Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Б.Пүрэвдорж: МАН ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт нэрээр мөнгө 'цохиж' Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтээ босгох гэж байгаа

Б.Пүрэвдорж: МАН ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт нэрээр мөнгө 'цохиж' Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтээ босгох гэж байгаа
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 1
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсөв хэлэлцэж байх үед би эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой, хилийн цэргээс бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувь танаж, энэ мөнгөө эрсдэлд зарцуулах санал гарсан. Мөн дэд сайд, агентлагийн орлогч дарга нарын тоог цомхотгох, шаардлагагүй 140 төсөл хөтөлбөрийг зогсоогоод үүнээс нийт 403 тэрбум төгрөгийг ЖДҮ дэмжихэд зориулах санал гаргасан ч МАН-ын бүлэг дэмжээгүй төсвөө баталсан. Өнөөдөр төсөв баталж байснаас огт өөр нөхцөл байдалд орчихсон. Тиймээс энэ хоригийг заавал авч, төсөвтөө өөрчлөлт хийх ёстой. 2021 оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хэд хэдэн хулгай байгаа. Музей, номын сан, төсөл хөтөлбөрийн цаана МАН-ын албан тушаалтнууд эдээс мөнгө авч Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтээ босгох гэж байгаа. Дээрээс нь аймгуудад хуваарилагдсан төсвөөс тендерийн 10 хувийг цохих замаар Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах гэж байгаа. Бүгд л ковидын үеийн төсөв боллоо гэж ярьж байгаа. Гэтэл энэ  төсөвт нь вакцинаа авах мөнгө тусгаагүй байхад ковидын төсөв гэж хэлж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр улстөрждөг үе биш. Нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улсад сүүлийн 100 жил тохиолдоогүй хямрал болно гэсэн судалгаа гарсан байна. Аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь нэг сар ажлын байраа хадгална гэж байна. Ерөнхийлөгчийн хоригт аж ахуй нэгжүүдэд өгөх 800 мянгын эрхийн бичгээр аж ахуй нэгжүүдээ хадгалж үлдэе гэсэн санаа. Бид аж ахуй нэгжүүдээ одоо авахгүй бол цаашдаа Засгийн газраас илүү их мөнгө гарна, хохирол амсана. Дээрээс нь вакцинаа авах мөнгөө заавал суулгах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зардлаас 20 хувийг хэмнэж болно гэсэн тооцооллыг яаж гаргасан юм бэ. 2021 оны төсөв хэрэгжиж эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. Хол хориотой нөхцөл байдалтай байхад төрийн байгууллагууд төсөв боловсруулаад, УИХ түүнийг нь дахиад хэлэлцээд нэгдүгээр сарын 1 гэхэд баталж амжина гэж үзэж байгаа юм уу. Хэрвээ тэгж чадахгүй бол төр тэг зогсолт хийнэ. Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй, урсгал зардал нь гарч чадахгүй нөхцөл үүснэ. Энэ эрсдэлээ тооцож үзсэн үү. Улс орон даяар тэг зогсолт хиймээргүй байна. Хоёр сар төсөв боловсруулдаг. Төсөвт бүх байгууллага төлөвлөгөөгөө боловсруулж мөнгө тавигддаг.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хоригийг боломж гэж харах ёстой. Цар тахал дөнгөж гарч байхад төсвийн алдагдал хоёр их наяд гаруй байсан. Төсвийн тодотгол хийхэд 4.7 их наядын алдагдалтай болсон. 2021 оны нөхцөл байдал ийм хэмжээнд хүрнэ гэдгийг гишүүд мэдэж байсан байх. Үүнд УИХ, Засгийн газар бэлэн байх ёстой байсан. 2021 оны төсвийн тодотголыг хүлээхгүйгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явах ёстой гэж бодож байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Болзошгүй нөхцөл байдал үүсвэл 20 хувийн эрсдэлийн сан бий болгоод түүнийгээ шаардлагатай зүйлүүд зарцуулаасай гэсний үндсэн дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Улсын хэмжээд сая орчим хүн ажиллаж байна. 180 мянга нь төрийн албан хаагч. 153 мянган хүн гэртээ суугаад цалингаа авч байна. Цаана нь үлдсэн 700 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлэхгүй, хөргөгч нь хоосорсон байгааг юу гэх вэ. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, Ерөнхийлөгч хориг тавьчихлаа гэж бодохгүй, ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр хандаасай. Та бүхэн хоригийг хүлээж авахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байналээ. Гэхдээ нөхцөл байдал авахаас өөр аргагүй байна. Гурав, дөрөвдүгээр сарыг яаж давах гэж байгаа юм бэ. Тэрийг давахын тулд энэ тодотголоо хийгээч ээ гэсэн байдлаар хориг тавьсан.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн