Open iToim app
Анализ | 5 мин уншина

Ерөнхийлөгч өө, ‘тэрбум мод’-оо хөрсөнд суулгахаас урьтаж тооцооллоо амьдралд буулгая!

Ерөнхийлөгч өө, ‘тэрбум мод’-оо хөрсөнд суулгахаас урьтаж тооцооллоо амьдралд буулгая!
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ нь нийслэл төдийгүй улсын хэмжээнд тулгамдаж буй хөрс, агаарын бохирдол, тоос шороо, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж болох зөв шийдлүүдийн нэг юм.  Ерөнхийлөгчийн санаачилгыг төр, хувийн хэвшил, хувь хүн бүгд идэвхтэй оролцон дэмжиж буй нь сайшаалтай. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилгыг хөрсөнд буулгахад нэлээд саад бэрхшээл бас шүүмжлэл ч бий. Аливаа төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд судалгаа, тооцоолол чухал. Гэтэл “тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амьдрал дээрх тооцоололд тавын зэрэг алдаа байх шиг.
Нэгд, мод тарихад шаардагдах хамгийн чухал зүйл ус. Манай улс 2050 он гэхэд усны нөөцгүй болох бодит эрсдэлтэй улсаар нэрлэгдсэн. Усны нөөцгүй улс дотооддоо тэрбум мод бойжуулна гэдэг бэрх. Үндэслэлтэй тооцоонд уяж үзье. Нэг модыг тухайн өдрийн темпратур, нарны илчээс хамааран өглөө 05.00-07.00 цагийн хооронд, орой  нар буусны дараа 17.00-19.00 цагийн хооронд буюу өдөрт хоёр удаа усалдаг. Нэг услахдаа 50-60 литрийг буюу өдөрт 100-120 литр усыг зарцуулна. Гэхдээ энэ нь бүс нутаг бүрд өөр хэмжээтэй. Тухайлбал, хангайн нутагт 100-120 литрийг зарцуулах ч говийн бүсэд 200 орчим литр ус хэрэглэдэг байна. Усны хомсдолд ороход ойртсон улсад нэг модонд 100-200 литр ус зарцуулна гэдэг багагүй тоо. Иймдээ ч ШУТИС-ийн багш,судлаачид тэрбум модыг нэг жилийн хугацаанд услахад Хөвсгөл нууртай тэнцэх хэмжээний ус шаардлагатай гэх судалгааг хийсэн байх.
Дээр нь жилийн 365 өдрийн 150-160 хоногт мод ургах боломжтой. Бусад үед нь өвлийн улирал болдог. Тиймээс 160 хоног тэрбум модыг дунджаар өдөрт 100 литр усаар усална гэсэн үг. Уг тоонууд дээр үндэслэвэл нэг жилд 16,000,000,000,000 литр ус шаардлагатай юм. Усны нөөцгүй болох гэж байгаа оронд мод тарьснаар гол, горхи нэмэгдэж, хур тунадас их орох магадлал байдаг эсэхийг эрдэмтдээс нэхэн асуумаар байна.
Хоёрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхдээ “Бид зөвхөн мод тарихгүй ургуулна. Тиймээс цаашдаа мод тарьж, ургуулна гэж ярьж сурах хэрэгтэй. Зөвхөн тариад хаячихаж болохгүй. Тэгэхээр ургахгүй байгаа юм. Тэрбум мод ургуулна гэж төрийн тэргүүний хувьд үзэж байна” гэж мэдэгдэж байлаа. Тэрээр Налайх дүүргийн Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэнд жил хүрэхгүй хугацааны өмнө мод тарьсан. Гэхдээ “тарьсан” шүү, ургуулаагүй. Өдгөө түүний тарьсан мод хогонд дарагдаж, усалгаа, арчилгаагүй, хариуцсан мэргэжилтэнгүй, малын бэлчээрийн газар болсон байна. Ерөнхийлөгчийн санаачилсан, ерөнхийлөгчийн тарьсан модыг арчлах хүн олдохгүй байхад ардын тарьсанд бол арчилгаа гэх үгнийх нь “А” үсэгч олдохгүй биз. Уг үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхдээ хэн арчилж тордох, ямар арга техникээр хэрэгжүүлэхээ тооцоолсон байх. Хэрэв тооцоолсон бол түүнийгээ эргэн нэг хараасай.  
Доктор, дэд профессор Ц.Батчулуун хэлэхдээ “Мод тарина гэдэг хүүхэд өсгөж байгаатай адил. Модыг хүнтэй зүйрлэвэл насанд хүрэх хүртэл буюу 20-30 жил арчлах шаардлагатай” хэмээж байсан. Гэвч тэрбум мод тарихдаа бус тэрбум гэх тоонд хүрэхийн тулд арчилгааг хэн хийх нь тодорхойгүй, тооцоолоогүй үлдээжээ.
