Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Г.Отгонцэцэг: Өсвөр насны хүүхэдтэйгээ харьцахдаа шүүмжлэх, заах гэж бүү яар

Г.Отгонцэцэг: Өсвөр насны хүүхэдтэйгээ харьцахдаа шүүмжлэх, заах гэж бүү яар
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 14
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төв Сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Өсвөр үеийнхний дунд сэтгэл зүйн ямар асуудлууд хамгийн их байдаг вэ. Үүний шалтгаан юу вэ?
-Өсвөр насны хүүхдүүдэд тохиолдож буй сэтгэл зүйн асуудлыг ярихаас өмнө тэдний онцлогийг таньж мэдэх хэрэгтэй болов уу. Тэд томчууд бид нараас юуг хүсдэг юм бол, өсвөр нас яагаад ийм ээдрээтэй байдаг юм бол. Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог нь сэтгэл хөдлөл тогтворгүй болох, өөрийгөө батлахыг эрмэлзэх, үе тэнгийнхний харилцааг чухалчлах зэрэг бусадтай харилцах харилцаанд илүү ач холбогдол өгдөг. Өсвөр насны хүүхдүүдийн онцлогтой холбоотойгоор харилцааны асуудлууд түгээмэл тохиолддог. Үүнд, гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа, үерхэл нөхөрлөлийн харилцаа орно. Үүний дараа өөрийгөө ойлгохгүй байх, сэтгэл хөдлөлөө хянахад хүндрэл үүсэх, сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудлууд тулгарч байна. Оптимал Эн Макс компаниас 2022 онд гаргасан "Монголын Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс судалгаа"-нд өсвөр насныханд эцэг эхийн биеийн болон үгэн хүчирхийлэл, стресстэй үйл явдлууд, өөрийн талаарх сөрөг төсөөлөл, бодлууд болон амьдралдаа сэтгэл ханамжгүй байдал нь өөрийгөө гэмтээхэд нөлөө үзүүлдэг гэсэн үр дүн гарсан. Нэгтгээд харвал, өсвөр насанд өөрийгөө юу гэж үнэлж байна вэ, ямар хүсэл мөрөөдөл, зорилготой вэ, өөрийгөө хэр сайн таньж ойлгож байна вэ, өөрийн хүсэж буй зүйл бодит байдалтай хэр зэрэг нийцэж байна вэ зэрэг өөр лүү чиглэсэн болон бусадтай харилцах харилцаа чухал гэж хэлж болно.
-Үе тэнгийнхний дарамт, гадуурхалт их болж байна. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ. Цаашлаад ямар эрсдэлд хүргэх аюултай вэ?
-Үе тэнгийн дарамт, гадуурхалт хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл, өөртөө итгэлгүй болох, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө их.
-Эцэг эхчүүд хүүхдээ үе тэнгийнхний дарамт, гадуурхалтад байгааг хэрхэн анзаарч, мэдэх вэ. Мэдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Та хүүхдээ, дүүгээ ажиглаад үзээрэй. Сүүлийн үед өмнөх байдгаасаа өөрчлөгдсөн зүйл байна уу. Дуугаа хураах, хичээлдээ явах дургүй болох, ихэнх хугацаанд гунигтай байх, идэвхгүй болох, сонирхдог зүйлсээ сонирхохоо болих, өөрийгөө тусгаарлах, найз нөхдийн талаар ярихаа болих гэх мэт зүйлсийг ажиглах боломжтой. Мөн багш нартай нь холбоотой байх, найз нөхдийнх талаар мэддэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхдүүд дотны хүмүүстээ дээрэлхүүлсэн, гадуурхагдсан тухайгаа хэлсэн байдаг боловч арга хэмжээ аваагүй улмаас хүүхэд дээрэлхэлтийг тэсэх, чимээгүй байхыг сонгох тохиолдлууд байдаг. Тиймээс танд хэлсэн бол эсвэл та анзаарсан бол юун түрүүнд чамайг хамгаална гэсэн аюулгүйн мэдрэмжийг төрүүлж ярилцаж сонсоорой. Үүний дараагаар хүүхдэд дахин ийм асуудал гарах үед хэрхэн өөрийгөө хамгаалах, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар мэдээлэл өгөх ба өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, өөртөө итгэлтэй байх зэрэг ур чадваруудыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Үүнд мэргэжлийн сэтгэл судлаачаас тусламж авах боломжтой. Тухайн үйл явдал сургууль, анги дээр нь болсон бол багш, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаарай. Эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд хэрэгтэй сургалт, лекцийг зохион байгуулж мэдээлэл түгээх, ангийнхны уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байдаг. Нэг удаа очиж загнаад бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг биш шүү дээ. Харин ч та хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэх шаардлагатайг харуулж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Сүүлийн үед өсвөр насныхан амиа егүүтгэх оролдлого их болж байгаа нь юунаас шалтгаантай гэж сэтгэлзүйч хүний хувьд харж байгаа вэ. Тоон судалгаа байдаг уу?
-Дээр судалгаанд дурдсанчлан эцэг эхийн зүгээс биеийн болон үгэн хүчирхийлэл үйлдэх, эцэг эхийн хоорондын маргаан, гэр бүлийн таагүй уур амьсгал, нэгнээ үл тоосон, түрэмгий харилцаа стресстэй үйл явдлууд, дээрэлхэлт, гадуурхал нөлөөлөх нь их байна. Үүнээс харвал8 дахиад л харилцаа. Тэр дундаа нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн харилцаа маш чухал юм.
-Тухайн хүн амиа егүүтгэх магадлал өндөртэй байгааг ойр тойрных нь хүмүүс хэрхэн анзаарч болох вэ?
-Мөн л маш сайн ажиглах. Сүүлийн үед өөрчлөгдсөн үү, сүүлийн нэг сарын хугацаанд хүүхэд тань тантай хэр ярилцаж байна вэ. Байнгын гунигтай байх, жижиг зүйлс дээр ч маш их уурлах, төвөгшөөх, өөртөө итгэлгүй болох, нойр, хоолондоо муудах, амьдралын идэвхгүй болох, байнгын ядарсан байх, өөрийгөө бусдаас тусгаарлах, хичээлдээ муудах, анхаарал төвлөрөлт муудах, өөрийгөө гэмтээх, өөрийн гадаад байдалдаа анхаарахаа болих, амиа хорлох тухай тоглоом хийж ярих гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Мөн та нэг л биш байна гэж бодож байвал заавал мэргэжлийн хүнд хандаарай. Эрт арга хэмжээ авах нь том эрсдэлээс сэргийлнэ шүү дээ.
-Өсвөр насны хүүхэд яагаад аав, ээжтэйгээ ярилцах дургүй, тэднээс хөндий болох хандлагатай байдаг юм бэ?
-Дургүй болох гэхээс илүү өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь үе тэнгийнхнээ сонирхох сонирхол их. Найз нөхөд энэ насанд илүү чухал гэсэн үг. Энэ онцлогийг нь ойлгож хүлээн зөвшөөрснөөр та хүүхэдтэйгээ дотно байх боломжтой. Мөн өсвөр насныхан томчууд биднээс шүүмжлэхгүйгээр, заахгүйгээр, буруутгахгүйгээр сонсоосой, өөрийн гэсэн үзэл, бодол, сонголт шийдвэртэй гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй, өөрийг нь таньж мэдэхэд туслаасай, сонирхлоо туршиж үзэх боломж олгоосой, өөрийг нь үнэлээсэй гэх мэт нэг үгээр хэлбэл ойлгоосой, хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Та хүүхдээ хэр сонсдог вэ, хувийн орон зайг нь хүндэлдэг үү. буруу зүйл хийсэн бол уучлалт гуйдаг уу, хичээл зүтгэлийг нь үнэлдэг үү, сонголт, шийдвэрийг нь дэмждэг үү, хэр их цаг гаргадаг вэ, аливаа зүйлсийн талаар хэр ярилцдаг вэ гэх зэрэг олон асуултыг өөрөөс асуугаад үзээрэй.
-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ямар алдааг түгээмэл гаргадаг вэ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ямар үед яаж харьцах ёстой бэ?
-Өөрийн сэтгэл хөдлөл ямар байгаа яг тэрүүгээрээ харилцах гээд байдаг. Ууртай байвал загнадаг, баяртай байвал үнсдэг, стресстэй байвал сонсдоггүй төвөгшөөдөг гэх мэт тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө харилцах нь хүүхдэд маш их эргэлзээ төрүүлдэг. Тиймээс эцэг, эх асран хамгаалагч та өөрийн бие хүндээ анхаарч, асуудалдаа цаг гаргаж өөрийгөө халамжлаарай. Гэрт эцэг эх, асран хамгаалагч сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байх нь их чухал. Мөн шүүмжлэх, үнэлэхгүй байх, бусадтай харьцуулах, уурандаа таагүй үг хэлэх, цаг гаргахгүй байх зэрэг харилцааны асуудлууд түгээмэл тохиолдож байна. Та юун түрүүнд өсвөр насны хүүхэд гэж хэн бэ, тэдний онцлог юу вэ гэх асуултын хариултыг авсны дараагаар өөрийн хүүхдийнхээ онцлогийг таньж мэдэх нь чухал. Мөн хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэг, мэдээллээ шинэчилж байх хэрэгтэй. Ном унших, сургалтад суух, мэдээлэл сонсох, мэргэжилтэндээ уулзах гэх мэт үйлдлүүдийг хийж болно. Хамгийн энгийн дүрэм бол шүүмжлэх гэж, заах гэж яаралгүй тэвчээртэй сонсох, асуулт асуух, тэднийг сонирхох, мэдрэмжид нь ач холбогдол өгөх юм шүү.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн