"Эрдэмт" паблишингаас Жедедайя Билагийн "Бүү саад бол" хэмээх номыг орчуулан олны хүртээл болгожээ. Номынхоо нээлтийг өнгөрсөн бямба гаригт онлайнаар хийсэн байна. Тус номын ерөнхий редактор, Боловсролын магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөлийн гадаад харилцааны мэргэжилтэн Э.Саруултай "Бүү саад бол" номын талаар ярилцлаа. Тэрээр өмнө нь “Жек Магийн бүтээсэн Алибаба”, "Ганцхан миний л үр", "Бяцхан Кокогийн түүх" зэрэг номуудыг орчуулан уншигчдын хүртээл болгож байсан билээ.
-Бид өглөө сэрүүлэг дуугарахаас эхлүүлээд л утсаа оролддог донтой болжээ. Залуучууд өдөрт дунджаар 4-5 цаг утсаа ашигладаг бол гэртээ карентинд байгаа хүүхдүүд өдөр 8-9 цагийг утсандаа зарцуулж байна гэсэн судалгаа байна?
-Тийм шүү. Энэ хугацааг тооцвол нэг жилийн дөрвөн сарыг зөвхөн утсандаа зарцуулж байгаа гэсэн үг юм. Бидний Z үе гэж нэрлэдэг хүмүүст сэтгэлээр маш амархан унадаг, нэг зүйлд тууштай байж чаддаггүй зэрэг шинж чанарууд давамгайлж байна. Үүнд сошиал медиа том нөлөө үзүүлж байна. Сошиал медиаг хэрэглэхийн тулд утас хэрэглэнэ.
Бид сошиал медиа дээр олон инфлүэнсэрүүдийг дагадаг, хардаг. Тэдний гоё хувцаслачихсан, гоё амралтын газарт амраад, гадаадаар аялаад л байгааг хараад "би яагаад ингэж чадахгүй байна" гэж өөртөө гутарч эхэлдэг байна. Гэтэл үнэндээ таны дагаж байгаа хүмүүс амьдрал нь өдөр бүхэн гоё, сайхан байгаа мэт харуулдаг. Үнэн хэрэг дээрээ хүн бүхний амьдрал өдөр бүхэн сайхан байхгүй шүү дээ.