Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Г.Хулан: Тэтгэлэгт бэлдэхэд тууштай байдал, хэл сурахад сониуч зан, орчин чухал нөлөөтэй

Г.Хулан: Тэтгэлэгт бэлдэхэд тууштай байдал, хэл сурахад сониуч зан, орчин чухал нөлөөтэй
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 23
Хятад хэл хэрхэн үр дүнтэй суралцах мөн тус улсад тэтгэлгээр суралцах боломжийн талаар БНХАУ-ын Фудан их сургуулийн магистрант Г.Хулантай ярилцлаа.
-Та БНХАУ-д ямар чиглэлээр суралцаж байна вэ?
-Би БНХАУ-ын Шанхай хотын “Фудан их сургууль”-д санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Өмнө нь бакалавраа тус улсын шилдэг гурван сургуулийн нэг болох “Бээжингийн их сургууль”-д хамгаалсан.
-Суралцан буй их сургуулийнхаа талаар бидэнд сонирхуулна уу. Тус сургуулийн онцлог юу вэ?
-“Фудан болон Бээжингийн их сургууль”-иуд нь БНХАУ-ын гурван том сургуулийн нэг. Тус хоёр сургууль нь дэлхийд ранк өндөртэй, элсэгчдэд тавих босго шалгуур өндөртэй гэдгээрээ маш алдартай. Тухайлбал, “Бээжингийн их сургууль” 1898 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 123 гаруй жилийн түүхтэй БНХАУ-ын ууган сургуулийн нэг. Тус сургууль нь дэлхийн топ 50 их сургуулийн 23-т жагсдаг. Харин БНХАУ-д нийгмийн ухааны чиглэлээр нэгд жагсаж байна. Харин Шанхай хотын “Фудан их сургууль” 1905 онд анх үүсгэн байгуулагдсан. Мөн адил дэлхийн топ 50 их сургуулийн 34-т эрэмбэлэгддэг.
Дээрх сургуулиудад жил бүр маш олон хүүхэд ЭЕШ өгөх бөгөөд их өндөр шалгуураар шүүж авдаг. “Бээжингийн их сургууль”-д ЭЕШ өгөх хүүхдүүдийн 0,1 хувийг тэнцүүлж авдаг бол “Фудан их сургууль” 0,2 хувийг тэнцүүлдэг. Яг л Хятад кинон дээр гардаг шиг л олон хүүхэд шалгалт өгдөг өрсөлдөөнтэй сургуулиуд.
-Хятадад суралцахын тулд мэдээж хамгийн түрүүнд тухайн улсын хэлийг маш сайн эзэмших ёстой шүү дээ. Таны хувьд хятад хэлийг хэрхэн, ямар арга барилаар сурсан бэ. Энэ туршлагаа хэл сурах гэж буй залуустаа хуваалцаж, зөвлөгөө өгнө үү?
-Би арван жилээ Монголд “Үй Цай” хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн. Ерөнхийдөө зургаан настайгаасаа л эхлэн 10 орчим жил хятад хэл үзсэн гэсэн үг.  Миний бодлоор хэл сурахад сониуч, тууштай байдал хамгийн чухал нөлөөтэй. Дан ганц хятад хэл ч гэлтгүй бүх хэлд тууштай байж чадсан хүн хожно, сайн сурна. Арван жилд байхдаа хуулан бичлэг их хийдэг байлаа. Ингэхдээ ханзаа бичихээс гадна ханзны дээр галиг, доор нь монгол орчуулгыг бичдэг. Хуулан бичлэг хийснээр өгүүлбэр зүйг сайн мэдэх, нүдэнд тогтоогдож цаашлаад цээжлэхэд амар болдог. Мөн хажуугаар нь хятад кино, нэвтрүүлэг зэргийг үзэх нь тохиромжтой. Хэл гэдэг тухайн улсын соёлын нэгээхэн хэсэг учир түүх, соёл урлагийг нь мөн сонирхон судлах хэрэгтэй. Тэгэхээр хурдан суръя гэхээс илүү өдөр болгон тодорхой цаг гарган бэлдэх хэрэгтэй болов уу.
-Олон хүн хятад хэлийг маш хэцүү гэж дүгнэдэг. Тиймээс хятад хэлийг сурахад бусад хэл сурахаас илүү хугацааг зарцуулна ч гэж ярьдаг. Ер нь Хятад хэлийг хэдий хугацаанд хэрэглээний түвшинд эзэмшиж болох вэ. Цаашлаад одоо хэлний мэдлэггүй хүн хэр хугацаанд бэлтгэл хийж байж тэтгэлгийн шалгуур хангах хэмжээнд суралцах боломжтой вэ?
-Хэл сурахад орчин чухал байдаг. Орчинд нь сурч байгаа хүн маш хурдан сурах болно. Ойролцоогоор хагас жил орчим болж байж хэрэглээний түвшинд очно байх. Гэхдээ Хятадад байхгүй байлаа ч гэсэн бидэнд орчныг бүрдүүлэх бололцоо бий. Жишээлбэл, өөрийн сонирхдог зүйлсээ тус улсын соёл, орчноор солих. Хятад дуу, нэвтрүүлэг, кино үзэн өөрийн мэдэхгүй үгсийг мэдэж авах, тогтоох. Түүнчлэн, хамтрагчтай байх чухал. Жишээлбэл, интернэт орчноос хятад хэл хамт сурах чин зорилготой хүүхэд олох эсвэл хятад найзтай болох. Энэ зэргээр орчноо бүрдүүлэн хэлээ сайжруулах боломжтой. Ойролцоогоор жил орчмын дараа та хэрэглээний түвшинд очсон байх болно.
-HSK шалгалтын тухай танилцуулна уу. Та үүнд хэрхэн бэлдсэн бэ?
-HSK нь Hanyu Shuiping Kaoshi гэсэн үгний товчлол. HSK шалгалт нь нийт зургаан түвшинтэй. Би энэ шалгалтыг анх тавдугаар ангидаа өгч байсан. Ерөнхийдөө таны сонсгол, унших, бичих чадварыг шалгах болно. Үүнд нийт 300 онооны шалгалт байх бөгөөд, босго оноо нь 180 байдаг. Хятадын томоохон их сургуулиудад HSK зургаан түвшний оноо нь 230-аас дээш байх ёстой гэж шаарддаг.
Манай арван жилд HSK шалгалт өгөх хүүхдүүдийг тусад нь суулган хичээлийн дараа давтлага маягаар бэлдүүлдэг байсан. Эхний ээлжид ханзаа сайн цээжилдэг. Үүний дараа тест рүү орно. HSK зургаа дээр хүүхдүүдийн хамгийн их айдаг алддаг мөн айдаг хэсэг нь унших хэсгийн алдаатай өгүүлбэрийг олох байдаг. Бүгд зөв юм шиг эсвэл бүгд буруу шиг л харагдана. Энэ хэсгийг алдахгүй хийхийн тулд хятад хэл дээрх эх, зохиолуудыг сайн уншиж цээжлэх хэрэгтэй байдаг.
Мөн HSK зургаа шалгалтыг давчихвал бакалавр, мастерын хичээлийг асуудалгүй ойлгоно гэж боддог байсан. Гэвч энэ их буруу ойлголт байсан. Мэргэжлийн үг, хэллэг маш их орж ирэх тул энэ бүрийг дахиад сурах шаардлага гарч ирэх юм шүү.

Тэтгэлэгт тэнцэх эсэх 100 хувь танаас шалтгаална. Тууштай зүтгэвэл үр дүн гарах л болно

undefined
-Өөрийн хамрагдаж байсан тэтгэлгийнхээ талаар болон залуучуудын хамрагдаж болох тэтгэлгийн талаар мэдээлэл өгч болох уу. Тэтгэлгээр суралцах гэж байгаа сурагчид юунд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Би 2014 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт өгч тэнцэж байсан. Тухайн үед 500 орчим хүүхэд шалгалт өгснөөс дөрөвдүгээр байранд жагсан Бээжингийн их сургуульд суралцахаар болсон. Жишээлбэл, орон нутгийн, сургуулийн, Засгийн газрын гээд ер нь маш олон тэтгэлгийн боломжууд байдаг. Үүнийг https://www.campuschina.org/ сайтаас уншиж, судлах боломжтой.
Тэтгэлэгт бэлдэж байгаа хүүхдүүд өөрт цаг зав гарган шалгалтдаа сайн бэлдэх хэрэгтэй. Тэнцэх эсэх нь 100 хувь таны хичээл зүтгэл. Танаас л шалтгаалдаг зүйл. Яавал тэнцэх вэ, ямар арга хэрэгтэй вэ гэхгүйгээр тууштай зүтгэвэл үр дүн гарах л болно. Бакалаврын тэтгэлэгт англи хэл, хятад хэл, тооны шалгалт авдаг. Энэ гурваас мэдээж хятад хэлийг чухалчилж харах болно. Иймд хэлээ сайн бэлдээрэй.
Мөн тэтгэлэг аваад явах гэж буй хүүхдүүдэд дараах зүйлийг хэлмээр байна. Хувийн зардлаар гадаадад сурах, тэтгэлгээр сурах хоёр маш том ялгаатай зүйл юм шүү. Маш хариуцлагатай байх хэрэгтэй.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг нь амьдрах зардал, орон сууц, сургалтын төлбөр зэргийг 100 хувь дааж, хөнгөлж өгдөг. Мөн хажуугаар нь оюутанд бакалавр 2500, мастерт 3000 юань стипенд олгоно.
Нэг үгээр тухайн хүнээс илүү зардал гарахгүй тав тухтай зөвхөн хичээлд анхаарах боломжтой юм. Иймд том хариуцлагатай, бас монгол гэх нэр давхар явдаг гэдгийг санаж, хариуцлагатай байх хэрэгтэй.
-Хятадад суралцах нь ямар давуу талтай вэ. Тус улсад суралцах давуу талуудаас дурдана уу. Мөн гадаад оюутнуудад тус улсын зүгээс хэр хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-Хятад хүүхдүүд маш шаргуу, тууштай, хариуцлагатай байдаг. Аливаа зүйлийг хийнэ л гэсэн бол дуустал нь явдаг зан чанартай юм билээ. Хятад хүмүүс үйл явцаас илүү үр дүнг чухалчилдаг санагдсан. Үйл явц хэдий зөв байвч үр дүн буруу бол түүнийг зөвтгөдөггүй. Багш нарын хувьд сурагчдадаа ихээхэн өндөр шаардлага тавьдаг. Гадаад оюутанд ч ялгаагүй. Хэрэв та тухайн сургуулийн үүдээр орсон л бол тэр багшийн шаардлагад нийцэх хэрэгтэй. Хятад эсвэл гадаад хүүхэд байх хамаагүй яг ижил түвшинд ярьж, сэтгэх ёстой байдаг. Тухайн үед хэцүү байсан ч төгссөний дараа нэлээд их юм сурсан санагддаг.
Түүнчлэн тухайн улсад суралцах, Хятадын топ их сургуульд суралцах нэг том давуу тал нь сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах юм. Би бакалаврт суралцаж байхдаа Харвардын их сургуулийн зуны сургалтад хамрагдаж байсан. Тухайн хөтөлбөр нь манай эдийн засгийн тэнхимээс Харвардын Хуулийн сургуультай хамран гаргадаг улс төр,и хуулийн мэдлэг олгох зорилготой программ юм. Үүнээс гадна олон хөтөлбөрүүд байдаг.
-Хятад улсын талаар бидэнд танилцуулна уу. Тус улсын соёл, амьдралын хэв маяг болон  ёс заншлаас танилцуулна уу?
-Хятад хүмүүс их эртэч. Жишээ нь, өглөө 8 цагаас хичээлтэй байхад хятад оюутнууд зургаа өнгөрөөд сургууль онгойхыг хүлээн зогсдог. Хятад хүмүүсийн амьдралын хэв маяг их зөв санагддаг. Өглөө эрт босно, өглөө, өдрийн цайгаа заавал уудаг, харин оройд ногоо, жимс иддэг. Бас  нэг сонирхолтой зүйл нь хятад оюутнууд өдрийн цагаар 20-30 минут ширээгээ дэрлэн унтчихдаг. Энэ нь бараг соёл болсон зүйл юм билээ.
-Бээжингийн их сургууль болон Фуданы их сургуульд элсэх хүсэлтэй оюутанд зөвлөгөө өгнө үү. Өргөдөл материалаа хэрхэн бүрдүүлэн хамрагдах хэрэгтэй вэ?
-Сургуулиудын элсэлт оны эхнээс явагдаж эхэлдэг. Эхний ээлжинд тус сургуулийн гадаад оюутан хариуцсан оффисын сайт дээрх тавигдсан шаардлагын дагуу материалуудыг бүртгүүлж өгнө. Ингээд эхний шатанд тэнцсэн хүүхдүүдээс бичгийн шалгалт авах бөгөөд үүний дараа ярилцлагын шатанд ордог. Сургуульд хүсэлтээ гаргахдаа тулгаж бус эртнээс бэлдэж эхлээрэй. Тэтгэлэг хөөцөлдөж эхлэхээс өмнө эхний ээлжид сургуульдаа тэнцэж орох чухал.
Шалгалтын хувьд өмнөх жилүүдэд авч байсан жишиг тестүүдийг олж өөрийн түвшинг мэдэж бэлдэх нь зүйтэй. Мөн томоохон их сургуульд дүн харахаас гадна нийгмийн идэвхийг давхар хардаг шиг санагддаг. Иймд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд цаг, заваа тодорхой хэмжээнд зарцуулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн