Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Х.Надмид: Мах идэхгүй байснаар В12 дутагдаж, цус багадалттай болох, харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Х.Надмид: Мах идэхгүй байснаар В12 дутагдаж, цус багадалттай болох, харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 21
“Монфа Трейд” эм ханган нийлүүлэх байгууллагын хүний их эмч, эмч төлөөлөгч Х.Надмидтай Витамин В12-ын ач холбогдлын тухай ярилцлаа.  
-Ер нь ямар шалтгаанаас болж Витамин В12 дутагддаг юм бэ?
-Витамин В12 нь витамины дутагдлуудаас дэлхийд хоёрдугаар байранд ордог. Дэлхийн нийт хүн амын 40 орчим хувь нь витамин В12-ын ямар нэгэн дутагдалтай болжээ. Илүү тодруулбал, нийт хүн амын долоон хувь нь гүнзгий хэлбэрийн дутагдалтай байгаа бөгөөд ахмадуудын 30 хувь, цагаан хоолтой хүмүүсийн 75 хувь, ногоон хоолтнуудын 45 хувь нь В12-ын дутагдалтай байна. Яагаад гэвэл, цагаан болон ногоон хоолтой хүмүүс махны хэрэглээгээ бүрэн хаачихсан байдаг учраас тэр юм. Ер нь мах, махан бүтээгдэхүүнээс л витамин В12-ыг авч болдог. Витамин В12 дутагдахаар ямар эрсдэл үүсэх вэ гэвэл, захын мэдрэлийн эмгэг буюу гар хөлөн дээр хорхой гүйж байгаа юм шиг, бээлий өмсчихсөн юм шиг мэдрэмж төрж эхэлдэг. Мөн зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл болдог юм.  
-Тэгвэл зөвхөн мах бага идэх нь л витамин В12 дутагдах шалтгаан гэж үү?  
-Үгүй ээ. Витамин В12 дутагдаж буй нэг шалтгаан нь хооллолт юм. Мах идэхгүй байснаар В12-ын дутагдалд орж, цус багадалттай болж, захын мэдрэлийн эмгэг үүсдэг. Үүнээс гадна, витамин В12-ын зарцуулалтыг ихэсгэдэг хүчин зүйл гэж бий. Тодруулбал,  төрөх, жирэмслэх, хөхүүл эмэгтэйчүүд, стрессдэх, халдварт өвчин, хордлогын үед хэрэглээ ихэсчихдэг. Харин шимэгдэлтийн алдагдлын хувь өндөр настангуудад их гарна. Настай хүмүүсийн дийлэнх нь цус багадалттай, архи, тамхины хэрэглээ ихтэй, хоол боловсруулах замын өвчин буюу хелинкобактери, ходоодны үрэвсэл, нойр булчирхай, элэгний асуудалтай, шимэгч хорхойтой байвал витамин В12-ын шимэгдэлтийн алдагдал үүсдэг юм. Витамин В12 нь бодисын солилцоонд орохоороо ходоод, нарийн гэдсээр дамжиж боловсруулагдаж явсаар идэвхжүүлсэн хэлбэрийн В12 болохдоо  ганцхан хувийг үүсгэдэг.  Гэвч манай монголчуудын ихэнх нь хоол боловсруулах замын асуудалтай байдаг учир мах идсэн ч В12-ын шимэгдэл, алдагдалд өртдөг юм. 
-Та ногоон хоолтнууд витамин В12-ын дутагдалд ордог гэлээ. Гэхдээ ногоон ногоо төмөр их агуулдаг учраас махнаас авч болох шим тэжээлийг авдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр дутагдал үүсэхгүй юм биш үү?
-Төмөр гэдэг нь улаан эсийг гентэй холбож өгдөг гол зүйл. Харин цусыг төлжүүлж, ДНХ-гийн нийлэгжилтэд витамин В12 оролцдог. Тэгэхээр цус багадалтыг төмөр дутлын болон витамин В12 дутагдлын гэж хоёр ангилдаг. Тиймээс төмөр дутагдвал ногоо идэж болох бол витамин В12 дутагдвал заавал тариа, эмээр нөхөх шаардлагатай болно.
-Хоол боловсруулах замын ямар нэгэн эмгэггүй хүн махнаас витамин В12-ыг авч болох юм байна. Өөр ямар бүтээгдэхүүнээс дутагдлаа нөхөж болох вэ?
-Үндсэн эх үүсвэр нь амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд юм.
-Ахмадуудад витамин В12-ын дутагдал түгээмэл тохиолдох нь бий гэлээ. Тэд ч бас мах, махан бүтээгдэхүүн их иддэг шүү дээ. Гэхдээ насжилтын байдлаас хамаарч витамин В12-ын эрсдэлд өртдөг гэсэн үг үү?
-Тийм. Настай холбоотойгоор тухайн хүмүүст хатингаршилт кастрит буюу ходоодны эсүүдийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор витамин В12-той бүтээгдэхүүн идэж байгаа ч  шингээж чадахгүй байдалд хүрдэг. Энэ төрлийн зовуур гурван хүн тутмын нэгд илэрдэг.
-Тэгвэл зүрх судасны эмгэгт яг яаж нөлөөлдөг вэ?
-Homоcyteine буюу бодисын солилцооны завсарт хүний биед үүсдэг бүтээгдэхүүн бөгөөд энэ бүтээгдэхүүний цусан дахь түвшин нэг микро молиор өсөхөд зүрх  цусны тогтолцооны эрсдэл 10 хувиар өсдөг. Өөрөөр хэлбэл, homocyteine түвшин өндөр байвал, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эрсдэл ихэснэ гэсэн үг. Тиймээс  Америкийн Зүрх судасны холбоо “homocytiene түвшин 10 микро молиос өндөр болсон тохиолдолд зүрхний судасны ханыг гэмтээж, судас хатуурах эмгэг үүсэх эрсдэлтэй бөгөөд цаашлаад зүрхний шигдээс болон тархины харвалтыг нэмэгдүүлдэг” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхээр homocytiene-ийг бууруулж өгдөг зүйл нь витамин В12 юм.  Homocytiene  гэдэг бодисыг витамин В12 өөртөө холбоод бодисын солилцоонд оруулж, хоргүйжүүлж өгдөг. Мөн махны хэрэглээ бага байх тусам homocytiene өсөж, зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл нэмэгддэг юм.  
-Чихрийн шижингийн эмчилгээний үед витамин В12-ыг заавал уух шаардлагатай-
-Харин чихрийн шижинтэй хүмүүст яагаад витамин В12-ын дутагдалд ордог юм бэ?
-1994 онд хийсэн судалгааны ажлыг харвал захын мэдрэлийн эмгэгт үүсч буй шалтгааны 34 хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй байгааг тогтоосон байдаг. Харин 2016 онд 60 хувь нь чихрийн шинжингээс шалтгаалсан захын мэдрэлийн эмгэгт өртсөн байгаа юм.  Нэг ёсондоо, чихрийн шинжинтэй хоёр хүн тутмын нэгд гар хөл нь чимчгэнэх, ирвэгнэх зэрэг захын мэдрэлийн эмгэг илэрдэг. Цаашлаад 15 хүн тутмын нэг нь мөчөө тайруулдаг байна. Чихрийн шижинтэй хүмүүсийн эмчилгээнд metformin гэдэг эмийг заавал уух ёстой байдаг. Уг эмийг удаан хугацаанд уухаар витамин В12-ын түвшин буурдаг юм. Тиймээс 2012 онд Америкийн Чихрийн шижингийн холбооноос “Хэрэв та удаан хугацааны туршид metformin хэрэглэх гэж байгаа тохиолдолд витамин В12-ын дутагдалд орж магадгүй учраас витамин В12-ыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай” гэсэн зөвлөмж гаргасан байдаг. 
-Хүмүүс ихэвчлэн мультивитамин найруулж уудаг шүү дээ. Тус витаминд В12 агуулдаг юм уу?
-Бага хэмжээгээр орсон байдаг. Зигавит гэдэг мультивитаминд витамин В12 12 микро грамм агуулдаг. Тиймээс витамин В12 дангаараа их хэмжээгээр орсон эм, тариа авч хэрэглэх хэрэгтэй юм. Жишээ нь, kalmeco гэдэг витамин В12-ын эмэнд 500 микро грамм агуулсан байдаг.  Урьдчилан сэргийлэх замаар хэрэглэх гэж байгаа хүмүүс өдөрт нэг ширхгийг, захын мэдрэлийн эмгэгтэй, цагаан хоолтон, чихрийн шижинтэй хүмүүс  өдөрт 2-3 ширхгээр хэрэглэвэл тохиромжтой. Ихэнх витамин В12 эм нь vemngcobalamin хэлбэрээр байдаг бөгөөд бодисын солилцоонд орж явсаар байгаад methyicobalamin болж, ДНХ-д оролцож өгдөг. Харин kalmeco гэдэг эм нь шууд methylcobalamin хэлбэрээр байдгаараа онцлогтой.
-Витамин В12 илүүдэх тохиолдол бий юу?
-Ер нь бол витамин В12 нь бодисын солилцоонд эрчимтэй оролцдог учир илүүдвэл даралт ихсэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Тэгэхээр тохируулж л хэрэглэх хэрэгтэй.  Ингэснээр зүрх судасны тогтолцоог хамгаалж, танин мэдэхүйн өөрчлөлтийн алдагдлыг засах буюу алцхемер, зөнөгөрөлөөс сэргийлж, өвдөлт бууруулах, цус төлжүүлэх ач холбогдолтой.
-Ярилцсанд баярлалаа. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн