Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Б.Дэлгэрмаа: 'TOEFL'-д бэлдэхдээ цагийн менежмент, тактикдаа анхаарч, практик сайн хий

Б.Дэлгэрмаа: 'TOEFL'-д бэлдэхдээ цагийн менежмент, тактикдаа анхаарч, практик сайн хий
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 17
TOEFL-ийн шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх талаар “Tactics of Diana” сургалтын төвийн багш Б.Дэлгэрмаатай ярилцлаа.
-TOEFL-ийн шалгалтын талаар уншигчдадаа мэдээлэл өгцгөөе. Англи хэлний ямар чадваруудыг шалгадаг вэ?
-TOEFL-ийн шалгалт нь таныг англи хэлийг хэр сайн эзэмшсэн болохыг шалгах шалгалт бөгөөд унших, сонсох, ярих, бичих гэсэн нийт дөрвөн ур чадварын хүрээнд шалгалт авдаг. Шалгалтын бүтцийг танилцуулбал, уншаад ойлгох чадварын шалгалт 30 асуулттай 54 минут үргэлжилнэ. Сонсголын шалгалт 28 асуулттай 41 минут үргэлжлээд, 10 минут завсарлага авсны дараагаар ярианы шалгалт дөрвөн асуултын хүрээнд 17 минут, бичгийн ур чадвар хоёр эссэг тус бүр асуултын дагуу 50 минут бичдэг.
-Шалгалт өгөх хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаа юу байдаг вэ?
-Би дөрөв дэх жилдээ багшилж байна. Шалгалт өгөх өдрөө тодорхой болгож, захиалсан л бол шалгалтад бэлдэх цагаа нарийвчлалтай төлөвлөж, түүнийгээ хариуцлагатайгаар мөрдөх хэрэгтэй. Маргааш, маргааш гэж хойшлуулаад эхэлбэл маш буруу. Зарим хүүхэд гэнэт л маргааш, нөгөөдөр миний шалгалт тулчихлаа багшаа туслаач ээ гэж ороод ирдэг. Гэтэл шалгалт өгөх өдөр маргааш учир би яаж ч тусалж чадахгүй шүү дээ. Тийм учраас цагаа маш сайн, нарийвчлалтай төлөвлөх чухал. Үүнээс гадна хүүхдүүд анализ буюу дүн шинжилгээ ерөөсөө хийдэггүй. Өмнөх жилүүдийн жишиг шалгалтын тестийг ажилласан л бол юун дээрээ алдаж байна, зөв гэж бодсон хариултууд нь яагаад буруу байгаа зэргээ анзаарч, ойлгож авахгүй бол үр дүн гарахгүй. Хүүхдүүд шууд л нэг тест ажилласан бол оноогоо харчихаад дараагийн тестээ ажиллаад явчихдаг. Ингэхээр оноогоо ахиулж чадахгүй, ахиад л алдсан зүйл дээрээ алдах болно. SAT, TOEFL  шалгалтууд аль нь зөв хариулт вэ биш аль нь хамгийн оновчтой хариулт вэ гэж явагддаг. Тэгэхээр асуултаа сайн уншиж байгаад дараа нь асуултад хариулж байна уу гэдгээ анзаарч яагаад энэ хамгийн оновчтой хариулт вэ гэдгээ тухайн эхээсээ нотолгоо, баримттай нь тулгаж явах хэрэгтэй.
-TOEFL-ийг гол төлөв англи хэлний ямар түвшинд хүрсний дараагаар бэлдэж эхэлбэл үр дүнтэй байж өндөр оноо авах боломжтой вэ?
-Сургалтад суухаас өмнө ахисан дунд түвшинд байж бэлдвэл илүү үр дүнтэй. Тэгээд сургалтдаа сууж, шалгалтын хэсэг болгон дээр өөрийн гэсэн арга барил, тактиктай болж, яг тэр шалгалтынхаа цаад утга учрыг нь ойлгочихвол дараа нь бие даан практик хийгээд бэлдээд явахад илүү хялбар байх болно. Би хувьдаа хоёр удаа энэ шалгалтыг өгч байсан. Анх өгөхдөө 99 оноо авч, дахин долоо хоног ягштал, тактиктай бэлдсэнээр оноогоо 111 болгосон. Тэгэхээр “Practice makes perfect” гэдэг шиг аливаа нэгэн ур чадварыг өөриймшүүлэхийн тулд дандаа практик дээр суурилж, дахин дахин давтсаны үндсэнд тархинд автоматаар суух болно. Дунджаар 30 мок тест / жишиг шалгалтын тест / дээр ажиллаж, анализ хийсэн байх ёстой гэсэн үг. Ингээд сүүлд нь аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг амархан олж чаддаг болчихдог. Тэр үед шалгалтад ороход бэлэн болсон байна гэж үздэг. Тэгэхгүй бол хүүхдүүд бэлэн биш байгаагаа мэдсээр байж үнэтэй шалгалтаа өгчихдөг. Тэгж мөнгө хийсгэж байхын оронд дахиад нэг сарын дараа бэлэн болчхоод өгвөл илүү дээр гэж хэлж болно.  Өөрөө итгэлтэй болсон үедээ хангалтай хүссэн оноогоо авч чадна. Унших, бичих хэсэг дээр 25-аас дээш оноо авдаг болчихсон байхад зүгээр. Бас анхаарах нэг зүйл нь TOEFL зөвхөн компьютер дээр өгдөг шалгалт. Хүүхдүүд хэвлэмэл материал дээр ажиллаж бэлддэг гэтэл цаасан дээр унших хурд, компьютер дээр унших хүний хурд шал өөр гарч ирдэг. Энэ ялгаа шалгалтын үед гарч ирэх учир компьютер дээрээс шалгалтаа бэлдээд явах нь илүү тохиромжтой.
-Хугацааны хувьд ойролцоогоор хэдэн сар бэлдэх нь зүйтэй вэ?
-Дээрх түвшинд хүрч, шалгалтаа ойлгоод авсан бол хоёр сар ын хугацаа хангалттай болов уу. Учир нь үүнээс хэт удаан явбал заримдаа давтахгүй байсаар сурсан арга барил нь мартагдах талтай.
Шалгалтад бэлдэхэд тус болох мок веб сайт - https://liuxue.koolearn.com/toefl/?fbclid=IwAR1aEYWIPjLpw_gqAtMSPoRFPt-dS7zNShADyrV8iwgWGaYeegMqbRzbeeg
undefined
-Дөрвөн шалгалт дээрээ хэрхэн анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
-Дөрвөн шалгалтын хэсгийг тус бүрд нь тайлбарлъя. 
Унших хэсэг- Асуултын хариулт нь эх дээрээ л байдаг. Тэгэхээр тухайн сэдвийн чухал хэсгүүдийг нь ойлгодог болчихвол түүнээсээ хариултаа 100 хувь гаргаад явчих боломжтой. Эх болгоны эхний цогцолборт тухайн эх юуны тухай ярих тухай ерөнхий мэдээлэл агуулагдах болон зохиогчийн байр суурь байдаг учир үүнд анхаарч, няхуур унших хэрэгтэй. Цогцолбор болгоны эхний болон сүүлийн өгүүлбэрийг уншчихад энэ цогцолборт ямар мэдээлэл, санаа гарах вэ гэдийг  дахин дурдаад өгчихсөн байдаг. Тэгэхээр тэр хоёр чухал өгүүлбэрийг анзаарах хэрэгтэй. Хэрэв урт цогцолбор байвал эхний хоёр өгүүлбэрийг уншихвал зүгээр. “Conclusion paragraph' буюу дүгнэлт цогцолборыг мөн уншиж гол санаануудыг нь авчих боломжтой. Унших хэсэг дээр нийт найман төрлийн асуулт байна. Асуултын төрөл бүрийг тус бүрд нь ойлгож, түүнд тохирсон арга барил, тактиктай болох хэрэгтэй. Цахим орчинд TOEFL-ийн заавал мэдэх 1000, 2000 үг гэх зэрэг зүйлс байдаг. Гэхдээ энэ бүх үгийг заавал мэдэж, цээжлэх гээд байх шаардлагагүй. Үүний ихэнх нь ч бараг шалгалтад орж ирдэггүй. Зөвхөн тест ажиллаад явж байхад чинь дахин давтагдаад байгаа үгнүүдээ анзаарч, адил утгатай үгийг нь цээжлээд явбал үр дүнтэй.
-Сонсох шалгалтын хэсэг – Практик чухал. Цахим орчинд практик хийх сайт, эх сурвалж зөндөө бий. Тэднийг маш сайн ашигла. Ойлгохгүй байвал сонсож байхдаа тэмдэглэгээ хийх арга барил тохиромжтой. Учир нь хүн бүх зүйлийг тархиндаа хадгалах боломжгүй. Мөн сонсох шалгалт дээр шилжилтийн холбоос болох furthermore, the first reason, the second reason зэрэг үгсийг анзаарч чадвал илүү хялбар болно.  
Ярианы шалгалт- Сонсох хэсгийн дараа арван минутын амралтын завсарлагаа өгдөг. Тэр үеийг ус уух, юм идэх зэрэгт зарцуулахаас дараагийн хэсэгтээ төвлөрөх хэрэгтэй. Ярих дөрвөн асуулттай. Тодорхой бүтцийн дагуу, минут, секунд бүрээ маш сайн тооцоолж ярих хэрэгтэй. Заримдаа хэтэрхий нэг санааг нуршсаар байтал цаг дуусчих талтай байдаг. Тэгэхээр шалгалтаас өмнө цагтай практик дасгалыг дөрвөн асуултынхаа хүрээнд бэлдэх нь танд тусална.
Бичих шалгалт –Coherence буюу уялдаа холбоо логиктой бичигдсэн байдал, ахисан түвшний үг хэллэг ашигласан эсэх, ойлгомжтой цэгцтэй байдал зэргийг бүгдийг хардаг. Иймд эссэ бичих бүтэцтэй болох хэрэгтэй. Нэг үг дахин давтагдахгүй байх хэрэгтэй. Өгүүлбэр дундын шилжих шилжилтийг цэгцтэй ойлгомжтой байлгах чухал. Мөн цагийн төлөвлөлтөө анхаараарай. Учир нь 50 минутад хоёр эссэ бичнэ шүү дээ. Иймд эхний таван минутад өгөгдсөн сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, ямар шалтгаан, статистик өгөх зэргээ эхэндээ тэмдэглэсэн байхад бичиж байх явцдаа гацахгүй, танд амар байх болно. Түүнчлэн үг үсгийн алдаагаа нягталж байгаарай.
-TOEFL болон бусад англи хэлний шалгалтыг хүүхдүүд том даваа гэж сүрдэж хүлээж авч айдастай байдаг. Тухайн хүүхдүүддээ хандаж та юу хэлэх вэ?
-Ихэнх хүүхдүүд сайн оноо авч чадах болов уу, яах бол доо зэрэг нэлээд айдастай байдаг. Гэхдээ миний дээр дурдсанчлан тухайн шалгалтын хүрээнд тактик, арга барилаа сураад, анализаа оновчтой хийж, ойлгоод явбал өөртөө итгэлтэй болно. Дахиад бага зэрэг хичээх л юм бол хүн бүр хүссэн оноогоо авчих боломжтой юм шүү. Бидэнд яг тухайн үедээ тулгарч байгаа хүнд асуудал тухайн үедээ л маш хүнд, хэцүү санагдаж магадгүй ч эргээд харахад амархан байдаг. Иймд дасгал, практикаа сайн хийсэн байхад боломжтой юм. 
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн