“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус төсөл нь Японы Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилт, Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон техник туслалцаагаар Сангийн яамны дэргэд 2019-2022 онд хэрэгжүүлсэн байна. Төслийн хаалтын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон төслийн дэмжсэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ДЭМБ, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Цус харвалт, төрөлхийн гажиг, хавдрын эмнүүдийг төрөөс даадаг болсон

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 2019 онд ЭМД-ын санг Нийгмийн даатгалын сангаас салгасан. Ингэснээр 704 оношийн бүлгээр өртгийн жин тооцож нарийвчлан авч үздэг. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагууд сар болгон гүйцэтгэх нормтой байсан. Харин одоо гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээр тухайн байгууллага иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж чадаж байна, тэр хэмжээгээр санхүүжилт авах бүрэн боломжтой болсон. Гүйцэтгэлээрээ санхүүжилт авснаар ажилчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах эрх нь нээлттэй. Мөн хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй хүргэх тал дээр томоохон алхмууд хийсэн. Өмнө нь сарын эхэнд харьяа эмийн сангуудаас авдаг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтээр иргэн бүр аль ч сар, өдөр авах боломжтой болсон. Өмнө нь өрхийн эмнэлэг жор бичдэг байсан бол одоо бүх эмчийн бичсэн жороор эмээ авах боломжтой. Мөн цус харвалт, төрөлхийн гажиг, хавдрын эмнүүдийг төрөөс даадаг болсон. Энэ бүгд нь энэ төсөл ямар үр дүнтэй болсныг илтгэнэ.
Даатгалаараа хувийн эмнэлэгт хийлгэсэн MRI, компьютер оношлогоо хийлгэж болно
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө инфляцийн түвшингээ хасаад үзвэл 1.7 дахин ихэссэн. Тэгвэл санхүүжилт нэмэгдээд байхад үр дүн хэр гарч байна вэ гэдэг хамгийн чухал. Үүнийг дагаж дундаж наслалт өсөж, нас баралт буурах ёстой. Гэвч санхүүжилт нэмэгдэхийн хэрээр бид ингэж чадаж байна уу гэвэл үгүй. Санхүүгийн тогтолцоог оновчтой болгохгүй бол элсэнд ус асгахтай адилхан болно. Тиймээс энэ чиглэлээр манай төслийн хүрээнд Сангийн яам ЭМДЕГ-тай хамтарч томоохон өөрчлөлтийг хийлээ.
Иргэд, үйлчлүүлэгчид 2022 онд 1.4 их наядаар тусламж үйлчилгээг ЭМДС-аас авахаар байгаа. Тиймээс хамгийн шаардлагатай тусламж үйлчилгээнд багтах харвалт, гэмтэл, зүрхний шигдээс, түлэгдэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг тусламж үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд ордоггүй байх хэрэгтэй тул даатгалаас 100 хувь дааж байна. Жишээлбэл, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлттэй хүүхэд 38 сая төгрөгийн тусламж үйлчилгээ шаарддаг. Үүний 25 хувь буюу 9.5 сая төгрөгийг иргэн төлдөг байсан. Энэ нь тухайн айлыг санхүүгийн эрсдэлд оруулах хэмжээний мөнгө. Тиймээс энэхүү мөнгийг даатгалаас төлж иргэн төлөхийг болиулж байгаа. MRI, компьютер оношлогооны хувьд зөвхөн улсын эмнэлэгт үзүүлдэг байсан бол улсын болон хувийн эмнэлэгт үзүүлсэн ч даатгалын сангаас санхүүжүүлж байгаа. Гэхдээ 70 хувийг даатгалаас төлж, 30 хувийг иргэн өөрөө төлнө гэлээ.
Төслийн зарим үр дүнгээс танилцуулбал:
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт, зохион байгуулалтыг оновчтой, болгосны үр дүнд хөнгөлөлттэй эм иргэдэд чирэгдэлгүй хүрдэг болж, хүртээмж нь өнгөрсөн жилийн хугацаанд 43 хувиар өссөн байна.
-Жирэмсэн, хүүхэд, тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж авдаг иргэд гээд нийт 7 бүлгийн хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэний төлөх хамтын төлбөрөөс чөлөөлсний үр дүнд 2021 оны гуравдугаар сараас 2022 оны гуравдугаар сар нийт 39 тэрбум төгрөгийн хамтын төлбөрийг эдгээр иргэдийн өмнөөс ЭМДС-аас төлсөн байна.
-Эмч мэргэжилтнүүд олон улсын эмнэлзүйн удирдамжийн UpToDate цахим платформыг үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлснээр эмчилгээ оношилгоог олон улстай хөл нийлүүлэх, нотолгоонд суурилан хийх боломж нэмэгдсэн байна.