, цаашлаад эсийн доторх гений төвшинд яригдаж байна. Манай улс ч мөн үүнтэй хөл нийлүүлэх цаг аль хэдийнэ болчихсон. Өнөөдөр зөвхөн нэгдүгээр эмнэлэг цусны хавдартай хүнд эмчилгээний зориулалтаар үүдэл эсийн эмчилгээ хийж байна. Одоо бусад өвчнүүдийг үүдэл эсээр эмчлэх хэрэгтэй.
-Шүдний үүдэл эсийн эмчилгээ гэхээр яах вэ, шүд ургуулна гэсэн үг үү?
-Шүдний үүдэл эс гэдгийг шүд ургуулна гэж шууд ойлгож болохгүй. Лабораторийн төвшинд олон улсын судалгаа шинжилгээний газрууд үүдэл эсээр шүдийг ургуулах боломжтой юм байна гэдгийг тогтоосон. Гэхдээ клиникт хэрэглэж, нэвтрүүлсэн зүйл байхгүй. Харин чихрийн шижинтэй хүмүүс болон шүд авхуулсны дараа буйл үрэвсэх, шархлах, эдгэхгүй олон сар шархтай явах тохиолдол олон бий. Ийм кэйсүүд дээр үүсэл эсийн эмчилгээгээр шархыг эмчилж боломжтой юм.
-Таны хувьд Монгол Улсынхаа шинжлэх ухааны салбарыг ямар төвшинд байна гэж боддог вэ. Залуу эрдэмтэд маань дотооддоо бодитой ажил хийж чадаж байна уу. Нөгөө талаас улс шинжлэх ухааны салбараа дэмжиж, хэр сайн анхаарч байна вэ?
-Өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ий гурав хүртэлх хувийг зарцуулдаг. Харин манай улс ДНБ-ийнхээ 1 хувь байсан нь 0.5  хүртэлх болж буурсан байгаа бөгөөд ер нь жил ирэх тусам улам буурах чиг хандлагатай байна. Ямар ч улс орон шинжлэх ухаанаа тэргүүнд тавьж, хөрөнгө оруулалт хийдэг. Одоо ковидын эсрэг вакцин гаргаж авахын тулд өндөр хөгжилтэй орнуудын судлаач, шинжлэх ухааны салбарынхан өрсөлдөж байна. Вакцин хамгийн түрүүнд гаргасан улс, тухайн бүсэд санхүүгийн хамгийн том хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Шинжлэх ухаандаа мөнгө сайн хаяж байгаа газар эрүүл мэндийн салбар нь асар өндөр хөгжиж, хүн ардынх нь эрүүл мэндийн баталгаа бүрэн хангагддаг.
Манай улсын хувьд шинжлэх ухаан, хүн ардынхаа эрүүл мэндэд тавьж байгаа санхүүжилт маш бага байдаг. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мундаг судлаач олон залуус байна. Даанч Монголоосоо санхүүжилт олж чадахгүй байна. Олох гээд төслөө бэлтгээд өгөхөөр дундаас хүмүүс хулгайлаад өөрсдийнх юм шиг ашиглаад явах тохиолдол цөөнгүй гардаг. Ийм зүйлээс айгаад залуу судлаачид дотоодоосоо биш, гаднаас санхүүжилт хайх нь амар байдаг. Судалгаа шинжилгээний үр дүнг батлахын тулд хамгийн багадаа 4-5 удаа судалгаа хийж, үр дүнгээ баталгаатай болгодог. Гэтэл манай улсын зарцуулж байгаа санхүүжилт 4-5 удаа биш, нэг удаа судалгаа хийх зардлыг бүрэн хангаж чадахгүй байдал байгаа. Гэхдээ цаашдаа энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.
Миний хувьд Монголоосоо төслийн санхүүжилт авч байгаагүй. Японы санхүүжилттэй судалгааны ажлууд хийж байгаа. Одоо анагаахын сургуулийнхаа бакалавр, магистрын оюутнууддаа Японд хийж байсан судалгааг үргэлжлүүлэн хийх боломжийг олгож, заавар зөвлөгөө өгч байгаа.
-Залуу судлаачийн хувьд цаашдынхаа хүсэл эрмэлзэл, мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?
-Сүүлийн үед эрдэмтэн, судлаачид үүдэл эс, генийн судалгаанд анхаарал хандуулж байгаа. Учир нь, үүдэл эсийн эмчилгээ нь нөхөн сэргээх анагаах ухааныг шинэ төвшинд гаргах боломжтой болсон. Өнөөдөр янз бүрийн өвчин тусахад хүнээс хүнд эд эрхтэн шилжүүлэх эмчилгээний аргыг хэрэглэж байгаа. Хэрвээ шинжлэх ухаан төгс хөгжвөл ирээдүйд та өөрөө өөрийнхөө эмч болж, хүний эд эрхтэнг шилжүүлэх бус өөрийнхөө эд эсийг суулгах боломжтой болно. Гэхдээ үүнийг хийхийн тулд судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Хоёрт, үүний цаана ёс зүйн маш том асуудал яригдана. Энэ асуудлыг хуулиар хэрхэн яаж, зөв зохицуулах вэ гэдгийг улс орон болгон бодох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудын энэ чиглэлийн баримталдаг бодлого янз бүр байдаг. Монголд маш том баг байгуулагдан хууль, журам дээр ажиллаж байна. Шинжлэх ухааны ирээдүйн чиг хандлагаас хоцрохгүй, дэлхийтэй мөр зэрэгцээд явах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл, амбиц бий. Бидний оруулж ирж байгаа техник тоног төхөөрөмж, дэлхийн анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн үүдэл эсийн эмчилгээ хэрэгтэй хүмүүстэй хүрээсэй гэж хүсч байна.
Олон улсын төвшинд паркинсон, альцгеймер, аутизм, тархи мэдрэлийн гаралтай учир шалтгаан нь 100 хувь тогтоогдоогүй, эсвэл учир шалтгааныг тогтоосон ч гэсэн эмчилж чадахгүй байгаа энэ өвчнүүдийн эцсийн эмчилгээний тактик үүдэл эс болон генийн эмчилгээ байж болох юм байна гэдгийг баталсаар байна. Ирээдүйд энэ өвчнүүдийг эмчилдэг болохыг зорьж байгаа.
Сайн судлаач, эмч нараас бүрдсэн сайн багтай ажиллах гэж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ хүмүүсийн хүчээр үүдэл эсийн эмчилгээний төрлийг Монголдоо нэвтрүүлж, дараагийн төвшинд гаргая гэсэн том зорилго тавьж, сэтгэл шулуудсан явна аа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн