Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Х.Алтай: Давхар бүртгэл хийж эхэлснээр Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа илүү өргөжинө

Х.Алтай: Давхар бүртгэл хийж эхэлснээр Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа илүү өргөжинө
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 21
Гаднын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэх анхны үйл ажиллагаа тун удахгүй хийгдэх юм байна. Гуравдугаар сарын 13-ний өдөр Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байна. Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийг хийж эхэлснээр ямар давуу тал гарах вэ?
-2013 онд баталсан Үндсэн цаасны тухай хуулиар давхар бүртгэлийн асуудлыг зохицуулсан. Хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрсөн. Гол агуулга нь давхар бүртгэл хийх замаар Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлүүдтэй холбох боломжтой болно. Гаднын хөрөнгийн бирж дээр  Монголын 30 орчим  үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл эдгээр компаниудаас нэг нь ч дотоодын зах зээлд хувьцаагаа гаргаагүй байгаа. Эдгээр компаниуд дотоодын хөрөнгийн зах зээлд гарах сонирхолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд нь дүрэм, журмаа баталснаар эрх зүйн орчин бүрдэж, удахгүй анхны давхар бүртгэл хийх ажил явагдана. Удахгүй гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана. Үүнийг дагаж Монголчууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монгол төгрөгөөр тухайн уул уурхайн төслөөс хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Нөгөө талд компаниудын хувьд Монголд монгол хөрөнгө оруулагчтай байна гэдэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ.
-Заавал Монголын гэхгүйгээр гадаадын томоохон компани, группүүд өөрсдөө л хүсэх юм бол Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах боломж нээлттэй юм байна, тийм үү?
-Нээлттэй. Иргэд давхар бүртгэлтэй компанийн арилжаанд оролцсоноор тухайн компанийн хувьцааг нь хямдхан байхад аваад эргээд үнэтэй байхад нь зарж ашиг хийж болно. Эсвэл тухайн компани ашигтай ажиллавал өөрийн хувьцаанд ногдох ашгаа хүртэх боломжтой. Гэхдээ гаднын компаниуд Монголын Хөрөнгийн бирж дээр зөвхөн монгол төгрөгөөр арилжаа хийх зохицуулалттай байгаа.
-Бүртгэлийн хугацаа хэр удаан үргэлжилдэг юм бэ?
-Бүртгэлийн ажил Монгол Улсын дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд явагдана. Монголын хөрөнгийн бирж хуулийн 15 хоногийн хугацаанд аль болох хурдан, чирэгдэлгүй бүртгэлээ хийнэ. Мэдээж Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаагаа арилжаалах зөвшөөрлөө авах ёстой.
Өнөөдөр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани олон нийтийн байдаг. Тэгэхээр хувьцаат компани болно гэдэг нь тухайн компани бүх мэдээллээ ил тод болгох шаардлагатай болно. Ер нь хөрөнгийн зах зээлд аль болох олон бүтээгдэхүүн гарвал манай зах зээлд эерэг нөлөөтэй. Дээр нь бүтээгдэхүүний их гарснаар хөрөнгийн зах зээлийн хөгжинө.
-Гадаадын зах зээлд Монголын компаниуд хувьцаагаа гаргах сонирхол нэлээд байдаг шүү дээ. Энэ чиглэлд Хөрөнгийн биржээс хэрхэн дэмжиж ажилладаг юм бэ?
-Гаднын зах зээлд хувьцаагаа арилжаалах сонирхолтой компаниуд  байгаа. Гэхдээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гаднын хөрөнгийн бирж дээр гаръя гэхэд тухайн бирж нь Монголын манай хууль эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын хуульд итгэж байна, тус улсын хуулийн дагуу үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн шаардлага тавьдаг. Харамсалтай нь, манай хууль эрх зүйн орчинд гаднынхан төдийлөн итгэдэггүй  учраас Монголд хувьцаагаа арилжаалсан компани шууд гадагшаа гарахад боломжгүй байна. Боломжтой процесс нь бидний яриад байдаг оффшор бүс юм. Лондон, Хонг Хонгийн хөрөнгийн зах зээлийг хүлээн зөвшөөрсөн тухайн бүс нутаг компаниа үүсгэн байгуулж, хувьцаагаа арилжаалах боломж бий.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн