Open iToim app
Улс төр | 3 мин уншина

ЖДҮДС-аас МАН-ын гишүүд зээл авсантай холбоотойгоор АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

ЖДҮДС-аас МАН-ын гишүүд зээл авсантай холбоотойгоор АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 26
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ЖДҮДС-аас МАН-ын гишүүд зээл авсан үйлдэл нь мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тус хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.
Бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог. Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэсээр байна. Тус хэрэгтэй холбогдуулан манай бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. ЖДҮДС-аас МАН-ын бүлгийн олон гишүүн зээл авсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан байна. Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна" гэлээ. 
АН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандсан албан бичигтээ "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна. Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас:
  • 2016 онд 56.7 тэрбум төгрөг,
  • 2017 онд  50.6 тэрбум төгрөг,
  • 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан.
Гэтэл илт ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.
Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.
Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцлохгүй болохыг анхааруулж байна" гэсэн байна.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн