Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

АНУ-ын Төрийн аудит Трампыг ялжээ

АНУ-ын Төрийн аудит Трампыг ялжээ
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 30
АНУ өнөөдөр яагаад хамгийн ардчилсан, ил тод засаглалтай, нээлттэй улс гэж хүлээн зөвшөөрөгддөг вэ? Холливуудын кинонд секс, буудалцаан гарч, репперүүд нь хар тамхи чөлөөтэй дуулдаг болохоор уу гэвэл... Үгүй. Америкийн ардчилал ердөө л төрийн үйл ажиллагаа, төсвийн захиран зарцуулалт ард түмэнд нээлттэй, ойлгомжтой байдагт оршиж байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Смит болон түүнтэй ижил сая, сая Америкийн татвар төлөгчид төлсөн татварынхаа нэг цент бүрийг “ямар зорилгоор, юунд, хэн, хэрхэн” зарцуулж байгаад бүрэн хяналт тавих боломжоор хангагддаг.
АНУ-ын Холбооны Засгийн газарт үндэсний нийт төрийн сангуудын гуравны хоёрыг захиран зарцуулах эрх олгогдсон байдаг. Ийнхүү Холбооны Засгийн газар жил бүр Америкийн татвар төлөгчдийн татвараас олон тэрбум долларын буцалтгүй тусламж, зээл, зээлийн баталгаа, өмч хөрөнгө, хамтын ажиллагааны гэрээ, хүүгийн татаас, даатгал, хүнсний бараа, бусад бэлэн бус тусламж, шагнал, зардал, нөхөн төлбөрийг шууд олгодог.
Тэгвэл Холбооны Засгийн газрын санхүүгийн энэхүү асар том үйл ажиллагаанд хяналт тогтоох цорын ганц механизм нь Засгийн газрын аудитын нийтлэг стандарт юм. Өөрөөр хэлбэл энэхүү стандартын хүрээнд Холбооны Засгийн газрыг бүрдүүлэгч хууль тогтоох дээд байгууллага – Конгресс, гүйцэтгэх дээд байгууллага – Ерөнхийлөгчийн Засаг захиргаа, хууль сахиулах дээд байгууллага - Холбооны дээд шүүх болон эдгээрт хамаарах АНУ-ын 50 мужийн төрийн бүх байгууллагын үйл ажиллагаанд цогц хяналт тавигддаг.
Тэгвэл төрийн үйл ажиллагааг хянах систем буюу Засгийн газрын аудитын нийтлэг стандарт(Шар ном)-ыг АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын алба(ЗГХА) боловсруулж, сахин хэрэгжүүлдэг. Энэхүү байгууллага нь Холбооны Засгийн газрын аудитын дээд байгууллага гэдэг утгаараа Конгресст аудит, үнэлгээ хийж тайлагнах үүрэгтэй. АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын алба нь АНУ-ын жил бүрийн Засгийн газрын санхүүгийн тайлан болон өрийн тайланг мэдээлдэг. Засгийн газрын дөрвөн жил тутмын стратегийн төлөвлөгөөг боловсруулан танилцуулдаг. Мөн Боловсон хүчний хувьд аудитор, нягтлан бодогч, хуульч, инженер гээд бүх салбарыг хамарсан хамгийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдэх тус байгууллага нь Конгрессын ирээдүйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүх төрлийн судалгааг хийдэг.
АНУ-ын Төрийн аудитын дээд байгууллага бусад орны жишгээр авлигатай тэмцэх албаны ажлыг давхар хариуцдаг. Эдгээр чиг үүргээс хамааран Засгийн газрын хариуцлагын албыг өөрөөр “Конгрессын хоточ нохой”, “Төрийн хоточ нохой”, “Конгрессыг хамгаалагч” зэргээр нэрлэдэг.
ЗГХА-ны Мөрдөн байцаах газрын захирал Ховард Арпаар удирдуулсан аудиторын тусгай баг энэ өдрүүдэд Холбооны Засгийн газраас баталсан коронавирусийн эсрэг хоёр их наяд ам.долларын багц хөтөлбөрийг шалгах ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, багц хөтөлбөрийн 500 тэрбум ам.долларыг иргэдэд шууд бэлэн мөнгө хэлбэрээр олгох бол 208 тэрбум ам.долларыг томоохон үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, 300 тэрбум ам.доллар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлтэй зээлийн сангийн эх үүсвэр хэлбэрээр Холбооны Засгийн газрын сангуудад хуваарилах юм. Конгрессын төсвийн алба энэхүү багц хөтөлбөр нь АНУ-ын 2020-2030 оны төсөвт ойролцоогоор 1.8 их наяд ам.долларын алдагдал хүлээх тооцоог танилцуулсан. Тиймээс ЗГХА төсвийн энэхүү захиран зарцуулалт яг хэрэгтэй газраа очиж чадаж байна уу гэдгээс эхлээд тусгай эх үүсвэрүүд хэн нэг албан тушаалтны халаасанд орсон уу, багц хөтөлбөр үнэхээр эдийн засагт өгөөжөө өгч байна уу гэдэгт шалгалт явуулж, дүгнэлтээ танилцуулна. Тэндээс Конгресс дараагийн алхамаа буюу хаана, юунд нэмэлт санхүүжилт хийх вэ, дараагийн удаа юунд анхаарах ёстой вэ гэдгээ тодорхойлох юм.
ЗГХА төрийн өндөр албан тушаалтантай холбоотой авлига, хүнд суртал, эрх мэдлээ урвуулан ашиглах, төсвийн зохиосгүй захиран зарцуулалт, төрийн үйл ажиллагааны доголдлуудын талаарх мэдээлэл, гомдлыг хүлээн авах “FraudNet” сүлжээг ажиллуулдаг. Жишээ нь төрийн аль нэг агентлаг парк шинэчлэл хийсэн тохиолдолд шинээр авсан автомашинууд үнэдээ тохирсон, найдвартай, аюулгүй бөгөөд хэн нэг албан тушаалтны хувийн бизнесийн шахаа юу гэх зэргээр төсвийн захиран зарцуулалтын үр бүтээмжийг төрийн аудит нягтална. Дараа нь хуучин автомашинуудыг хэн нэг төрийн өндөр албан тушаалтан халаасалсан уу, эсвэл зүй зохистойгоор зах зээлийн ханшаар борлуулах, эмнэлэг болон хөгжил буурай орнуудад хандивлагдах зэрэг менежментийн аудит хийдэг. ЗГХА-ны энэхүү үйл ажиллагаанууд Холбооны Засгийн газрын 2019 оны төсөвт 214.7 тэрбум ам.долларын санхүүгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулсан байна. Энэ нь ЗГХА-ны 2019 оны үйл ажиллагааны зардалд тусгасан нэг ам.долларын төсвийн санхүүжилт бүрт 338 ам.долларын ашигтай ажиллагаа үзүүлсэн байна. Мөн өнгөрөгч онд АНУ-ын Аудитын дээд байгууллага Холбооны Засгийн газрын 1418 хөтөлбөрийн үйл ажиллагаанд ахиц авчрах үйлчилгээг төр болон нийгэмд үзүүлжээ.     
Энэхүү хараат бус хүчирхэг бүтцийг АНУ-ын Ерөнхий аудитор удирддаг. Ерөнхийлөгч Сенатын танхимтай тохиролцсоны үндсэн дээр Ерөнхий аудиторыг томилдог. Өнөөдрийн хувьд Холбооны засгийн газрын гүйцэтгэх дээд эрх мэдэл бүхий АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий Конгрессын дээд танхим болох Сенатын олонхийн аль аль нь Бүгд найрамдахчууд юм. Энэ утгаараа АНУ-ын өнөөгийн Ерөнхий аудитор Евгений Луис Додараро улс төрийн томилгоогоор энэхүү суудалд ирсэн байх боломжтой. Гэвч Шар номд АНУ-ын Ерөнхий аудитор ямар ч улс төрийн нам, хүчний харъяалалгүй, хараат бус байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, 15 жилийн хугацаатай нэг удаа томилдог. Евгений Луис Додараро 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаг захиргааны үед энэхүү албан тушаалд томилогдож, Барак Обама түүнийг батламжлан, өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампын үед түүний бүрэн эрх талдаа үргэлжих хугацаанд Цагаан ордны гурван өөр тэргүүний нүүрийг үзжээ.  
Сүүлийн үед болсон дуулиант аудитын кейсүүд бүхэлдээ АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп, түүний засаг захиргаа, хамаарал бүхий этгээдүүд болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож буй.
Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын албаны Ерөнхий зөвлөх Томас Армстронг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний төсвийн албан тушаалтнууд улс төрийн давуу байдал олж авах зорилгоор эрх мэдлээ урвуулан ашиглаж Украин улсад өгөх ёстой 391 сая ам.долларын цэргийн тусламжийг барьцаалсан асуудалд хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг танилцуулсан юм. Энэ бол АНУ-ын Төрийн аудитын байгууллага ямар хэмжээнд хараат бус, нээлттэй ажиллаж байгааг илтгэх жишээ болсон юм. Хэдий уг асуудлыг Конгрессийн олонхи намаас нь сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө талд эцэслэн шийдвэрлэсэн ч энэ кейсээс АНУ-ын Төрийн аудитын байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулсан Холбооны Засгийн газрын хувь заяаг шийдэх дүгнэлт үйлдэх бүрэн чадамжтай болохыг харуулж байна.
Эцэст нь иргэн төлсөн татвараа юунд зарцуулагдаж байгааг мэдэж байх нь, татвар төлөгчдөд түүнийг ил тод, хараат бусаар тайлагнадаг Төрийн аудитын тогтолцоо, хууль эрхзүйн орчин байх нь нэгт, төрийн авлига, хууль тогтоогчдын эрх мэдлийн хэм хэмжээг хянах. Хоёрт, Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөртэйгөө, мөрийн хөтөлбөр нь төрийн бодлоготойгоо, төрийн бодлого нь хөгжлийнхөө алсын хараатай уялдаж байгааг мэдэх. Гуравт, иргэн алсын харааг хэрэгжүүлж чадахгүй байгаа улстөрчид дахин итгэл үзүүлэх ёстой юу. Эсвэл үүнийг хийж чадах өөр улстөрчийг сонгох ёстой юу гэдэг хувь хүний сонголтоо хийхэд бодит хэмжүүр болж өгөх юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн