Монгол түмний сар шинийн баяр удахгүй тохиох гэж байгаа билээ. Цагаан сарын баяраараа үндэсний дээл хувцсаараа гоёдог уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор “Монгол костюмс” төвийн музейн тайлбарлагч, багш Г.Дамдиндуламтай энэ жилийн Цагаан сарын трэнд хувцас болоод үндэсний хувцсаа хэрхэн зөв өмсөх талаар ярилцлаа.
-Монгол түмний сар шинийн баяр болоход хэдхэн долоо хоног үлджээ. Дээл хувцасны захиалга ч аль хэдийн эхэлсэн болов уу. Энэ жил хүмүүс ихэвчлэн ямар өнгө, загварын дээл захиалж байна вэ?
-Цагаан сарын дээлийн захиалга аль хэдийн эхэлсэн. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн хүссэн загвараар дээл хийлгэж байна. Ер нь жилийнхээ өнгөнд тааруулж бараандуу өнгө сонгож байна. Ихэвчлэн хар, хар хөх, гүн хүрэн зэрэг өнгийн дээл захиалж байгаа юм. Ингэхдээ загварын дээл гэхээсээ илүү энгийн дөрвөлжин захтай монгол дээлээ захиалж байгаа. Янз бүрийн хээтэй торго байхад хүмүүс энгийн материалтай дээл өмсөхийг эрмэлзээд байна. Мөн зарим нь өөрийн ястныхаа хувцсыг захиалах сонирхолтой болсон. Ер нь хүүхэд, хөгшидгүй л үндэсний дээл хувцсаа захиалж байгааг хараад монгол үндэсний хувцас сэргэж байгаа гэж ойлгож байна. Эрчүүд нэг хэсэг мөнгөн тоноглолтой бүсийг нэг хэсэг бүсэлдэг байсан. Одоо бол дурдан бүс бүсэлдэг болсон байна. Малгайн хувьд дулаан байгаа учраас шилээпэн малгай, дөрвөн талтай тоорцог малгай сонирхож байна.
-Монголчууд дээл хувцсандаа алив сайн зүйлийг бэлэгшээн урладаг. Тиймээс ч монгол хувцсыг өмсөхөд цээрлэх зүйл байдаг. Тэгэхээр цагаан сараар ямар хувцас өмсөхийг цээрлэдэг вэ?
-Монголчуудын эртнээс мөрдөж ирсэн цээрлэх ёсон бий. Тухайлбал, хүнтэй золгохдоо гараа буюу шуугаа гарган золгодоггүй. Тоодон дээл буюу хэт богино дээл эрэгтэй хүмүүс өмсөх нь зохимжтой бус гэж үздэг. Хүүхдийн дээлийн хувьд насанд нь тохируулж хийдэг байсан. Хүүхдийн дээлийг хийхэд эзэн нь мөнх, эд нь хэврэг байхыг билэгддэг учраас үнэтэй материалаар хүүхдийн дээл хийдэггүй байжээ. Одоо бол хүмүүс юу хүссэнээ өмсдөг болсон.
-Тэгвэл хүмүүс Цагаан сараар үндэсний хувцсаа хэрхэн тохируулж өмсөх талаар зөвлөхгүй юү?
-Манай үндэсний хувцас нь иж бүрэн овоо болж байж сая цогц харагддаг. Үндэсний хувцасны таван овоо гэж байна. Тухайлбал, гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлээд нэг цогц үндэсний хувцас болж, сайхан харагдана. Хүмүүс орчин цагтаа тохируулаад хөнгөн, нимгэн хувцас өмсөж болно. Гэхдээ богино хамцуйтай хувцас өмсөхгүй байхыг эрмэлзээрэй. Үүнээс гадна эмэгтэйчүүд үндэсний баяраар ялангуяа Цагаан сараар хамаг гоёлоо гарган зүүдэг уламжлалтай. Эрэгтэй хүмүүс хөөрөг, дайлан хэт хутга, малгай, гутлаа гарган өмсдөг. Монголчууд хувцсандаа бэлгэдлийг шингээж урласан байдаг. Тухайн жилийн дээлийн өнгө, идээ будаанаас айлын жилийн өнгө харагддаг гэж үздэг учраас хувцсаа их сайхан дээдэлж өмсдөг байсан. Тиймээс монгол дээлээ аль болох цэгцтэй өмсөөрэй. Ер нь дээл, гутал, малгайгаа бүгдийг өмссөн хүний хувцас бүтэн харагддаг.
