Open iToim app
Төсөв | 4 мин уншина

С.Оюунбилэг: Ирэх оны төсөв орлого талдаа гурван том эрсдэл байна

С.Оюунбилэг: Ирэх оны төсөв орлого талдаа гурван том эрсдэл байна
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 9
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Нийт дөрвөн асуудал хэлэлцэхээс гурав нь 2019 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлууд байсан юм. АН-ын бүлэг 2019 оны төслийн төслөөр ажлын тав хоногийн засварлага авсан учраас төсвийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Мөн нэр бүхий гишүүдийн санаачилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл ч  мөн 2019 оны төсвийн төсөлтэй уялдаж байгаа учраас хойшлуулав.
Дараа нь, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Үндэсний аудитын газраас 2019 оны төсвийн төсөлтэй холбоотой гаргасан дүгнэлтийн талаар зарим зүйлийг аудиторуудаас тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Аудитын ерөнхий газраас 2019 төсөвт аудит хийсэн байна. Сангийн сайд юм уу, Сангийн яамныхан захиалгын шинжтэй төсөвт оруулж ирдэг асуудлууд байгаа. 2019 оны төсөв дээр ч оруулж ирсэн харагдаж байгаа. Орлого талдаа мөрөөдлийн жагсаалт бичээд оруулаад ирдэг ч биелэгддэггүй. Жишээ нь, өнгөрсөн жил өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгасан ч өнөөдөр алдагдал болоод л явж байна. Үүнийг хэн ч ярихгүй л байгаа. 2019 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтэд эрсдэл бий болох үндэслэлтэй төсөв байна гэжээ. Дэлхийн эдийн засаг дунд хугацаанд саарах, экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, газрын тосны үнэ буурах төлөвтэй байна. Нүүрсний тоо хэмжээг хэт өөдрөгөөр тооцож байгаа нь төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай байна гэжжэ. Энэ хэр бодитой дүгнэлт вэ.
Миний харж байгаагаар 2019 оны төсөв орлого талдаа мөрөөдлийн жагсаалт бичсэн байна.  Монгол Улс 2018 онд төсөв дээрээ 28 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Гэтэл 2019 онд 42 сая тонныг экспортолно гэнэ. Өнөөдөр уурхайн аман дээрээ нэг тонн нүүрс 60 гаруй доллар байхад тонныг нь 80 доллараар зарна гээд оруулаад ирсэн. Гэтэл дэлхийн эдийн засгийн чиг хандлага дээр зэс, нүүрсний үнэ буурах чиг хандлагатай байна гэж танайх дүгнээд байх юм. Хэнийх нь бодитой дүгнэлт вэ?

Сангийн сайд бусад аймгууд дээр 5, 10 тэрбумын хөрөнгө оруулалт хуваарилсан хэрнээ өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна

undefined
-Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг: Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу улсын төсвийн төсөл дээр дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд төсвийн зүйл, заалт бүрээр шалгах Ажлын хэсэг байгуулан ажилласан. 2019 оны төсвийн төсөл дээр хамгийн эрсдэлтэй байгаа хүчин зүйл нь орлого талдаа байна. Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Эрсдэлтэй хүчин зүйлүүд ч байгааг дүгнэлтэд тодорхой заасан.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: С.Оюунбилэг дарга аа, би маш тодорхой зүйл асууж байна шүү. Улсын төсөв бол хамгийн хариуцлагатай зүйл. Мөрөөдлийн жагсаалт, биелэгдэшгүй зүйлсийн жагсаалт гаргаад, хэн нэгэн өөдрөг үзэлтэй сайд, даргын төсөөллөөр зоож болохгүй. Орлого биелэхгүй байх эрсдэл өндөр байна гээд танай газрын дүгнэлт гарсан байна. Тэгэхээр яг юу, юуг үндэслэн ийм дүгнэлт гаргасан бэ гэдгээ тайлбарлаад өгөөч?
-Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг: Орлогыг өөдрөгөөр төсөөлсөн байна гэдгийн ард орлого биелэхгүй байх хамгийн том эрсдэл байгаа юм. Ер нь орлого талдаа гурван эрсдэл байгааг дүгнэлтэд дурдсан. Нэгд, нүүрсний үнэ болон биет хэмжээг хэт өөдрөг төсөөлсөн нь эрсдэлтэй байгаа. Ялангуяа олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн чиг хандлага харагдахгүй, хөрш орнуудын эдийн засгийн тогтвортой байдлаас шалтгаалж үнэ өснө гэж тайлбарлаж байгаа ч аудитын байгууллага дүгнэлт хийхэд огт ийм зүйл харагдаагүй. Үүнийг хамгийн том эрсдэл гэж үзсэн. Хоёрт, Татварын багц хуулийг батална гэж үзээд төсвийн орлогоо тэлсэн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар Татварын багц хууль батлагдаагүй, татварын суурь бааз нэмэгдэх, эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Гуравт, Засгийн газар макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тогтвортой барих үүрэг хүлээж байгаа хэрнээ төсвийг тэлсэн бодлого явуулж байгаа. Энэ нь Засгийн газар болон Сангийн яамны үйл ажиллагаанд тавьж байгаа том шалгуур гэж харсан учраас эдгээрийг зайлшгүй эргэн анхаарах эрсдэлтэй асуудал гэж үзсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Аудитын газраа асуудлаа зөв олж харсан байна. Татварын багц хуулийг Сангийн сайд өргөн барьсан ч хаврын чуулганаар УИХ унагаасан. Учир нь, зарчмын шинжтэй, улс орон, эдийн засагт хохиролтой байх хуулийг санаачлаад өргөн барьсан. Жишээ нь, олон улсын үндэстэн дамнасан Оюутолгой шиг аж ахуйн нэгжүүдээс хүүгийн суутган авах татварыг тэглэх гэсэн санаатай оруулж ирсэн хууль. Ганцхан хуулийн заалтын ард олон сая, тэрбум долларын асуудал явж байсан. Сангийн сайд зөвхөн нэг хүнд зориулсан хууль оруулж ирсэн. Тиймээс Татварын багц хуулийн төслийг батлахад асуудлууд бий. Хэрвээ батлагдахгүй бол төсөвт сөргөөр нөлөөлнө.
Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахиад нэг хараарай. Сангийн сайд бусад аймгууд дээр 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөгийн  тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэг дээр танай байгууллага л хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн