Open iToim app
Анализ | 3 мин уншина

Эздийн шунал банкаа дампууруулах вий

Эздийн шунал банкаа дампууруулах вий
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 20
Монголд хамгийн ашигтай, том төсөл, бизнесүүдийг банкны эзэд хийдэг болоод удлаа. Иргэдээс мөнгийг өсгөж өгнө гэж аваад өндөр хүүгээр бусдад зээлж дундаас нь ашиг олдог газар бол банк. Тэгвэл монголчуудын хамгийн их итгэж мөнгөө хадгалуулдаг том банкны эзэд банкны харилцагчийн мөнгийг барьцаалж төрийн өмч хөрөнгийг эзэмших, эрх баригчидтай нэг хөнжилд холхилдох буруу жишиг тогтоодог нь хэвийн л үзэгдэл болжээ. Гол ялгаа нь аль намын үед хэн гэдэг банкны эзэн төрийн өмч хөрөнгийг авсан, хулгай луйвар хийсэн нь өөр нэг намын эрх барих үед илэрнэ.  Банкны эзэд сонгуульд улстөрчдийг угжина, шанд нь тендергүйгээр том төсөл авна, татвар төлөгч, даатгуулагчдын мөнгийг банкиндаа байршуулж, дундаас нь ашиг хийнэ, төрийн өмчийг үнэгүй шахуу шилжүүлж авдаг байсан нь сүүлийн жилүүдэд тод харагдав.
Монголын хамгийн олон харилцагчтай, хамгийн том банк бол Хаан банк. Нийт хувьцааны тал орчим хувийг Японы хөрөнгө оруулагч эзэмшдэг тулдаа улс төрийн нөлөө орох нь арай бага. Гэхдээ тус банкны гол хувьцаа эзэмшигч болох Ц.Баатарсайхан болон түүний эзэмшлийн Таванбогд групп  нь 21 охин компанитай бөгөөд Монголын хамгийн ашигтай салбар бүрд бизнестэй байх жишээтэй. Банкнаас нь зээл авдаг ЖДҮ, ААН-үүдтэй яг ижил бизнес хийнэ. Мэдээж банкны эзний бизнес томорно. Ц.Баатарсайхан бол хэн засаглаж байна, түүнтэй ойр дотно нөхөрлөж харагддаг. Гэхдээ бусад шигээ төрийн өмч рүү ил цагаандаа арай ч дайраагүй явна.
Харин харилцагчийн тоо, нэр хүнд, хөрөнгийн хэмжээгээрээ Хаан банкны дараа эрэмбэлэгддэг Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны эзэдтэй холбоотой хэрэг маргаан нэлээд эрчээ авах шинжтэй. Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий компаниуд төрийн өмчийг худалдан авсан гэх маргаан сүүлийн таван жил үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд бүх том хувьчлал энэ банкны эзэн түүний хамтрагч нартай холбогдсон. Хууль хяналтын байгууллага банкны эзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад удлаа. Удахгүй хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэх бололтой.
Одоо нүүрсний хулгай, оффтейк гэрээний асуудалд Голомт банкны эзэн Д.Баясгалан болон түүний хамаарал бүхий компани холбогдоод буй. Манай эрх баригчид хоёр ч төмөр замын төсөлд ямар ч тендергүйгээр Голомтын Д.Баясгаланд давуу байдал олгосон. Харин булхай нь эхнээсээ илрэхэд "Голомт"-ын Д.Баясгалан гэнэт гарч ирээд “Энэ төсөлд чинь орох мөнгөтэй хүн байгаагүй, биднийг гуйсан” гэх маягийн тайлбар хэлжээ. Хэрвээ нүүрс тойрсон энэ асуудал цааш үргэлжилж, Д.Баясгалангийн улстөрийн сүжрэл буруу тийшээ эргэвэл Голомт банкаа ч татан унагах эрсдэлтэй. Саяхан босгосон IPO нь бүлгүйтэж, олон мянган харилцагч хохирч ч магадгүй юм. 
Мөн нүүрсний хулгайн хэрэгт хамгийн их сэрдэгдээд байгаа УИХ-ын гишүүн, Ажнай группийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ нь Капитрон банкны нөлөө бүхий хувь эзэмшигч. Нүүрсний гэх хэрэгт банкны эзэд холбогдож байгаа нь арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, эздийн шунал банкаа ч дампууруулах эрсдэлтэй юм. Улстөрд нөлөөлж, төрийн өмч хөрөнгө авах, давуу эрх эдэлж, тендергүйгээр том төсөл авсан  банкны эздийн цаана энгийн харилцагчийн мөнгө, эрх ашиг явж буй.
Өмнө нь татан буугдсан, дампуурсан банкуудын түүх ч эзэд нь улстөрчидтэй хэт сүжирч, хулгай луйвар хийсэнтэй холбоотой байсан. Уг нь банк бол банк, санхүүгийн л үйлчилгээгээ хийж, тэр ашгаараа амьдрах нь шударга ёсонд нийцмээр. Гэтэл банк нь, түүний эзэд нь зээл олгодог ААН-үүдтэйгээ зэрэгцэн бизнес хийж, тэдэнтэй өрсөлдөх нь өөрөө шударга бус. Дээр нь, банкны эзэд нь төрийн өмч хөрөнгийг буцаалдаад байгаа нь болохоо байсны илрэл!
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн