"Тавантолгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Ж.Батбилэгтэй ярилцлаа.
-Улаанбаатарын айл өр шахмал түлш хэрэглэдэг болсноор нүүрсний хэмжээ хоёр дахин буурсан гэж байна. Энэ юутай холбоотой юм бэ?
-Багануурын нүүрсийг нэг айл жилд таван тонн түлдэг гэсэн судалгаа байдаг. 220 мянган гэр хорооллын айл өрх жилд 1.1 сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн үг. Багануурын нүүрс 3360 калорийн илчлэгтэй, олон улсад доод ангиллын бор нүүрс гэж нэрлэдэг, цахилгаан станцын зориулалтын нүүрс юм. 40 хувийн чийг устай нүүрсийг Улаанбаатарын айл өрх хэрэглэдэг байсан. Харин манай Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол коксжих ангиллын сайн чанарын нүүрсний ангилалд ордог. 7500 калорийн илчлэгтэй. Илчлэг гэдэг нь дулаан гаргах чадвар. Тэгэхээр Багануурын нүүрсийг хоёр тонныг хэрэглэснээс манай түлшийг нэг тонныг хэрэглэнэ гэсэн үг. Мөн чийг буюу усны агууламж нь Багануурын нүүрс 40 хувьтай байдаг бол Тавантолгойн нүүрс дөрвөн хувьтай байдаг. 10 дахин бага. Нойтон мод хуурай мод хоёрын хуурай нь илүү сайн асдагтай л адил байна гэсэн үг. Жишээлбэл, 100 вагон Багануурын нүүрс оруулж ирлээ гэж бодоход 40 вагон нь ус байна гэсэн үг шүү дээ. Ус, чийг өндөр байх нь нүүрс муу шатна, уугина. Энэ хоёр гол шинж чанараар дүгнэвэл хоёр дахин бага нүүрс хэрэглэж байгаа юм. Мөн шахалтад оруулаад нягтруулахаар хог хаягдал багасна. Үүнээс шалтгаалаад нүүрсний шаталтын хугацаа уртасдаг. Багануурын 5-8 кг нүүрсийг зууханд хийгээд шатаахад дөрвөн цаг орчим шатдаг бол сайжруулсан түлш 7-8 цаг асна. Энэ үндэслэлүүдээр Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн нийт хэрэглээний нүүрс хоёр дахин багассан. 2019-2020 оны өвөл Тавантолгой түлш компани 500 орчим мянган тонн нүүрс борлуулахад Улаанбаатар хотын 220 мянган гэр хорооллын айл өрхөд хүрсэн.
-Түлж байгаа нүүрсний хэмжээ хоёр дахин багасчихаар энэ нь агаарын чанарт нөлөөлөөд агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан гэсэн үг үү?
-Агаарын бохирдол дэгдэмхий бодисын хэмжээ гэсэн үзүүлэлтээс хамаардаг. Нүүрсийг шатаахаар гардаг ногоон туяатай зүйл бол дэгдэмхий бодис. Энэ нь их байх тусам агаарын бохирдол өндөр байна гэсэн үг. Монгол Улсын MNS56792019 гэсэн стандартад дэгдэмхий бодис 22 хувь гэж байдаг. Тэгвэл Багануурын нүүрс гэдэг юм уу ер нь хүрэн нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээ 40 хувьтай байдаг. Агаарын бохирдлыг 40,50 хувь бууруулсан гэж ярьж байгаа боловч түлшний хэмнэлт, чийг, илчлэг буюу дулаан гаргах хэмжээ, утааны хэмжээг нарийн хэмжвэл үүнээс ч илүүгээр агаарын бохирдлыг бууруулсан байх магадлал өндөр. Гэхдээ олон улсын шинжээч, судлаачдын үзэж байгаагаар манай улс агаарын бохирдлоо 50-60 хувь бууруулсан гэсэн үндэслэл гарч ирж байгаа.
-Тэгвэл коксжих ангиллын сайн чанарын нүүрсийг шууд хэрэглэж болдоггүй юм уу?
-Илчлэг өндөр нүүрсийг зууханд шатаахад хэтэрхий их илчлэг өндөр байна. Мөн шууд авчраад хэрэглэвэл нунтаг ихтэй байна. Нунтаг ихтэй байвал утааны хэмжээ нэмэгдэнэ. Одооны байгаа хэмжээ бол таван см өргөнтэй, нарийн талдаа 3-3.5 см.
-Одоо үйлдвэрлэж байгаа нүүрсээ улам боловсронгуй болгох боломж байгаа юу. Үнс их гарч байна, утаа гарч байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ?
