Бяцхан зүрхэнд амьдрал бэлэгч “Зүрх мартахгүй” төслийн багийн гишүүн, Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоотой ярилцлаа.
-“Зүрх мартахгүй” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт хэдэн хүүхдэд мэс засал хийгээд байна вэ?
-“Зүрх мартахгүй” төсөл 2020 оны тавдугаар сараас хойш хэрэгжиж эхлээд нийт 90 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн байна. Харин 2021 он гараад зургаан хүүхдэд хагалгаа хийсэн байгаа.
-“Зүрх мартахгүй” төсөл анх хэрхэн хэрэгжиж эхэлсэн вэ?
-Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархаж гадагшаа явж эмчлүүлэх аргагүй болсон учраас энэ төслийг яах ч аргагүй эхлүүлсэн. Манай улсын хувьд зүрхний мэс заслыг зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийдэг байсан. Манай эмнэлгийн хувьд 2012 оноос хойш том хүн, хүүхдийн зүрхний мэс заслуудыг хийж байгаа. Ерөнхийдөө даатгал хэрэгжээгүй, хувь хүний халааснаас мөнгө гардагтай холбоотой иргэдийн дийлэнх хувь нь Улсын эмнэлэг буюу гуравдугаар эмнэлэг рүү очиж эмчлүүлдэг байсан учир манай эмнэлэгт ирэх хүний тоо цөөхөн байсан. Мөн хүүхдийн зүрхний мэс заслыг ихэнхдээ гаднын мэргэжилтнүүд ирж хийдэг ч халдвараас шалтгаалж ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Манай эмнэлэг дээр ирэхээр төлбөр мөнгөний асуудал үүсдэг, Гуравдугаар эмнэлэг дээр очихоор мэс заслыг хийж боломжгүй гэсэн асуудлууд үүссэн учраас өнгөрсөн оны тавдугаар сард “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлсэн. Бидний төслийг маш олон байгууллага, хувь хүмүүс дэмжиж их үр дүнтэй болсон. Төслийн үндсэн санаа хоёр жилийн өмнө “Энержи ресурс” 30 хүүхдийн гадаадад хийгдэх хагалгаанд зориулж 700 гаруй сая төгрөгийг Улаан загалмайд хандивласан байдаг. Хүүхдийн зүрхний мэс засал өртөг өндөр байдаг учир гадаадад очиж хийлгэхээр 2-3 дахин илүү өртөг ордог учир 700 гаруй сая төгрөгөөр 30 хүүхэд эмчлүүлж байхаар эх орондоо мэс заслыг хийж, 60-70 хүүхдийн амь насыг аврах боломж байна гэж харсан. Ингээд хандив тусламжийн үйл ажиллагааг зарлахад компаниуд болон хувь хүмүүс маш их дэмжиж хандив өгснөөр бид өнөөдөр 90 гаруй мэс заслыг хийж, бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх боломжтой болсон юм.
-Төслийн эцсийн зорилго 2026 он гэхэд 1000 гаруй хүүхдэд зүрхний хагалгаа хийнэ гэж байгаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Тийм ээ, бид энэхүү төслөөрөө 1000 гаруй хүүхдийг мэс засалд хамруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа. 2020 онд 40 хүүхдэд зүрхний мэс засал хийнэ гэж тооцож байсан. Гэтэл оны эцэст 80 гаруй хүүхдийг зүрхний мэс засалд хамруулсан байсан. Мөн бид энэ онд 100 хүүхдийг хамруулна гэж төлөвлөсөн байсан ч 150-200 хүүхдийг мэс засалд оруулна гэж төсөөлж, тооцож байгаа. Ерөнхийдөө бид 2026 он гэхэд 100 хувь зорилгодоо хүрнэ гэж бодож байна.
Түүнчлэн энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгал маань гүйцэтгэлээр санхүүжигдэх болж байгаа. Ингэснээр хувь хүний халааснаас гарах мөнгө 75 хувиар багасна. Үлдсэн хэсгийг компани, хүмүүс туслаад явахаар гэр бүлээс нэг төгрөг ч гарахгүйгээр хүүхдээ эмчлүүлэх боломж гарч улам сайхан болно.
-Нэг хүүхдийн мэс заслын төлбөр хэд орчим болдог вэ?
