Нийслэлчүүдийн өдөр хоног ууртай, утаатай, түгжрэлтэй урсан өнгөрсөөр. Гэхдээ энэ бүхнийг түрхэн азнаж нийслэлд цор ганц буй “Инээмсэглэл” кафегаас сурвалжлагаа бэлтгэлээ.
Өдрийн 12:00 цаг. Нийслэлийн төв хэсэг. С.Зориг сангийн умгар шар байрны хашаанд байрлах жижигхэн кафег зорив. Энэ бол нийслэлд цор ганц байх “Инээмсэглэл” кафе. Инээмсэглэл хэмээн нэрийдэх шалтгаан нь тус газрын ажилтнууд уур уцаар, хар барааныг “мартагсад”. Тэдний 21 дэх хромосом хос биш гурав болж хуваагдсанаар цагаахан нэгэн болсон аж. Цагаахан гэхээс илүүтэйгээр иргэд дауны хам шинж гэдгээр нь мэднэ.
Үүдээр ороход 20 гаруй насны эмэгтэй кафегаа цэвэрлэж байв. Түүнийг У.Нинжбадам гэдэг, 26 настай.
“Би 28 дугаар сургуулийг есдүгээр анги төгсөөд удаж байна. Энд ажиллаж, цалин авах нь гоё байна. Мөн сэндвич, кофе хийх нь хамгийн гоё” хэмээн өөрийгөө танилцуулах тэрээр тус кафены захиалгын хэсэгт иргэдэд үйлчилнэ. Захиалгыг өөр ажилтан үйлчлүүлэгчээс авч, авсан захиалгыг У.Нинжбадам бэлтгэнэ. Дауны хам шинжтэй хүүхэд залуус нь аливаа зүйлийг зөв дарааллын дагуу, анхлан сурсан аргаар л хийхийг эрмэлздэг тул нягт, нямбайгаар хийж байгаа нь нүдэнд илт байв. Тус кафе иргэдэд үйлчлэхээс гадна даунтай хүүхэд залуусыг чадавхжуулах зорилготой ажилладаг юм байна. Тиймээс кафед зарах бүтээгдэхүүн болох сэндвич хийх, өндөг шарах бусад зүйлийг хийхэд эцэг эхчүүд тусалж, заадаг аж. Эдгээр нь энгийн боловч тэдний хувьд хөлс дуслуулах чадвар гэдгийг эцэг, эхчүүд онцолж байв. Түүнчлэн, тус кафегаар дауны холбоотой хамтран ажилладаг байгууллагуудын ажилтан, оюутан залуус ихээр үйлчлүүлдэг аж.
Үүгээр ч, тэрүүгээр ч явж хүүдээ туслах нэгэн бол С.Тэмүүлэнгийн ээж Д.Хишигжаргал. Тэрбээр, кафед ажиллах хүүхдүүдийн талаар “Даунтай хүүхдүүд юмыг даган дуурайх чадвар өндөртэй учраас нэг зүйлийг олон давтаж хийсний үндсэн дээр маш сайн сурч өөрийн болгодог. Харин ямар нэг зүйлийг өөрөө сэтгэж хийх чадвар нь сул. Эвийг нь олж хүүхдүүдэд зааж сургавал бараг л асуудалгүй. Манай хүүхдүүдийг үйлчлүүлэгчид “Инээмсэглэл” кафегийнхан гэж нэрлэдэг. Зочид ирвэл байнга инээж угтаж, менюгээ үзүүлээд захиалга авдаг учраас л тэр. Ковидын улмаас хоёр жил хаалтай, өнжсөн. Тиймээс үйлчлүүлэгчид дауны холбооны кофе шоп ажиллаж байгаа юу, хэзээ ажиллах вэ гэж маш их асуулгасан байсан. Хүүхдүүдийн хувьд сурсан зүйлээ мартахгүй, хаана ч биелүүлнэ. Гэхдээ сайн зааж өгөх ёстой. Хэрвээ бидний зааж өгсөн байдлаас арай өөр дарааллаар заавал хүлээж авахдаа эмзэг байдаг. Жишээлбэл, орой бүр шүдээ угааж унтдаг бол даунтай хүүхэд шүдээ угаахгүйгээр унтаж чадахгүй. Хүнд хэлэхгүйгээр хүний юмыг дураараа авахгүй. Өөрийнхөө юмыг яг байранд нь тавина. Хүнээр бас оролдуулах дургүй. Нэг тийм номын хүмүүс л байдаг. Үүнд эцэг, эх гэр бүлийн хүмүүжил маш чухал. Даунтай хүн хуурна гэж огт байхгүй. Хүмүүс юмыг хулхидаад хийчихдэг шүү дээ. Энд зургааг, энд долоог хийгээрэй, энд дүүрэн байна шүү гээд хэлчихсэн байхад дүүрэн л байна. Нэгийг авсан тохиолдолд нөхөж хийхгүй л бол сэтгэл нь өвдөөд сууж чаддаггүй. Түүнийгээ хийсний дараа л санаа нь амардаг” гэлээ.
