Эдийн засагч Б.Лакшмитай гадаад өр болон гадаад өрийн эргэн төлөлтийн талаар ярилцлаа.
-Монгол Улсыг БНХАУ-д өрөө төлж чадахгүй байх эрсдэлтэй улсуудын жагсаалтад оруулсан гэдэг мэдээлэл гарсан. Ер нь гадаад өрийн байдал хэр байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Том, том хаадынхаа нэрээр нэрлэсэн өрөө бид өрөөр солиод л яваад байгаа. Энэ жилээс бондуудын үндсэн төлбөрийг төлөхөөр байсан. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлөөд явж байсан. Эдийн засаг муудсан энэ үед гадаад өр бол том асуудал болно. БНХАУ-ын Төв банктай байгуулсан своп хэлцэл бий. Хоёр Засгийн газар хооронд гэрээгээр олгосон өр гэх зэрэг олон өрийн эргэн төлөлт тулж ирлээ. Нэг талаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөж байх үед зээл, өр бол асуудалгүй. Гол нь эдийн засгийн өсөлт саарсан, экспорт саарсан, төсвийн зарлага нь байнга тэлж байгаа, валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа үед маш том хүндрэл болно.
Нэгд, Чингис бондыг 2012 онд авч байсан. Түүхэндээ хамгийн өндөр дүнтэй авсан өр гэж хэлж болно. Анх доллараар авч байсан. Тухайн үед доллар хямд байлаа шүү дээ. Тэгэхээр бид долларын ханшийн алдагдал гэж хэр их хүлээж байна вэ. Алдсан боломж, алдагдал нь өндөр байгаа болов уу. Хоёрт, бид зээлийг зээлээр солиод яваад байгаа. Олон улсын зах зээл дээр бонд босгоход өндөр зардалтай. Гуравт, бид өр авснаараа үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Томоохон үйлдвэр барьж чадсан уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ийм тооцоо бараг байхгүй дээ. Айл өрх зээл авлаа гэж бодоход үл хөдлөх худалдаж авах, байрны урьдчилгаа хийх зэргээр ямар нэг зүйл хийе гэж зээл авдаг. Гэтэл улсын түвшинд зээл авснаараа үр өгөөж нь хаана байна, юу болов гэдэг нь сонирхолтой. Бид зээлээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Зээлийг зээлээр солиод яваад байна.
-Төсвийн тодотголоор LRT болон Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын ажилд зээлийн батлан даалт гаргавал хэрхэн нөлөөлөх вэ?
-Хэрэв тухайн төсөл хэрэгжсэн ч зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар үүнийг төлнө гэсэн баталгаа гаргасан. Зээлийн тааз тулсан үед Засгийн газар өрийн баталгаа гаргасан ч томоохон өөрчлөлт гарахгүй. Бидэнд итгэхгүй байх магадлалтай. Итгээд зээл өгсөн ч бид үр ашигтай байлгаж чадах уу. Зээл өгвөл БНХАУ л өгөх болов уу даа. Эргээд зээлээ төлж чадахгүй барьцаанд орох хөшүүрэг болох вий. Заавал зээл авч хийнэ гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэл илүү боломжтой.
Гадаад зах зээлээс мөнгө босгох нь нэг талаараа эдийн засагт сайнаар нөлөөлөх ч эргэн төлнө гэдэг утгаараа монголчууд ёозгүй хандаад байдаг. Өр авсан бол хурдан төлөөд дуусгахыг хичээдэг. Чингис бондыг аваад 10 жил боллоо. Өндөр дүнтэй авсан өрөө олон жил эргэн төлж чадахгүй байна гэдэг нь төр өрөө зөв менежмент хийж чадахгүй байгаагийн шинж. Бид дахин олон улсын зах зээл дээр бонд гаргаад өрийг өрөөр солих тохиолдолд илүү үнэтэй эх үүсвэрээр олдох болов уу. Үүнд олон нийт мэдээж шүүмжлэлтэй хандана. Уг нь өрөө төлье гэж зориод бүсээ нэг чангалаад, төсвийн хөрөнгө оруулалтуудаа багасгах зэргээр зөв менежмент хийсэн бол төлчих боломж байсан.
Өнөөгийн нөхцөл байдлыг харахад түүхий эдийн үнэ өндөр байна. Үүнийг бид ашиглаж чадахгүй байна гэдэг нь харамсалтай. Зөв зохион байгуулалтад ороод урд хөрштэйгөө хэл амаа ололцоод явж чадахгүй байна.
Бондыг эргэн төлөх эх үүсвэр байхгүй. Дахин санхүүжүүлэхэд ч хүндрэлтэй.
-Сангийн яамнаас гадаад өрийн эргэн төлөлт нь юу болж байна вэ гээд асуухаар асуудалгүй ээ, төлөвлөгөөнийхөө дагуу төлөөд явж байна гэж хариулсан. Сангийн яам бол санаа зовохгүй байгаа юм билээ. Ирэх онуудад бондын эргэн төлөлтөө хэрхэн хийх вэ?
-Би бол бондоо эргэн төлөх эх үүсвэр байхгүй л гэж харж байна. Дахин санхүүжүүлэхэд ч хэцүү. Бидний өрийн тааз тулсан. Сангийн яам гадаад өрийг төсвөөс төлнө. Төсвийн орлого татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэнэ. Уг нь бизнесийн орчны реформ хийж, бизнесийн орчинг таатай болгох хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүд нь явахгүй гацаанд орчихоод байна. Тэгээд гадаад хөрөнгө оруулалт татах ямар ч агентлаг бидэнд байхгүй. Үндэсний хөгжлийн газар гэж дампуу газар байсан. Гадаад хөрөнгө оруулалтыг хариуцсан байсан ч олигтой татаж чадаагүй. Тэгэхээр бид эдийн засгийн хувьд хаашаа явах вэ гэдэг нь их эргэлзээтэй санагдаад байна.
-Бид гадаадын хөрөнгө оруулалт татахад юун дээрээ алдаад байна вэ, сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалт татаж чадсангүй шүү дээ?
-Хөрөнгө оруулалт татах хамгийн чухал зүйл нь бодлого стратеги. Олон төрлийн хөрөнгө оруулагч байдаг. Бид яг тэр зорилтот бүлгийн буюу нэмүү өртөг шингээсэн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хуучин бид хөрөнгө оруулалтын асуудлыг чөлөөтэй орхисон байсан учраас үр ашгийг нь аваад гараад явчихдаг хөрөнгө оруулалтуудыг богино хугацаанд татдаг байсан. Улс оронд үр өгөөж өгөх хөрөнгө оруулагчдыг татахад бодлого маш чухал. Бодлого гэдгээр хөрөнгө оруулалт татах агентлаг гэж явцуу харахгүй, процессыг нь хялбар болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч ирэхэд визийг хэрхэн олгох вэ, чөлөөтэй зорчих уу, үгүй юү, орчин нь ямар байх вэ гэдгийг тодорхой болгох нь зүйтэй. Нэг хэсэг их ядаргаатай байдаг байсан. Монгол Улсад оршин суух эрхээ авахын тулд жил болгон визээ сунгуулах гэж Гадаадын иргэн харьяатын газар дээр очдог. Жил болгон очиход нь журам нь өөрчлөгдчихсөн, өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн газраас монгол хүний ажлын байрыг аваагүй гадаадын хөрөнгө оруулагч гэсэн баталгаа авчир гэх зэрэг шаардлага тавьдаг байсан. Гадаадын хөрөнгө оруулагчийг татахын тулд бид аль салбартаа хөрөнгө оруулагч татах юм, ямар төрлийн хөрөнгө оруулагч татах юм гэдэг бодлогоо тодорхойл. Тэгээд тэд нарыг Монголд амьдрахад таатай байлгах нөхцлийг хангах хэрэгтэй.
БНСУ-д ч тэр, Японд ч тэр гадаад хөрөнгө оруулалтын тусдаа газрууд байдаг. Монголд нэг хүн сонирхлоороо аялж яваад ч юм уу хөрөнгө оруулалт хийхээр шийдлээ гэж бодъё. Гэтэл тэр хүн хаашаа хандах вэ. Очоод асуугаад мэдээ мэдээлэл авчих газар бий юу. Байхгүй шүү дээ. Үсрээд МҮХАҮТ дээр очвол очно. Гэхдээ танхимд гадаад хөрөнгө оруулалтыг анхаарах бүтэц байхгүй. Тэгэхээр бид үүн дээр анхаарах нь чухал байгаа юм. Бид гадаадын хөрөнгө оруулагчдын татна гэж ярьдаг мөртлөө ирэхээр нь үйл ажиллагаа нь хүндрүүлээд байдаг.
-Бид гадаад өрөөсөө болж дефолт болвол яах вэ?
-Зээлээ хугацаандаа төлж чадахгүй дефолт болох тохиолдолд олон улсын зах зээл дээр асуудал үүснэ. Зээлээ эргэн төлж чадахгүй бол олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох эрхийг нь хаагаад, нээж өгөхгүй 10-аад жил бол улсын жишээ бий. Бид олон улсын зах зээлээс мөнгө босгож чадахгүй болно гэдэг маш том асуудал. Эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ. Үүнээс сэргийлэхэд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлж таарах байх. Энэ хүрээнд бодлогын өөрчлөлт хийнэ гэж амлалт өгч байж олон улсын зах зээлд зээлийг зээлээр солих боломж үүсэх байх. Бид 2016 онд яг л ингэсэн. Хэрвээ бид ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр давуу тал үүсэх боломжтой. Төсвийн сахилга бат сайжирч, төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай болно.
-Дефолт болоход олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох эрхийг хаах юм байна. Харин дотоодод юу болох вэ?
-Эдийн засгийн маш том хямрал болно. Төгрөгийн ханш суларч, худалдан авах чадвар буурна. Улмаар ядуурал улам нэмэгдэнэ. Яах вэ, бид экспортоо сайн гаргаж, гадаад хөрөнгө оруулалт татаж болно. Гэхдээ дефолт болсон орон гэдгээрээ улсын нэр хүнд унана. Тэр утгаараа гадаад хөрөнгө оруулагчид орж ирэх нь эргэлзээтэй. Мөн бид экспортоо сайн хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Бид түүхий эдээ экспортолж байгаа гол орон бол БНХАУ. Гэтэл БНХАУ танай юмыг авахгүй гэчихвэл бид яах вэ. БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал цар тахалтай холбоотойгоор амаргүй болсон. Хяталын эдийн засгийн төв хот болох Шанхай хотыг хатуу хөл хорионд оруулаад удаж байна. Ийм үед БНХАУ хямарвал бид яах вэ. Түүхий эдийн эрэлт буураад манай улсаас авахаа больчихвол бид эргээд мөнгөгүй “чөтгөрийн тойрог”-тоо орох гээд байна. Манайх дефолт болчихвол нефтиэ ч авч чадахгүй гадаад улсын хараат болох хэмжээнд хүрнэ.
Монголчууд зовж үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн. Сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.
-Тэгвэл бид ийм нөхцөл байдал хүрэхгүйн тулд яах вэ?
-Гарц бол маш яаралтай гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, бизнесийн орчинд реформ хийх. Бид олон улсын түвшинд амлалт өгчихөөд биелүүлэхгүй яваад байдаг нь буруу л даа. Сейшелийн арлууд маш их өртэй байж байсан. Тэгээд Сейшелийн арлын амьтдын төрөл зүйл устах гэж байна, бид бүх төсвийн мөнгөө байгаль орчноо сэргээхэд ашиглана гэж зорилт дэвшүүлэхэд зээлийг нь хааж байсан. Ингэхийн тулд бид амлалтууддаа заавал хүрдэг байх хэрэгтэй байна л даа. Тэгэхээр бид ирээдүйд мөнгөө байгаль орчноо сэргээхэд зарцуулна гэвэл боломж байж магадгүй.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр үүнд түлхэц болж чадах уу?
-Энэ хөтөлбөрийг олон улсын түвшинд нааштайгаар хүлээж авч байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх шатыг нь харахаар хэтэрхий өндөр зорилт тавьсан юм шиг харагдаад байна. Монголчууд бид сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Жил бүр тавдугаар сард мод тарих өдөр гээд мод тарьчихаад буян хийлээ гэж үздэг. Мод тариад хүн буян хийнэ гэж байхгүй. Тэрийг арчилж, усалж ургуулж байж мод болдог. Суулгац чинь мод болтлоо их ажил орно. Үүнийг бодохгүй зөвхөн суулгац суулгаад л орхидог. Тэгээд л нэг их буян хийчихлээ гээд зургаа аваад байдаг. Үүнийг би буруу гэж боддог юм.
Нэг талаар бид зовж үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн юм шиг байгаа юм. 1945 онд дайн дуусахад Герман газартайгаа тэгшрээд үлдсэн. Үүнээс хойш ард иргэд нь улс орноо сэргээхэд бүтээн байгуулалтад оролцож одоо ч гэсэн болгоомжтой ханддаг. Хүмүүс нь их мөнгөтэй болсон ч нэг дор үрээд байдаггүй. Хэзээ нэгэн цагт ажилгүй болж магадгүй гээд мөнгөө их хадгалдаг. Япон, Германы ард түмнийг харвал мөнгөө маш их хадгалдаг. Мөнгөө илүү дутуу зүйлд үрэхгүй хадгалаад л байдаг. Шувуу ч гэсэн байнга өндөрт нисэж чадахгүйтэй адил хүнд ч гэсэн хүнд хэцүү үе ирнэ гэж бэлддэг. Сүүлдээ ард иргэд нь мөнгөө үрэхгүй байсаар байгаад тус орнуудад “0” хүүгийн бодлого гээд хадгаламжийн хүүг нь тэг болгож байсан тохиолдол бий. Улс нь ч тэр, ард иргэд нь ч тэр мөнгөө үрдэггүй. Бүгдээрээ хуримтлалтай. Бид зовч, ядарч үзээгүй ард түмэн учраас олохоороо идэж ууж, үнэтэй юм авч өмсөөд байдаг. Өнөөдөр хоолтой бол болно, маргааш учир нь олдоно гэдэг хандлагатай. Улс нь ч гэсэн ийм. Гадаад өр авчихаад эргэж төлөхгүй, өрийг өрөөр дараад яваад байхаар ард иргэддээ ч үлгэр дуурайлал болж чадахгүй байна. Тэгэхээр сэтгэлгээний өөрчлөлтийг бид хийх ёстой.