-Тавантолгойн нүүрсийг 2018 онд судалсан юм биш шүү дээ. 1960-аад онд Тавантолгойд их хэмжээний коксжих нүүрсний орд байна. 6.8 тэрбумын нөөцтэй орд байна гэдгийг оросын геологичид судалж эхэлсэн. 10,20 мянган сорьц авч шинж, чанарыг нь тогтоосон байдаг. Дотоодын эрдэмтэд ч судлаад, шинж чанарыг нь тогтоосон. Тавантолгой түлш 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани. Анх байгуулагдахад 10 хүнтэй л байсан хэрнэ зорилт том байсан. Засгийн газраас Улаанбаатарын айл өрхийг сайжруулсан, шахмал түлшээр хангана гэсэн. Бид хоосон газар үйлдвэрээ байгуулаад, тоног төхөөрөмжийн угсралтаа хийгээд, боловсон хүчнээ бэлдэж, хүнээ сургаад Улаанбаатар хотын айл өрхийг сайжруулсан түлшээр хангана гэдэг маш хүндрэлтэй ажил байсан. Гэхдээ бид аль болох бага алдаа гаргахын төлөө ажилласан. Шинж чанарын судалгааг байнга хийж байгаа. Манай нүүрсний гол түүхий эд бол Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг. Монгол Улсын стандартын зургаан үзүүлэлтийг бүрэн хангах түүхий эд. Энэ түүхий эдээр түлш хийгээд гаргахад үнслэгийн хэмжээ өндөр байна гэж ярьж байна. Гэхдээ үнслэгийн хэмжээ тогтвортой буюу 20 хувь байдаг. Тавантолгойн нүүрс 17 хувийн үнслэгтэй байдаг. 17 хувийн үнслэгтэй нүүрс дэлхийн зах зээл дээр явдаггүй. Тиймээс баяжуулдаг. Баяжуулна гэдэг нь угаагаад үнслэг, шороо, чулууны хэмжээг 7-8 хувь болгож байж дэлхийн зах зээлд гаргадаг. Ингэж угаасан нүүрсний дунд талын бүтээгдэхүүн буюу мидлинг сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд юм. Манайх сайжруулсан шахмал түлш хэрэглэдэггүй байхад жилд 3 сая тонн мидлинг хаягддаг байсан. Гэтэл энэ нь хүрэн нүүрстэй харьцуулахад хоёр дахин их илчлэгтэй.

-Түүхий эд нь үнслэг өндөртэй болохоор түлшний үнслэг буурахгүй юм байна. Тийм үү?
-Бууруулахын төлөө ажиллаж байна. Манай түүхий эд бүх үндэслэлээрээ маш сайн. Гэхдээ бид үнслэгийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Баяжуулсан нүүрсний үнслэгийн хэмжээг бууруулахад маш төвөгтэй. Тиймээс бид үнслэгийг бууруулахын тулд мидлинг биш нүүрсийг нь авчраад манай дээр баяжуулах үйлдвэр барих төсөл яригдаж байна. Баяжуулаад гаргавал үнсийг нь бууруулах боломжтой. Мөн Тавантолгойн нүүрс Багануурын нүүрстэй харьцуулахад хүхрийн агууламж өндөр. Олон улсад бол нэг хувиас доош хүхрийн агууламжтай байвал хамгийн сайн нүүрс гэж үздэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоогдсон 178 тэрбум тонны 300 орчим нүүрсний ордын нөөц байна. Эдгээр ордын ихэнх нь нэг хувиас доош хүхрийн агууламжтай. Энэ маш сайн. Хэрвээ бид цаашдаа үнслэгийн агууламжийг 10 хувь болгоод хүхрийн агууламжаа 0.4-0.5 хувь болгож чадвал төгс түлш болно. Үүнээс илүү сайн түлш байхгүй болно гэсэн үг. Европын зах зээл дээр ийм нүүрс 750 фаунд буюу хоёр сая төгрөгөөр нэг тонн нь борлуулагддаг.
-1-2 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, судалгааны ажлыг хийж байна. Баяжуулах үйлдвэрийг ойрын хугацаанд буюу хоёр жилд хийх төлөвлөгөөтэй байна. Ийм сайхан бэлэн түүхий эдтэй байгаа нөхцөлд удаан хугацаа шаардахгүй гэж харж байгаа. Нүүрсний чанарыг сайжруулах тал дээр бид байнга ажиллаж байгаа. Хяналтын шинжилгээг тогтмол хийлгэж байна. Улаанбаатарт байгаа сайжруулсан шахмал түлшний дөрвөн үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний шинжилгээг долоо хоногт хоёр удаа хийлгэж байна.
-Анх үйлдвэрлэж байсан нүүрсний бүтцэд өөрчлөлт оруулсан уу?
-Нүүрсний чанар тогтвортой байгаа. Хариуцлагын үүднээс хяналтын шинжилгээ байнга хийлгэж байгаа. Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 хувь нь амьдарч байна. Үүнээс 220 мянган гэр хорооллын айл өрх байна. Энэ айл өрх бүрд очиж байгаа түлшний чанар сайн байх ёстой. Тиймээс тогтмол хяналт хийж байгаа юм. Нүүрс байгалийн түүхий эд учраас өөр өөр шинж чанартай байж болно. Шинж чанарыг нь тогтвортой барихын тулд тогтмол шинжилгээ хийх ёстой. Бид өөрсдөө шинжилгээ хийлгэхээс гадна мэргэжлийн хяналт, онцгой байдлаас манай дээр байнга ажиллаж байна. 2019 онд мэргэжлийн хяналтын 150-иад байцаагч манай дээр ажилласан. Сайжруулсан нүүрс бол манай улсын стратегийн бүтээгдэхүүн болсон. Энэ ч утгаараа найдвартай байх ёстой.