Харин энэ бол С.Тэмүүлэн. Ойр тойрноо “цоортол” арчих тэрээр өдгөө 22 настай. Өнөөдөр түүний оны эхний ажлын өдөр. “Би утастай болсон” хэмээн хүн бүхэнд харуулах С.Тэмүүлэн шинэ жилийн баяраар оймсонд хүслээ хийснээр гар утастай болжээ. Тэрээр дан ганц кофе шопод ажиллахаас гадна гүйх, зураг зурах сонирхолтой. Тэрээр “Анима” дүрслэх урлагийн коллежид суралцдаг. Харин гүйлтээрээ Австри улсад зохион байгуулагдсан Тусгай олимпоос мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Одоо тэр гүйлтийн хурдаа захиалагчийн кофег зөөхөд ашиглаж буй.
Тэд татвар төлөгч болох зорилт тавьжээ
Тэднийг ажиж, чиглүүлж, дэмждэг хүн Дауны холбооны гүйцэтгэх захирал Д.Наранжаргал. Тэрбээр, “Энэ кафе нь дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтын төв гэж явдаг. Энэ төв нь ковидоос өмнө үйл ажиллагаа явуулдаг байсан ч жил гаруй түр завсарлаад 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ний өдрөөс буцаад ажиллаж байна. Энд насанд хүрсэн дауны хам шинжтэй залуучууд ажлын өдрүүдэд, ажлын цагаар ирж хөдөлмөрт бэлтгэгддэг гэсэн үг. Мөн ээжүүд давхар хүүхдүүдээ ажлын байрны дадлагажуулагчаар сургаж ажилладаг. Одоогийн байдлаар арав орчим залуу хуваарийн дагуу ажиллаж байна. Хөдөлмөр сургалтын төвийн цаашдын зорилт бол аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтрах. Жишээлбэл, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ кофе шопуудын ажлын байрт хүүхдүүдээ оруулах зорилттой ажиллаж байна. Тиймээс энд ажиллаж байгаа хүүхдүүдээ сайтар бэлтгэж, ажлын байранд гарч ажиллах бүрэн боломжтой болгох тал дээр түлхүү ажиллаж байна” хэмээх холбооныхны зорилт байнгын асаргаанд байж, халамж хүртэгч байлгах бус улсдаа татвар төлөгч болгох аж.
Тус кафег Дауны холбооноос нэг өдөрт хоёр эцэг эх, хоёр хүүхэд гэх байдлаар хүний нөөцийг нь бүрдүүлсэн байна. Үүдээр ороход инээмсэглэн угтаж, үүдээр гарахад инээмсэглэн үдэх тэдний бэлтгэх кофег “Инээмсэглэл” гэх нь зүй ёсных. Инээмсэглэлийг харж л болдог байсан бол тус кафед ууж болох аж. Үйлчлүүлэгчийн захиалгад дулаан энерги, инээмсэглэл хоёроо шингээх “Инээмсэглэл”-ийг уугаад уураа лав гээчихлээ. Аливааг мянган цаг хийхэд төгс эзэмшдэг гэх үг бий. Магад эдгээр залуус мянга атугай цагийг таны захиалгыг бэлэн болгоход давтан зарцуулсан байх. Та заавал тэднийг зорьж үйлчлүүлээрэй.