Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр болсон Засгийн газрын ээлжинд хуралдаанд цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэр буюу "ТЭЦ-V"-ыг дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих хувилбарыг танилцуулсан байна.Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна. Иймд дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн тав дахь эх үүсвэрийг барих боломжтой гэж үзжээ.Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ.ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна. Эргэн сануулахад, цахилгаан дулааны тав дахь эх үүсвэр буюу "ТЭЦ-V"-ыг барих төсөл 10 гаруй жил гацаж байна. Анх 2009 онд ТЭЗҮ-ийг боловсруулж, барих байршлыг тогтоож байв. Тухайн үед төсвийн хөрөнгөөр байршлын судалгаа хийж ТЭЦ-III хажууд барихаар болсон. Үүнээс өмнө Багануур, Налайх зэрэг 4-5 байршилд барих талаар мөн л ярьж байлаа.Төрөөс ТЭЦ-V-ыг гуравдугаар цахилгаан станцын хажууд барих шийдвэрийг тухайн үеийн Эрчим хүчний сайд Д.Зоригт гаргаж байсан. Энэ байршил дээр суурилан хөрөнгө оруулагчид саналаа ирүүлж концесс эзэмшигчийг тендерээр шалгаруулсан байдаг. ТЭЦ-V-ыг концессоор барих шийдвэр 2011 онд гарч барих-ашиглах-шилжүүлэх гэсэн нөхцөлөөр “Ньюком” групп, Япон, Солонгос Францын эрчим хүчний томоохон компаниас бүрдсэн консорциум шалгарсан ч ажлаа эхлүүлж чадалгүй бас л гацаж байсан билээ.