Мөн манай эмэгтэйчүүдийн үс нь дээл хувцастайгаа зохицдог байжээ. Дээр үед одоогийнх шиг үсээ тайрдаггүй урт үстэй. Түүнийгээ үргэлж, самнаж, боодог байсан. Задгай байхыг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Маш их уй гашуу болсон хүн үсээ задгайлдаг хэмээн цээрлэдэг. Тиймээс эмэгтэйчүүд нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжээд туйванд хийдэг байжээ. Учир нь нэг бие хоёр болж байгааг харуулдаг. Мөн үсээ туйванд хийх нь зочин гийчний цай, идээ будаанд элдэв муу зүйл орохоос цээрлэдэг байсан гэдэг.
-Өнөө цагт загварын хэв маяг өөрчлөгдөж, олон улсын соёл дэлгэрч байгаатай холбоотойгоор үндэсний дээлийн загвар хүртэл өөрчлөгдөх хандлагата болсон. Дээлийг ханцуйтай, ханцуйгүй гэх мэт янз бүрийн хэв загвараар өөрчилж байна. Үүнийг дээл судлаач таны хувьд юу гэж дүгнэдэг вэ?
-Ер нь монгол бүсгүйчүүд энгэр заам нь ил гарсан хувцас өмсөж байгаагүй. Одоо бол монгол үндэсний хувцас гаднын соёлтой хосолж, аль нь монгол, аль нь гадаад гэдгийг мэдэхээргүй болох нь байна. Яагаад гэхээр Солонгос, хятад, япон гээд монгол дээлтэй төстэй дээлүүд байдаг. Хятад гэхэд л дөрвөлжин захтай дээл өмсдөг. Оноогоороо л ялгагддаг.
-Монголчууд эртнээс дээлийнхээ өнгө, материалд зэрэг, дэв, нас хүйс зааж өгсөн байдаг. Тэгэхээр дээлийнхээ өнгө, материалыг яаж сонгох нь зөв бэ?
-Ерөнхийдөө хүн амын зонхилох хувь нь халх дээл өмсдөг. Настай хүмүүс ихэвчлэн хүрэн, хул шар өнгийн дээл өмсдөг. Залуу охид аль болох хурц, тод өнгийн дээл өмсдөг. Хээний хувьд алтан луун хээ ч юм уу, хүнд хээтэй дээлийг өдөр тутамдаа өмсөх нь зохимжтой биш. Дээр үед хээтэй дээлийг хуульчилсан байдаг. Тухайлбал, алтан луун хатгамалтай дээл, усан хээтэй дээлийг ийм хэргэм зэрэгтэй хүн өмсөнө гээд хуульчилсан байсан. Энгийн ардууд өдөр тутмын дээлийг байгаа материалдаа тохируулан хэрэглэдэг байжээ. Орчин үед хувцасны хууль байхгүй учраас хүмүүс өөрсдийн сонгосон дээлээ өмсөж болно. Гэхдээ энэ жил энгийн, хээ багатай дээл сонгож байна.
-Хамгийн сүүлд нь Монгол түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Дээл хувцсаа зөв хэрэглээрэй. Ахмад хүмүүстэй золгох, айлд орохдоо дээлийн товчоо бүрэн товчлон, бүсээ бүсэлж, нударгаа эргүүлж орно. Ханцуйгаа дотогш шамлан орж болохгүй. Юм идэж байхдаа ч ханцуйгаа шамладаггүй. Айлд орохдоо аль болох сайхан бэлгэдлийн үг хэл. Уламжлалт ёсоо дээдлээд сайхан шинэлээрэй.