Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилохыг чиглэл болгожээ. Ц.Батзулыг төрийн албаны шаардлага хангасан эсэхийг одоо ЗГХЭГ-т хянаж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар албажуулах аж.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх нь хувийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Засгийн газар хүлээн авсан билээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдох гэж буй Ц.Батзул мэдээлэл хийж, дараах зүйлсийг амлав.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчилсэн найруулгыг өргөн барина.
-Худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулж, цахимжуулна.
-Худалдан авах ажиллагааг богино хугацаанд хийнэ. Цаашдаа ажлын 30 хоногт бүрэн зохион байгуулна.
-Худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод болгоно.
-Тендер аваад гүйцэтгэлийг чанаргүй хийсэн ААН-ийг дахиж тендерт оруулахгүй. Хувьцаа эзэмшигчтэй нь хамт хар жагсаалтад оруулна.
-Хууль бусаар тендер олгосон, хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн төрийн албан хаагчийг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинжгүй байвал Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэнэ.
-Төрийн байгууллагын өдөр тутамдаа худалдаж авдаг барааг цахим дэлгүүрт байршуулна. Цахим дэлгүүрээс төрийн байгууллагууд нэг стандартын барааг нэг үнээр авах боломжтой болно. Ингэхдээ дотоодын болон орон нутгийн ААН-үүдэд давуу эрх олгоно.
-Тендерт оролцогч батлагдсан төсөвт өртгийн 80 хувиас бага, үндэслэлгүй үнэ санал болгосон тохиолдолд татгалзана. Ингэснээр бодит үнийг оролцогчид санал болгоно.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг
Ц.Батзулын жилийн нийт орлого 45.9 сая, гэр бүлийн жилийн нийт орлого 46.8 сая.
Тээврийн хэрэгсэл-38.5 сая
Газар-25 сая /Эзэмших-192м2-1, Эзэмших-400м2-1, Эзэмших-699м2-1, Эзэмших-700 м2-1/