-Эмгэгээс хамаарч янз бүр байдаг. Хүүхдийн зүрхний мэс засал маш нарийн хүнд мэс заслын нэгд тооцогддог учир төлбөр мөнгөний хувьд нэлээд өндөр. Ерөнхийдөө 5-15 саяын хооронд мэс засал хийгддэг.
-“Зүрх мартахгүй” төсөлд зөвхөн хүүхдүүд хамрагддаг шүү дээ. Яагаад хүүхдийг сонгосон вэ. Хүүхдийн зүрхний өвчлөл яагаад ийм их байна гэж үзсэн үү?
-Нэгдүгээрт, насанд хүрсэн хүн өөрөө ажилтай, орлоготой, амьдрал нь тогтсон мөнгө санхүүгийн хувьд илүү боломжтой байдаг. Харин зүрхний хагалгаанд орж байгаа хүүхдүүдийн хувьд ар гэрийн амьдрал ерөнхийдөө тааруу талдаа байдаг. Санхүүгийн хувьд бараг хагалгааны зардлыг гаргах боломжгүй хүмүүс байна. Хамаатан садан, таньдаг хүмүүс нь тусаллаа ч хагалгааны зардалд хүрэх боломжгүй байдаг учраас хүүхэд дээр төвлөрсөн.
Харин энэ жилээс даатгал хэрэгжээд эхлэхээр том хүн энэ төсөлд оролцох шаардлага эрс бага болно. Ерөнхийдөө даатгалын өөрчлөлт хийх баг маш сайн нарийн ажиллаж тооцоо судалгааг гаргаж байгаа учир энэ оны эхний улиралд даатгал хэрэгжээд эхэлчих байх гэж бодож байна. Ингэснээр үйлчлүүлэгчид маань маш хөнгөн, амар, найдвартай тусламжийг хувийн болон улсын эмнэлэг гэж ялгахгүйгээр дуртай эмнэлэгтэй очиж авах боломж бүрдэж байгаа юм.
-Хүүхдүүдийг хэрхэн сонгож авдаг вэ. Мэдээж маш олон хүсэлт ирдэг байх, хэдээс хэдийг нь сонгон авч мэс засалд оруулдаг вэ?
-Зүрхний гажигтай хүмүүс эхний ээлжид манай эмнэлэг дээр үзүүлэх хэрэгтэй. Ингээд үзэж байгаад хүүхдийн биеийн байдал, хагалгаа даах эсэх, биеийн жин гэх мэт маш олон шалгуураар хүүхдийг сонгодог. Ерөнхийдөө орон даяар энэ төслийн талаар мэддэг болсон. Хүүхдийн зүрхний эмгэгийг оношилдог эмнэлгүүд манай эмнэлэг рүү илгээж байгаа учраас илүү эрт үедээ оношлогдож, эмчилгээ авах боломж нь маш их болсоор байгаа. Бид аль болох боломжоороо хүүхдүүдээ сонгож мэс засалд оруулж амьдрал бэлэглэнэ.
-Төслийн санаачлагч Болдсайхан эмч зун хөдөө орон нутгаар явж хүүхдүүдийг үзэж байсан. Таны хувьд хөдөө орон нутгаар явж үзлэг, эмчилгээ хийж байсан уу?
-Хөдөө орон нутгаар явж байгаа шалгаан нь алслагдмал, мэдээллээс хол, тусламж үйлчилгээ авах боломжгүй газруудаар явж үздэг байгаа. Тэдгээр газруудад зүрхний гажигтай хүүхдүүдийн тоо их байдаг. Мөн тэдгээр хүүхдүүд бидэнд ирж үзүүлж чадахгүй байгаа учраас тэдгээр газруудыг сонгож явдаг.
-Энэхүү төслийн гишүүний хувьд та ямар мэс заслыг хийж гүйцэтгэдэг вэ?
-Миний хувьд судсан дотуур нь цоорхойг нь бөглөх, битүүлэх, хавхлагыг нь янзлах зэрэг ажилбаруудыг хийдэг. Миний хийж байгаа мэс засал нь зүрхний нээлттэй мэс заслыг бодвол харьцангуй хөнгөн. Ганц төрлийн гажиг эсвэл судсан дотор янзалж болох мэс заслуудыг хийдэг. Мэдээж зүрхний мэс засал хүнд, хөнгөн ялгаагүй эрсдэлтэй байдаг.
-Хамгийн хүнд мэс заслынхаа талаар ярихгүй юу?
-Мэс засал хийхэд хүүхдийн нас, жин маш их хамааралтай. Өөрөөр хэлбэл, цусны хиймэл эргэлтийн аппарат эргэх нөхцөл нь бүрдсэн байх ёстой. Зүрхний олон гажигтай бол хамгийн доод тал нь гурван сартай хүүхдэд мэс засал хийнэ. Харин ганц төрлийн гажигтай бол нэг сартай хүүхдэд ч хийнэ. Биеийн жингийн хувьд доод тал нь 5-6 килограммаас дээш жинтэй байх хэрэгтэй.
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт хэвтэхээр зүрх нь зогсох гээд байсан хүүхдэд хагас хэвтээ байдлаар хагалгаа хийсэн. Ер нь нэг сартай, хоёр сартай нярайд зүрхний мэс засал хийнэ гэдэг маш хүнд. Гурван сартай хүүхдийн цээжийг нь онгойлгоход чүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй нүхэн дотор тэр олон гуурснуудыг шургуулж, тэнд мэс засал хийнэ гэж бодохоор энэ бол маш өндөр ур чадвар шаардсан ажил. Эмч, багш, хөгжмийн зохиолч гурав төрдөг гэж бараг үнэн.
-Сүүлийн үед хүүхдүүд төрөлхийн зүрхний эмгэгтэй төрж байна. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Хүүхдийн төрөлхийн гажиг үүсэх шалтгаан ерөнхийдөө удмын, хүүхэд хэвлий дотроо бүрэлдэн бий болох процессын үед ямар нэгэн саад тотгор үүсэх буюу эх ханиад хүрэх, өвдөх, нийгэм болоод амьдралын нөхцөл байдлаас болж стрессдэх, утаа, тоос, хоол хүнс гэх мэт олон асуудлаас хамааралтайгаар хүүхэд буруу анатомийн бүтэцтэй төрж байна.
-Эхээс хамааралтайгаар хүүхэд гажигтай гарч байгаа гэлээ. Тэгвэл ээжүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Үүн дээр зөвлөгөө өгнө үү?
-Одоо байгаа нийгмийн байдлаас болж эмэгтэйчүүд хүүхэдтэй болж чадахгүй байна. Хүүхэдтэй болсон ч бүрэн тээж чадахгүй хүүхдээ алдаж байна. Мөн төрж чадахгүй, төрөхөөрөө хүүхэд нь гажигтай төрж байна. Гажиггүй төрсөн ч хүүхэд нь өвчлөмтгий байгаа гэх мэт асуудлууд их байна. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, зөв хооллолт, хөдөлгөөн, нийгмийн байдал гэх мэт олон зүйл нөлөөлөөд байна гэж харж байгаа. Ерөнхийдөө эмэгтэй хүн хүүхэдтэй болохоосоо өмнө сэтгэлзүй эрүүл, зөв хооллолттой, хөдөлгөөний дутагдалгүй байх ёстой. Түүнчлэн эмэгтэйчүүдийн чиглэлийн өвчнүүдийг мэддэг, тэдгээрээр өвчлөхгүй хамгаалдаг байх хэрэгтэй. Харин жирэмсэн болсны дараа маш сайн хяналтад байх хэрэгтэй. Өнөөдөр жирэмсний хяналтыг өрхийн эмч тавьдаг. Гэтэл яг үнэндээ бүхэл бүтэн хорооны жирэмслэлтийг ганц өрхийн эмч хянах ямар ч боломжгүй шүү дээ. Ерөнхийдөө эрүүл мэндийг тогтолцоо алдаатай байна. Тиймээс жирэмсэн эхийг хянадаг тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Ингэснээр ургийн гажгийг эрт үед илрүүлж, оношилдог болж чадсанаар бид дараа нь хүүхдийн эмгэгтэй тулах шаардлага үүсэхгүй, төрөлхийн эмгэгийн асуудал ч эрс багасна. Тэгэхээр ээж нар, эмэгтэйчүүд ирээдүйн хүүхдийнхээ төлөө үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй.