Open iToim app
Зочин | 5 мин уншина

Р.Жавхлантөгс: Манай нэвтрүүлгийг үзээд гадаадын олон иргэн Монголд аялж, үндэсний хоол амтлахаар ирдэг болсон

Р.Жавхлантөгс: Манай нэвтрүүлгийг үзээд  гадаадын олон иргэн Монголд аялж, үндэсний хоол амтлахаар ирдэг болсон
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 21
“Youtube” сувагт 235 мянган дагагчтай, түүний 80 гаруй хувийг гадаад үзэгчид эзэлдэг “ARTGER” сувгийн үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа.
-“ARTGER” Youtube сувгаараа  дамжуулан Монгол үндэсний хоолны соёлыг олон улсын иргэдэд сурталчлан таниулж явж байгаа. Яагаад энэ төрлийн контентыг хийхээр шийдсэн вэ?
-Бид “ARTGER” сувгийг анх дөрвөн жилийн өмнө байгуулсан. Миний хувьд  хоолны соёлд их дуртай, хоббитой учраас “Youtube”-ээс монгол хоолны тухай юу байгааг сонирхож хайж үзэхэд олдоц маш муу гарсан. Тиймээс монгол хоолны тухай бичлэг хийх шаардлагатай байгааг ойлгож бичлэгээ хийж эхэлсэн.  Бид хоолны бичлэгээ энгийн байдлаар монголчууддаа зориулж хийхийг зориогүй, харин гаднын иргэдэд Монгол Улсын хоолны соёлыг түгээж таниулахыг зорьсон. Манай багийн хувьд Дархан хотод өмнө нь FM радио, телевиз ажиллуулж байсан туршлага байсан учир бичлэг хийж эхэлсэн. Тиймээс сувгийнхаа анхны бичлэг Дархан-Уул аймгаас эхэлж байсан.  Үүнээс гадна хоолны сэдэв медиа салбарт их сонирхолтой, хэзээ ч хуучирдаггүй сэдэв. Хоол өөрөө хэл, шашин, газар нутаг хязгаарлахгүйгээр хүмүүсийн үзэх сонирхлыг татдаг томоохон соёлын сэдэв учраас ерөнхийдөө энэ сэдэв дээрээ төвлөрч анх ажлаа эхлүүлж байсан.
Үүгээрээ дамжуулан бид зөвхөн хоолыг сурталчлаагүй. Хоол нь шууд ахуй соёлтойгоо уялдаж холбогддог, мөн түүх, зан заншил, дуу хөгжим гээд бусад олон соёлуудтай холбогдон сүлэлдэж байдаг өргөн сэдэв. Тэгэхээр бид хоолоор дамжуулж бусад соёлоо гаднын иргэдэд сурталчилна таниулах боломжтойг харсан.
“ARTGER” суваг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Хоол,  аялал жуулчлал, соёл уламжлал, хүмүүс гэсэн хэсгүүдээс бүрдэж контентуудаа хийдэг.
-Анх контент хийж эхлэхэд үзэгчид хэрхэн хүлээж авч байсан вэ?
-Бид эхний таван сар үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэх гэж маш их хичээсэн гэсэн хэдий ч тухайн үед хүмүүс бага үзэж байсан. Ерөнхийдөө англи хэл дээр контент бүтээж дэлхий нийтэд хүргэн гэдэг нь нарийн ур чадвар, төлөвлөгөө шаарддаг зүйл юм байна лээ. Мөн бидний эзэмшсэн англи хэл нь  өөр байдаг гэдгийг мэдэж гадаад найз нөхөд түншүүдтэйгээ хамтарч ажиллаж нарийн төлөвлөгөө боловсруулж явсны үр дүнд хагас жилийн дараагаас маш эрчимтэй үзэгчид нэмэгдэж эхэлсэн.
-Сувгийн дагагчид ихэнх нь гадаадын иргэд шүү дээ. Тэд хэрхэн хүлээн авдаг вэ?
-Үзэгчдийн хүлээж авах хандлага нь маш сонирхолтой байсан. Яагаад гэвэл монгол хоол нь өөрөө гадаад ертөнцөд асар нууцлагдмал, нээгдээгүй, танигдаагүй соёл. Тэр утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс үзэж сэтгэгдлээ бичиж  хуваалцаж эхэлсэн. Ерөнхийдөө үзэгчдийн ихэнх нь маш их сонирхож хүлээж авсан. Тэдний хувьд монгол хоол бол цоо шинэ зүйл байсан. Үзэгчид маань бидэнд хүсэлтээ өгч өөрийн сонирхож байгаа хоолыг хийлгүүлэхийг хүсэж эхэлсэн. Мөн бидний хийж байгаа хоолыг идэж үзэхийн тулд үзэгчид маань Монгол Улсад ирдэг, ирэхийг хүссэн хүсэлтүүд ихээр ирэх болсон. Ингээд бид жил хагасын өмнөөс албан ёсны “ARTGER TOURS” гэсэн үйлчилгээг гаргаж эхлээд энэ жилээс эхлэн албан ёсоор компаниа байгуулаад аялал жуулчлалын салбар руу эргэж буцалтгүй орсон байгаа.
Үзэгчдийн хамгийн ихээр байлдан дагуулсан хамгийн олон үзэгчтэй, хамгийн анхны контент бол “Nargie’s Mongolian cuisine” цуврал. Энэхүү цуврал маань амжилттай явагдаж нэгдүгээр бүлгээ дуусгасан. Одоо хоёрдугаар бүлгийн төгсгөл хэсэг рүү ороод явж байна. Энэхүү нэвтрүүлгийг би анх санаачлан багын найз болох англи хэлний багш Наранбаатартаа хөтлөх санал тавьж байлаа. Ийнхүү энэ нэвтрүүлэг маань бага багаар ахиж, хамгийн олон үзэгчтэй контент болж чадсан. Цаашдаа бид энэхүү контентынхоо маш олон бүлгийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
undefined
undefined
-Танай сувгийн хөтлөгчтэй зөвхөн уулзах гэж гаднынхан Монголд ирэх тохиолдол бий гэж сонссон. Хөтлөгчийг танилцуулахгүй юу?
-Дээр хэлсэнчлэн манай үзэгч нар аялал жуулчлалын үйлчилгээ авдаг. Тэдгээр үзэгчдийн ирж байгаа гол зорилго мэдээж монгол оронтой танилцах, бидний нэвтрүүлгээр гарч байгаа монгол хоолыг амсаж үзэхээр ирдэг. Үүнээс гадна  манай хөтлөгч Наранбаатартай уулзаж зургаа даруулах, хамт хоол идэх, хамт аялахаар жуулчид ирэх болсон. Мөн “khan’s kitchen” нэвтрүүлгийн тогооч, хөтлөгч Баясаатай уулзаж танилцахыг их хүсдэг болж байгаа.
-Монгол үндэсний хоол бүр өөр өөрийн гэсэн онцлог түүх соёлтой байдаг.  Тэгэхээр тухайн хоолыг хийхдээ судалгааг сайн хийдэг байх?
-Хоолоо хийхийн тулд бид судалгааг хийж эхэлсэн. Монгол хоол гэхээр л бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цөөхөн хэдэн нэр төрлийн хоолнууд орж ирдэг. Тухайлбал хуушуур, бууз, хорхог, боодог, цуйван гэх зэрэг. Харин судлаад үзэхэд монгол орны нутаг нутгийн онцлог, үндэстэн ястнуудын онцлогийг шингээсэн анх удаагаа сонсож үзэж байгаа ч маш эртний өвөрмөц хоолны төрлүүд маш ихээр гарч ирдэг.  Тиймээс  энэ нь цаашдаа улам нарийсан хөгжих хандлагатай харагдаж байгаа. Бидний цаашдын зорилгод үүнийгээ цааш нь улам нарийн судалж монгол орны бусад туургатан ястнуудаар явахаар төлөвлөж байгаа.
-Танай суваг одоо хэдэн дагагчтай болсон вэ. Нэг бичлэгийг дунджаар хэдэн хүн үздэг вэ. Хамгийн их үзэлттэй бичлэгийн талаар ярихгүй юу?
-Одоогийн байдлаар манай суваг 235 мянган дагагчтай болсон байна. Нийт үзэлт 50 сая руу дөхөж байгаа. Харин хамгийн олон үзэлттэй видео бол бидний говьд очиж хийсэн видео контент. Тэр бичлэгийг одоогийн байдлаар нийт 8 сая хүн үзсэн байна. Үүнийгээ дагаад бусад бичлэгүүд ерөнхийдөө нэг саяас дээш хүн үздэг. Үзэгчид, дагагчдын тоо ерөнхийдөө тогтворжин тасралтгүй өссөөр байгаа. Цаашдаа бид багаа өргөжүүлэн дараагийн шат руу гарч сувгийн хөгжлийг нэг шат руу ахиулахаар төлөвлөгөөнүүдийг боловсруулан ажиллаж байна.
undefined
-Одоогоор сувагт хэдэн төрлийн контент хэдэн бичлэг байршсан байгаа вэ?
-“ARTGER” сувагт үндсэндээ 10 төрлийн цуврал бие даасан төслүүд хэрэгжээд явж байгаа. Хамгийн эхний төсөл бол  “Nargie’s Mongolian cuisine” үүний дараа “Views” гээд Монгол үндэстний аж амьдралыг харуулсан баримтад цуврал нэвтрүүлэг, “Khan’s kitchen” цуврал мөн бусад шинэ хийгдэж байгаа бичлэгүүд байна. Нийтдээ 170 гаруй видео контент тавигдаж үзэгчдэд хүрсэн байгаа.
Youtube сувгийн хөгжлийн явц нь их сонирхолтой. Бид анх туршлагагүй байсан учраас сошиал контент, дижитал контентыг хэрхэн хөгжүүлэх үү гэдэг дээр одоо хүртэл суралцаж явж байгаа. Манай сувгийн зорилго тодорхой учир байнгын үзэгч нартай болсон. Дэмжигчид маань үргэлж бидний контентуудыг хүлээдэг.
-Нэг контент бүтээхэд чамгүй хөрөнгө мөнгө шаардагддаг байх. Санхүүжилтээ өөрсдөө гаргадаг уу?
-Зардал мөнгөний асуудлыг бид өөрсдөө анх гаргаж ажлаа эхлүүлж байсан. Харин одоо бол хэд хэдэн бизнесийн хөшүүргүүдээ хөгжүүлээд эхэлж байна. Google, Youtube гэх зэрэг гаднын компаниудтай зар сурталчилгааны тал дээр хамтран ажиллаж санхүүжилтээ босгож байна. Мөн нэвтрүүлгүүдтэйгээ холбоотой подволк зэрэг бүтээгдэхүүнүүдийг гаргаж эхэлж байгаа. Эдгээр эх үүсвэрүүдээс олсон орлогоороо контентуудаа хөгжүүлэх мөн энэ бизнесийг хөгжлийн дараагийн шатанд гаргахад ашиглана.
-Англи хэл дээр контентуудаа гаргадаг учраас гаднын улсуудаас фестиваль болон янз бүрийн нэвтрүүлэгт оролцох санал их ирдэг үү?
-Гаднын улсуудаас янз бүрийн саналууд их ирдэг. Өнгөрсөн хугацаанд “BBC”, “Al JAZEERA”-ын платформууд, АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд тасралтгүй бидэнтэй холбогдсоор байна. Хамгийн сүүлд корона эд эхэлж байх үеэр Солонгосын Сөүл хотод очиж хэд хэдэн цуврал нэвтрүүлгүүд хийх ёстой байсан боловч цар тахлаас болж очиж чадаагүй ч онлайнаар холбогдож нэвтрүүлгүүдээ хийсэн байгаа. Бидний хийсэн нэвтрүүлэг Солонгосын хамгийн том телевиз болох KBS телевизийн хоолны контентууд байсан. Яг одоогийн байдлаар Японуудтай хамтарсан томоохон контент дээр ажиллаж байна. Энэ мөн адил онлайнаар хийгдэж байгаа.
undefined
-Цаашдын зорилго юу вэ?
-Бид хоёр дахь сувгаа нээсэн байгаа. Энэхүү суваг нь мөн англи хэл дээр Азийн соёлыг таниулахаар гаднынхантай хамтарсан. Тус суваг нь залууст зориулсан болохоор энтертаймант, Арт тал руу илүү чиглэсэн. Харин “ARTGER” маань үндсэн сэдвээрээ цаашдаа хөгжөөд явна. Бид контентуудаа зөвхөн Монгол Улсын тухай гэж харахгүй байгаа. Ойрын хэдэн жилдээ Япон, Солонгос, Сингапур, Хятад, АНУ зэрэг улсуудад очиж цуврал төслүүдийг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнчлэн Хятад улсад манай нэвтрүүлгүүд  их алдарттай болсон байсан. Хятадын платформуудаар манай нэвтрүүлэг зөвшөөрөлгүйгээр маш их цацагдаж олон үзэгчидтэй болсон  учир бид энэ жил тэдгээр асуудлыг шийдэж Хятадад албан ёсоор салбар сувгуудаа нээсэн байгаа. Шанхайд сувгуудаа төвлөрүүлж эхэлсэн бүх бичлэгүүд Хятад орчуулгатайгаар Хятадын бүх платформууд дээр албан ёсоор хэдэн сарын өмнө цацагдаж эхэлсэн. Энэ мэт контентуудаа албан ёсоор өөр өөр улсуудад цацаж эхлэхээр цаашдаа ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн