Улс, нийслэлийн хөгжил дүүрэг сумдаас эхтэй. Тэр ч утгаараа Сонгинохайрхан дүүрэг нь 30 жилийн хугацаанд оршин суургаа иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, тав тухтай аюулгүй тайван орчинг бүрдүүлж өгөх дээр бүрэн анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хийж иржээ. Орчны тохижилт болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт хийсэн болон хийгдэж буй онцлох бүтээн байгуулалтыг тоймлон хүргэе.
1. Улсын Хүүхэд, залуучуудын театр
-Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд улсын Хүүхэд, залуучуудын театрыг барьж байна. Тус бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн байна. Одоогоор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлуудыг хийх үлджээ.
2. Усан спорт сургалтын төв
-Усан спорт сургалтын шинэ төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад орно. Энэхүү усан спорт сургалтын төв нь 25 метрийн урттай таван зам бүхий бассейн, боулинг, фитнессийн тоног төхөөрөмжтэй олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордон юм. Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно. Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпд оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл бүрдэх юм.
3. Олон улсын жишиг стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэгтэй болов
-Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 250 ортой, олон улсын жишиг стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг 2021 онд ашиглалтад орсон билээ. Тус нэгдсэн эмнэлэг нь мэс засал, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 200 ор бүхий дөрвөн давхар олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг юм.
Түүнчлэн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулатори нь тухайн бүсийн иргэдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд өргөтгөл хийж хуучин барилгад бүрэн засвар хийсэн бөгөөд шинээр таван давхар өргөтгөлийн барилга баригдаж өргөжүүлсэн юм. Ингэж өргөжүүлснээр нийслэлийн хэмжээний 70 ортой ахмадын тасаг, молекул биологийн лаборатори, сүрьеэгийн диспансер, амбулаторийн тусламж үйлчилгээ 24 төрөл болж нэмэгдсэн.
Мөн энэ онд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн байр арваннэгдүгээр сард ашиглалтад орж, хэвтүүлэн эмчлэх тасгууд орчин үеийн стандартад нийцүүлж буй. Түүнчлэн 25 ортой ерөнхий мэс заслын тасагтай болж иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай болон өргөжжээ.
4. Талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан амралтын газар
-Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Тус чөлөөлсөн талбайг тохижуулах ажлын хүрээнд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалтыг хийхээр зураг төсөл нь бэлэн болжээ. Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн. Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлэх аж.
5.”Шинэ хороо, Сонгинохайрхан” төсөл
-Сонгинохайрхан дүүргийн орчин нөхцөлийг сайжруулах, тохижилтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хороо” төслийг энэ онд эхлүүлэх бөгөөд тус төсөл 8, 11, 28 дугаар хороонд хэрэгжих аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих “Сонгинохайрхан” төслийг хэрэгжүүлэх юм. Тус төслийн хүрээнд зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэгчдийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд зорилтот бүлгийн болон хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг үүсгэн байгуулж, иргэдийг ажлын байр, худалдаа үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлөөр ханган, олон төрлийн сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Тус хөгжлийн төвөөр дамжуулан иргэд сургалт үйлчилгээнд хамрагдан, өөрсдийн гараар урласан бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байна. “Шинэ хороо”, “Сонгинохайрхан” төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжин, айл өрхүүдийн амьдралын чанар сайжрахад дэмжлэг үзүүлэх юм.
-СХД-ийн 23, 35-р хороодод эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтэд тулгуурлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Сонгинохайрхан дүүргийн 23 болон 35 дугаар хороодод эрчим хүчний хэмнэлттэй гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерын систем суурилуулах ажлыг зохион байгуулсан аж. Гэрэлтүүлэг, камержуулалт тавигдсанаар 23 дугаар хорооны 33 өрхийн 118 иргэн, 35 дугаар хорооны 260 өрхийн 900 гаруй иргэн аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж өгчээ.
- Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрт буюу 16-р гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад оруулжээ. Сонгинохайрхан дүүрэг нь 120 мянган га газартай бөгөөд 2021 онд шинээр 12972 ширхэг гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд мөн Сонгинохайрхан дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтын хүрээнд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 554 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулахаар ажиллаж буй.Тодруулбал, тус ажлын хүрээнд ОНХС-ын хөрөнгө оруулалтаар 1,2,6,19,21,24,26,36,37,41 дугаар хороодын гудамж талбайд нэмэлтээр 221 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах бөгөөд одоогийн байдлаар эдгээр хороодод тендер шалгаруулалтын ажил зарлагдан, зарим хороодод нэгдсэн шийд босгох зэрэг ажлууд үргэлжилж байна.
7. Авто болон явган хүний шинэ зам
-Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар байрны ард талд 1600 м.кв талбайд хатуу хучилттай авто зам, 170 м.кв талбайд явган хүний зам шинээр тавьсан байна. Тус нийтийн эдэлбэр талбайд өмнө нь зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 24 ширхэг гарааш, контейнер байсан бөгөөд тэдгээрийг чөлөөлж, иргэдэд хүртээмжтэй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллажээ
-Сонгинохайрхан дүүрэгт энэ хичээлийн жилд 10 цэцэрлэг, 4 сургууль шинээр ашиглалтад оржээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдэж чадсан анхны дүүрэг болох аж.
9. Гэр хорооллын дахин төлөвлөлт
-Сонгинохайрхан дүүргийн 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдсан байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Тодруулбал, долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Мөн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. "Шинэ барилга" компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн нэг блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тус орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулсан бөгөөд ингэснээр дараагийн барилгыг барих боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
10. 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
-Тус дүүрэг нь Хаан банктай хамтран 12 дугаар хорооны 1 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд 3x3 буюу хагас стандарт сагсан бөмбөгийн талбайг тохижуулахаар болжээ.
11. Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд нэвтэрлээ
-Тодруулбал, “HIS Mongolia” компанитай хамтран Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргахаар санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Харин өнөөдөр дүүргийн “Одьтан ХХК”- ийн “БААТАР” брэндийн хоёр багц 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг www.sto-ory.com сайтад байршиж, Япон Улсын зах зээлд борлуулагдаж байна.
12. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 35 ажилтныхаа орон сууцны урьдчилгааг шийдвэрлэж өгчээ
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:
- Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
- Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
- Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олголоо.