Гуравт, тэрбум мод хөдөлгөөний үеэр нормоо биелүүлэхийн тулд иргэд, ААН-үүд дуртай газраа мод тарих болсон. Мод тарьж байгаа нь сайшаалтай ч ихэнх нь ургахгүй, бэлгэ тэмдэг болж байна. Тухайлбал, цэцэрлэг, сургуулиуд уулын бэл, оройг модоор бүрхэх болсон. Энэ нь өмнө нь дурдсанчлан арчилгаанд хүндрэл учруулна. Эдгээр уулын орой руу хэн ус зөөх гэх энгийн асуулт бий.  Уг асуудлыг мэргэжилтнүүдээс тодруулбал, бороожуулах, хоолой татах, насос гэх усалгааны арга хэрэгслүүд байгаа учир санаа зоволтгүй гэв. Гэтэл эдгээр усалгааны системүүдийг нэвтрүүлэхийн тулд тусгай техникүүд хэрэгтэй. Техник авахын тулд хөрөнгө хэрэгтэй. Гэтэл улсын төсөв хязгаартай. Тиймээс механикаар уу, автоматаар уу. Механикийг сонгохоос аргагүй юу гэх шалаанд орж буй учир иргэд, ААН-үүдэд мод тарих газрыг олгохдоо төрийн зүгээс зөв зохион байгуулалтыг хийх нь зүйтэй.
Дөрөвт,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йоркоос ирсэн даруйдаа уул уурхайн компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, тус бүр тодорхой хэмжээний мод тарихыг үүрэгдсэн. Энэ дагуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аж ахуйн нэгж нийт 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа баталгаажуулаад байна. Үүнд: 1.“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод 2.“Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100 сая мод  3. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100 сая мод 5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод 6. “Энержи Ресурс” 40 сая мод 7. “Өсөх Зоос” ХХК 30 сая мод 8. “Саусгоби Сэндс” ХХК 15 сая мод 9. “Степ Голд” ХХК 10 сая мод 10. “Тавантолгой” ХК 6 сая мод 11. “Бадрах Энержи” ХХК 5 сая мод  тарихаар болсон. Гэвч эдгээрийг тарихад  хэрэгцээтэй инженер техникийн ажилчид дутмаг гэхэд хэт дутмаг. Мэргэжилтнээ тооцоогүй том амлалт болох гээд ч байх шиг. Ерөнхийлөгчийн санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд дор хаяж 7000 гаруй ойн мэргэжилтэн шаардлагатай ч улсын хэмжээнд жилдээ 20 хүнийг л бэлтгэж буй. Энэ эрчээрэй 2030 онд 160 мэргэжилтнийг бэлтгэж амжих нь. Сайн мэргэжилтэн, хариуцах эзэнгүй бол Ерөнхийлөгчийн хэлснээр тэрбум мод ургуулах бус тэрбум мод суулгасан нэртэй үлдэнэ.
Дээр нь, мод тарих амлалт авсан ААН-ийн дийлэнх нь модоо тарих газрын асуудал, хэн хэрхэн  арчлах нь тодорхойгүй байдалд байгаа аж.
Тавд, үнийн өсөлт мод тарихад хүртэл нөлөөлж байна. Тухайлбал, гацуур модны суулгац 100 мянган төгрөг, хайлаас дөрвөн мянган төгрөг, харгана, агч таван мянган төгрөг, бортогтой 20 мянган төгрөг, тэс 18 мянган төгрөг гэх мэт үнэ нь тодорхой хэмжээгээр өссөн байв. Тэгвэл бяцхан тооцоо хийе. Нэг тэрбум модыг арван жилийн хугацаанд суулгахад жилдээ 111 сая модыг тарих шаардлагатай. Энэхүү тоог гүйцэлдүүлэхийн тулд дунджаар таван мянган төгрөгөөр модны суулгацыг авахад жилдээ 555 тэрбум төгрөг зарцуулах юм. Гэтэл улсын хэмжээнд хэмнэлтийн горимд шилжиж, Төрийн хэмнэлтийн хуулийг хүртэл гаргасан. Ингэхдээ дарга нар нь унаа тэрэг, бензинээс татгалзаж автомашины тоог цөөлж тав орчим тэрбумыг хэмнэсэн. Энэ 555 болон тав гэх хоёр тоог харахад төр хэмнэх зүйлээ хэмнээгүй, хэрэгжүүлэх зүйл дээрээ тооцоолоогүй гэдэг нь илт.
Залуу сэтгүүлчийн үүднээс харахад, Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачилга зөв зүйтэй ч амьдрал буух тооцоолол хангалтгүй, үр дүнгүй болох эрсдэлүүд байгаа харагдана. Иймд Ерөнхийлөгч өө, тэрбум модыг хөрсөн суулгахаас урьтаж тооцооллоо эргэн харж, амьдралд буулгая!
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн