Open iToim app
Зочин | 4 мин уншина

Долоо дахь хүүхдийн мөрөөдөл ба гунигт түүхийн өмнө сөхрөөгүй ноён нуруу

Долоо дахь хүүхдийн мөрөөдөл ба гунигт түүхийн өмнө сөхрөөгүй ноён нуруу
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 29
Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэх уриалгын дагуу хашаагаа тохижуулан хүүхдүүддээ бэлэг барьсан хөдөлмөрч гэр бүлийнд очихоор Бэлхийг зорилоо.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг, хээ, хуараар чимсэн хаалгатай, цэвэрхэн хашаа биднийг угтав.  Хашааны хаалганаас гэр хүртэл цементээр зам тавьж үлдсэн хэсгийг хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулжээ. Гулсуур, савлуур, элсэн тоглоомын талбайг алаглуулан будаж, хашааны баруун хэсгийг цэнхэр өнгөөр будаад сахиусан тэнгэрийн далавч, нар, мод, үүл зуржээ. Хашаандаа тоглоомын талбай барьсан нь хөл хорио тогтоосон энэ цаг үед сайн жишиг, зөв шийдэл шиг санагдав. Түүнчлэн нохой, туулай, тахианыхаа үүрийг будаж янзалсан байв. Харин таван ханатай гэрийн дэргэд барьж дуусгаагүй хоёр давхар байшин байлаа.
undefined
Биднийг очиход гэрийн эзэн Ц.Мянганбуу хэлмэрч авчрахаар явсан байв. Тэрээр гурван настайдаа эцэг, эх, дүүгээ алдаж, Дархан хотод эмээ, өвөө дээрээ өсч, гуравдугаар анги хүртлээ эрүүл саруул өсжээ. Гэвч зуныхаа амралтаар витамин C чихэр шиг амттай болохоор нь хоёр хайрцагийг уугаад таван минут бололгүй ухаан алдаж, биеэр нь тууралт гарч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч өндөр тунтай тариа тарьснаас нүүр нь хавдаж, чихнээс нь юм гарч эхэлснээр дөрөвдүгээр ангид орох жилдээ сонсгол, хэл яриа нь муудаж, тав зургадугаар ангиасаа сонсголгүй болжээ. Харин эхнэр Ц.Уянга сонсгол болоод хэл ярианы бэрхшээлтэй. Түүнийг гурван настай байхад нугаснаас нь ус авч, мөн л өндөр тунтай тариа хийснээс болж ийм бэрхшээлтэй болсон байна. Тэдний бага залуудаа хөгжлийн бэрхшээлтэй болсон гунигт түүх ийм.
Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч өдгөө зургаан хүүхдийн эцэг, эх болж, амьдралын төлөө хамтдаа зүтгэж яваа гэр бүл юм. Гэргий Ц.Уянга бидэнд тахианы байраа харуулахыг хүүгээрээ дамжуулан санал болгов. Тахиа болон цагаан тагтаа бүгд нийлээд 30-аадыг тэжээдэг юм байна. Бидэнд хэлмэрч хийж буй хүүг М.Оргилбаяр гэдэг. Тэрээр уул уурхайн инженер болох хүсэлтэй. Ц.Уянга хүүхдүүддээ дохионы хэлээр хийх зүйлсийг нь зааж өгөхөд гурван настай охин нь ч түүний өөдөөс дохионы хэлээр өөрийнхөө хүслийг ойлгуулж байв.
Биднийг хөөрөлдөж байх зуур гэрийн эзэн Ц.Мянганбуу хэлмэрч Б.Саранчимэгийн хамт орж ирэв. Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт хэлмэрч хийдэг байсан түүнийг бидэнтэй ярилцахын тулд өөрөө явж, авчирсан нь Ц.Мянганбуугийн сайхан сэтгэлийг итгэнэ.
undefined

Байшинтай болчихвол долоо дахь хүүхдээ төрүүлнэ

Гэрийн эзэн Ц.Мянганбуу “Эхнэр маань Улаанбаатар хотод төрж, 29 дүгээр тусгай сургуулийг төгссөн. Эхлээд компьютер графикч мэргэжил эзэмшээд, дараа нь МУБИС-д тусгай боловсролын багшаар сурсан байна. Хань минь 29 дүгээр сургуульд туслах багшилж байгаад жирэмсний амралтаа авсан байгаа.  Харин би Дархан хотын 17 дугаар сургуульд эрүүл хүүхдүүдийн дунд сурч төгссөн. Бид гэрлээд 17 жил болсон байна. Анхныхаа хүүхдийг өлгийдөж авч байсан үе хамгийн сайхан байсан. Энхэр маань төрж байх үед нэг хөгжилтэй явдал болсон юм.  Эхнэрийг төрөх өрөөнд орсон үед сувилагч надаас нэрийг минь асуусан юм. Гэтэл эмнэлгийн урсдаг самбарт “Ц.Мянганбуу охинтой боллоо. Баяр хүргэе” гэсэн бичиг гардаг юм байна. Би тэр үед ичих шиг болсон шүү” гэв.  
Тэд гэр бүл болохдоо л долоон бурхан одыг бэлгэдэж, долоон хүүхэдтэй болно гэж төлөвлөжээ. Одоо зургаан хүүхэдтэй. Хэрвээ байшиндаа орчихвол долоо дахь хүүхдээ өлгийдөж авахыг хүсч байгаагаа нуугаагүй юм. Ц.Мянганбуу айл гэрийн эзэн, өрхийн тэргүүний үүрэг хариуцлагыг ухамсарлан зүтгэдэг нь түүний яриа, хийсэн зүйлээс нь харагдана. Хүүхдүүдээ бүгдийг нь их дээд сургуульд сургаж, ээж шиг нь  боловсролтой хүн болгохыг хүсдэг гэнэ. Ингэхийн тулд “Би өөрөө л буруу замаар орохгүй, сайн аав байж, хүүхдүүддээ үлгэрлэнэ гэж боддог” хэмээн хэлсэн юм. Түүний том охин өнгөрсөн жил Анагаахын лицей сургуулийг  төгсөөд үргэлжлүүлэн БНХАУ-д сурахаар бэлдэж,  Боловсролын яамны тэтгэлэгт  тэнцэж, 100 хувь тэтгэлгээр сурах баяртай мэдээг ээж аавдаа дуулгажээ.  
undefined
Ц.Мянганбуу өөрийн гэсэн өмчтэй болохын тулд дөрвөн жилийн өмнөөс хашаагаа бага багаар тохижуулж, байшингаа барьж эхэлсэн байна. Тэрээр оёдолчин мужаан, жолооч гээд хийж болох бүхий л ажлыг хийж үзсэн. Хүүхдүүдээ боловсролтой болгох том зорилго тавихаас гадна, хүүхдүүдээ тав тухтай орчинд амьдруулж, сургах нь түүний хамгийн  мөрөөдөл нь. Уг нь тэрээр хот хоорондын тээвэрт явдаг бөгөөд хөл хорио тогтоосноос хойш ажил нь зогсонги байдалд орж, энэ зун барьж дуусгахаар төлөвлөсөн байшингаа барьж чадахгүйд хүрээд байгаа юм.
undefined
undefined
Тогтмол орлогогүй болсон ч 100 мянган төгрөгт багтаан өөрийнхөө гараар хашаагаа тохижуулж, хүүхдүүдийнхээ баярын бэлгийг бэлдсэн нь энэ юм. Хүүхдүүдээ баярлуулаад амжсан тэрээр байшингаа барьчихвал л насан туршийн боловсрол эзэмших орчныг нь бүрдүүлэхийг хүсч байгаа учир монгол ахан дүүсээсээ хэрэглэхгүй үлдсэн барилгын материалаасаа хандивлахыг хүссэн юм. Тэд байшингаа блок болон тоосгоор өрсөн бөгөөд одоо дотоод засвар, цонх, хаалга, гадна өнгөлгөө хийх хэрэгтэй байгаа аж.
Уг гэр бүлд хүмүүжил, төлөвшил үгээр биш үйлдлээр тогтдог. Ц.Мянганбуу, Ц.Уянга нар зургаан хүүхдээ хүний дайтай өсгөж, эцэг, эхийн сайхан сэтгэл, ажилч хичээнгүй зан чанарыг өвлүүлэхийг хүсэж, үргэлж амьдралын төлөө зүтгэж явдгаа хэлж байв. Тэд сайхан үг, сургамжийг хэлж чадахгүй ч гэлээ хийж буй үйлдэл, сэтгэл хандлагаараа үр хүүхдүүддээ үлгэрлэн, ирээдүйн зөв монгол хүнийг төлөвшүүлж байв.
undefined
Ц.Мянганбуугийн гэр бүлийн байшинтай болж, долоо дахь хүүхдээ өлгийдөн авах мөрөөдлийг биелүүлэхэд туслахыг хүсвэл 99941331 дугаарт мессэж бичих, 77057758 дугаар руу залгана уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн