Ханиад томууны ид дэгдэлттэй зэрэгцэн сүүлийн үед том хүн төдийгүй хүүхэд багачууд хатиг, түүнтэй төстэй идээт үрэвсэл буюу нянгийн халдвар “MRSA”-аар өвдөх тохиолдол нэмэгдэж байна. MRSA буюу Methicillin resistant staphylococcus aureus нянгийн халдвар нь хатигтай тун жил шинж тэмдэг үзүүлдэг учир иргэд хатигтай андуурч буруу эмчилгээ хийх, хүндрүүлэх тохиолдол их байгаа аж. MRSA нь голдуу бохироос үүсдэг бөгөөд хүнээс хүнд халдварладаг бактери юм. Иймд эмнэлзүй хордлого судлаач эмч Б.Сэргэлэнтэй MRSA халдварын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед MRSA буюу антибиотик тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн идээт үрэвслээр өвдөх хүний тоо ихсэж байна. Үүнийг үүсгэж байгаа гол шалтгаанууд юу вэ?
-MRSA нь антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар юм. Иргэдийн сайн мэддэг пенициллин зэрэг хэд хэдэн антибиотик нөлөөлдөггүй. Энэ төрлийн идээд үрэвслийг үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйлс бий.
Нэгд, антибиотикийн хэт замбараагүй хэрэглээнээс үүсдэг. Иргэдийг хараад байхад өөр өөртөө онош тавиад дуртай эмийн сан руугаа ороод дуртай эмээ аваад хэрэглээд байдаг нь үүнийг бий болгож байна. Удаан хугацаанд антибиотик хэрэглэснээр тухай хүний бие махбод антибиотикийн үйлчилгээг авч чадахаа байгаад ирэхээрээ MRSA-г “алтлаг staphylococcus” үүсгэдэг нянг бий болгодог байна.
Хоёрт, MRSA-г үүсгэгч нян нь гадаргууд маш тэсвэртэй учир гадаад орчноос буюу ор хөнжлийн даавуу, хувцас, бие хүрэлцэх зэргээс хүнээс хүнд дамждаг ковид шиг халдвартай гэр бүлийн гишүүдэд халддаг.
Гуравт, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг хүрээлэн буй орчноос халдвар бий болдог.
Дөрөвт, хэт цэвэр, цэмцгэр байдлаас бий болдог. Цэвэрхэн байх ёстой гээд маш хүчтэй угаалгын нунтаг, бактерийн эсрэг саван зэргийг хэт их хэрэглэснээс болж хүнд байх хэрэгтэй нянгууд устаж нянгаас хамгаалдаг дархлаа байхгүй болсноор энэ төрлийн үрэвсэл бий болдог. Долоо хоногт хоёр удаа л усан орох хэрэгтэй байдаг ч хүмүүс өдөр бүр хүчтэй бодис орсон саван, шампунь хэрэглээд усанд ороод арьсыг хамгаалдаг нянгуудаа устгаад байдаг нь буруу.
-Шинж тэмдэг хатигтай адилхан учир иргэд андуурч буруу эмчилгээ хийлгээд байгаа. Хатигнаас юугаараа ялгаатай вэ?
-Хатиг, MRSA хоёрын үүсгэгч, нян хоёр нь өөр. Өөрөөр хэлбэл MRSA-г “алтлаг staphylococcus” гэх нян үүсгэдэг бол хатгийг өөр төрлийн халдвар үүсгэдэг. Хатигны нян нь антибиотикт тэсвэргүй амархан үхдэг бол MRSA нь хэр баргын антибиотикт үхдэггүй нэлээд тэсвэртэй. Эхлэх зарчим нь өөр байдаг. Тухайлбал, MRSA нь арьсан дээр улаан жижиг гүвдрүү үүсээд маш их загатнадаг, харин хатиг бол өвчтэй ногоон толгойтой байдаг. Гэхдээ иргэд ихэнх нь ялгаж мэддэггүй учир арьсан дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж бактерийн шинжилгээ өгөөд юу байгааг мэдэх хэрэгтэй.
-Хүүхдүүд их өвдөж байгаа нь юутай холбоотой вэ?
-Нэг анги танхимд хамт сурч байгаа халдвартай хүүхдээсээ авч байгаа. Энэ төрлийн нян нь дээр хэлсэнчлэн гадаргууд тэсвэртэй учир ор хөнжлийн давуу, цэцэрлэгийн тоглоом, сургууль орчмын ширээ сандал зэрэг хүрэлцэж болох бүх зүйлд байж болно. Үүнээс гадна гэр бүлийн хүрээллээсээ авч болно.
-Антибиотикт маш тэсвэртэй гэлээ. Тэгэхээр MRSA-г хэрхэн эмчилдэг вэ?
-Энэ нянд үйлчилдэг цөөн тооны сүүлийн үеийн антибиотикууд хэрэглэхийг эмч нар ихэвчлэн зөвлөдөг. Гэхдээ зөвлөсөн антибиотикт дарагдахгүй тохиолдлууд байдаг учраас хамгийн үр дүнтэй эмчилгээ бол цус шүүх эмчилгээ юм. Үүнээс гадна өөрийн дархлааг дэмжиж эрүүл хооллож, спортоор хичээллэж, уух усаа 1кг-даа 30 мл-ээр тооцож уух, тамхи татдаг бол гарах, кофены хэт хэрэглээг багасгах зэрэг амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-MRSA-д ямар хүмүүс хамгийн их өртөөд байна вэ?
-Сахартай хүмүүс маш их өртдөг. Учир нь сахартай хүмүүс хүчилтөрөгчийн доройтолд байдаг учир энэ үед нянгаар өвчлөх магадлал өндөр байдаг юм. Мөн дархлаа сул хүмүүс, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, хэт их антибиотикийн хэрэглээ өндөртэй хүмүүс, хагалгааны дараах ил шарх сорвитой хүмүүс, дархлааны систем бүрэн хөгжөөгүй бага насны хүүхдүүд их өртөх магадлалтай байдаг. Хүйсийн хувьд анзаараад байхад эрэгтэй хүмүүс их өвддөг.
-Хүнээс хүнд халдварладаг учир нян тээгчтэй нэг гэрт амьдардаг бол бүх зүйлээ сайн ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. MRSA устгадаг тусдаа уусмал байдаг. Хоёрт, дархлаагаа дэмжих, гуравт MRSA нь эмчлэгддэг учир өвчилсөн иргэнийг маш сайн эмчлэх хэрэгтэй.
-Зарим хүн арьсан дээр гарсан идээт үрэвслээ тоохгүй яваад байдаг. MRSA-г эмчлэхгүй удвал ямар эрсдэлтэй вэ?
-Нэгд, тус нянгаар өвчилсөн хүний дархлаа маш мууддаг. Хоёрт, бие дээр нь 100 гаруй удаа гарсан хүн ирдэг. Тоохгүй, эмчлүүлэлгүй явсаар ингэж олон гарсан тохиолдолд энэ цаашлаад цусны үрэвсэл, халдвар болж үргэлжилдэг. Эмчлүүлэхгүй удаан явах нь ер нь бол аюултай.