Open iToim app
Зочин | 10 мин уншина

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хууль бус эрх зүйн актыг УИХ хүчингүй болгодог тэр замаараа л явах хэрэгтэй

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хууль бус эрх зүйн актыг УИХ хүчингүй болгодог тэр замаараа л явах хэрэгтэй
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 22
Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж буй гол сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын өмнөх болон одоогийн Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвшиж, өрсөлдөх эрхгүй гэх дүгнэлт гаргасан. Яагаад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч болох таван хүн дахиж сонгуульд нэр дэвших боломжгүй гэж. Хуульч хүнийхээ хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?
-Энэ бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон нэр дэвшигчид тавих шалгуур, хязгаарлалтай холбоотой асуудал. Аливаа улсын Үндсэн хууль заавал биелэгдэх шинжтэй бөгөөд төрийн байгууллага, иргэний шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байх ёстой байдаг. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгох шинэ зохицуулалт бий болж, 2020 оны тавдугаар сарын 25-наас улс орон даяар дагаж мөрдөгдөж эхэлсэн бол биeлүүлж л таарна. Өөр арга байхгүй.
-Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлт зөв үү?
-Үндсэн хуульд цагаан дээр хараар “зөвхөн нэг удаа” гэж бичсэн. Үүнийг өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй. Дээр нь Үндсэн хуульд байсан “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэдэг гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэг хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Eрөнхийлөгчөөр улирч ажиллах эрх зүйн орчин байхгүй болсон. Одоо ажиллаж байгаа хүн дахиад нэр дэвшиж сонгогдвол улирч ажилласан хэрэг болох нь бүгдэд тодорхой байна шүү дээ.
Танд нэг жишээ хэлэхэд, Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго хуучин 45 нас байсныг 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “50 нас” болгож өөрчилсөн. Тэгвэл хэрэв 2017 онд 45 настай хүн Ерөнхийлөгч болоод 2021 онд 49 нас хүрсэн тохиолдолд 50 нас гэдэг шаардлагыг хангахгүй нь байна. Энэ тохиолдолд тухайн хүн “Надад энэ хамаагүй ээ. Хууль буцаж үйлчлэхгүй. Би нэр дэвшинэ” гээд зүтгээд байж болохгүй биз дээ. 50 нас хүрсэн, зөвхөн нэг удаа, зургаан жилийн хугацаагаар гэдэг бол ялгаагүй л Үндсэн хуулийн гуч дугаар зүйлийн хоёрт заасан нэг л шаардлага, шалгуурууд.
-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэж заах болсон гол зорилго, философи нь хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөхдөө өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа олж авсан эрх мэдлээ ашиглан өрсөлдөгчөө дардаг, шударга бусын хонгил үүсгэдэг зэрэг асуудлыг хязгаарлаж, зогсоох. Улмаар парламентын засаглалаа илүү бэхжүүлэхэд чиглэсэн байгаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн дүгнэлт гарсны дараа эрх баригч МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлсэн. Үүнийг зарим хүн шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа үйлдэл гэж дүгнэж байна. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид аливаа улс төрийн намыг тараах асуудлаар захирамж гаргах ийм эрх мэдэл байгаа юу?
-Нэг зүйлийг зориуд тодотгож хэльe. Аливаа ардчилсан улсад тодорхой хязгаар, шаардлага тогтоогоогүй Ерөнхийлөгчийн албан тушаал, эрх мэдэл гэж байдаггүй. Хуулиар тогтоосон шаардлагыг нь хангасан бол хэн ч нэр дэвшиж сонгогдож болно, хангаагүй бол хэн ч нэр дэвшиж болохгүй. Энэ бол бид дангаараа зохиочихсон, дэлхийн жишгээс өөр дүрэм биш юм.
Хоёрдугаарт, дэлхийн улс орнууд өөр өөрийн бодлоготой, төрийн засаглал, удирдлагын хэлбэртэй. Манай Үндсэн хуулийн үзэл санаа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас харахад парламентын засаглал нь үндэсний аюулгүй байдлын баталгаа гэсэн санаа тод туссан байдаг. Тийм заалт ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэгэхээр бид нэгэнт парламентын засаглалыг сонгосон бол цааш нь улам хөгжүүлж, төгөлдөршүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл өөх ч биш, булчирхай ч биш төрийн удирдлагын холимог хэлбэртэй. Тэр нь улс орны тогтворгүй байдлын шалтгаан болж, зарим улстөрчид хэмжээ, хязгааргүй улс төр хийх, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бүх ажилд хутгалдах боломж олгодог байдлыг хааж, сонгодог парламентын тогтолцоо руу чиглэх ёстой. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт ч парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх үзэл санааны хүрээнд батлагдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд тодорхой хязгаарлалтууд тогтоосон.
Гуравдугаарт, манай Үндсэн хуульд Eрөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг уучлал үзүүлэх, УИХ-ын шийдвэрт хориг тавих, хууль санаачлах зэргээр заасан бөгөөд зөвхөн эдгээр бүрэн эрхийнх нь хүрээнд хуулиар тодорхой эрх мэдэл Ерөнхийлөгчид олгож болно гэж хуульчилсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчид улс төрийн намыг тараах талаар ямар нэгэн бүрэн эрх олгоогүй, тэр талаар нэг үг, өгүүлбэр ч Үндсэн хуульд бичигдээгүй.
Харин Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх тодорхой нөхцөлд улс төрийн намыг тараах шийдвэр гаргахаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд улс төрийн намыг Улсын Дээд шүүх бүртгэхээр тус тус заасан. Өөрөөр хэлбэл, улс төрийн намыг тараах нь цэвэр Дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Ардчилсан төрийн хамгийн чухал шинжийн нэг нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт, тэнцвэр байдаг. Нэг этгээдэд бүх эрх мэдлийг төвлөрүүлснээр ямар үр дагаварт хүрдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр Ерөнхийлөгч төрийн тэргүүн гэхээрээ бүх асуудлыг мэддэг, оролцож болно гэсэн үг биш. Улс төрийн намыг бүртгэх, тараах эрхийг хуулиар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид бус зөвхөн шүүхэд олгосон гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй юм.
Гэтэл Ерөнхийлөгч энэ хүрээ хязгаарыг даваад, эрх зүйн акт гаргасан байна. Бичгээр саналаа явуулсан бол өөр хэрэг. Монгол Улсын ямар ч иргэн аливаа улс төрийн намыг тараах нөхцөл байдал үүссэн байна гэдэг үндэслэлээр санал, хүсэлтээ хүргүүлж, шаардлага тавьж болно. Гэхдээ Ерөнхийлөгч Үндсэн хуулиар тогтоосон хүрээ, хязгаарыг даваад, зөвшөөрсөн бүрэн эрхийг хэтрүүлээд эрх зүйн акт гаргаж болохгүй. Энэ бол хууль бус үйлдэл.
-Тэгвэл энэ үйлдэл нь Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх буюу импичмент хийх үндэслэл болж болох уу? Зарим хуульчид ч ийм өнцгийг хэлж байгаа.
-Үндсэн хуулиар зөвшөөрсөн бүрэн эрхээ хэтрүүлсэн, хууль бус эрх зүйн акт гаргасан гэдэг утгаараа үндэслэл, шалтгаан болж болно. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа нь сар хагасын дараа дуусгавар болох гэж байна. Улс төрийн тогтвортой байдал талаасаа зайлшгүй шаардлагатай ухаалаг алхам биш. Гал дээр тос нэмэх шаардлагагүй шүү дээ.
Улс төрд “Lame duck” буюу хазгар, доголон нугас гэдэг нэр томьёо байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа, дахиж нэр дэвших эрхгүй, сонгогдох боломжгүй болсон улс төрчдийг ийнхүү хэлдэг. Тэд бүрэн эрхийнхээ төгсгөлд үр дагаврыг нь нарийн тооцох, тооцохгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргаж, дуулиан шуугиантай улс төрийн акц хийх тохиолдол гардаг. Гэхдээ хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус шийдвэр гэдгийг нь бүгд мэдэж байдаг тул биелэгдэх магадлал тун бага.
Харин албан тушаалтны гаргасан хууль бус эрх зүйн актыг хэрхэн хүчингүй болгодог тэр зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Үндсэн хуулиар улс төрийн тоглоомын дүрмийг тогтоочихсон. Хэрэв Ерөнхийлөгч хууль бус эрх зүйн акт гаргавал түүнийг нь УИХ хүчингүй болгодог. Бүрэн эрхээ хэрэгжүүл, хуулийн дагуу хэр хэмжээнд нь, байх ёстой байранд нь тавь гэсэн үг.
Улс төрийн намыг тараах тухай асуудал монголд бараг анх удаа ийм өндрийг авч яригдаж байгаа тул хүмүүс их цочмог хүлээж авч байх шиг байна. Гэвч сандрах, сүржигнэх шаардлага байхгүй болов уу. Учир нь бидэнд гарах гарц, шийдэх хууль, эрх зүйн орчин нь байна.
undefined
-Одоо хоёулаа асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулгын байр сууриас харъя. Тэрээр даваа гаригт мэдэгдэл хийхдээ эрх баригч намын үйл ажиллагаанаас болоод шүүх байгууллага, Үндсэн хуулийн Цэцэд итгэх ард түмний итгэл алдарлаа. МАН ардчилсан институцэд халдаж байна. Тиймээс шударга ёсыг тогтоох ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Танд түүний энэ байр суурийг зөвтгөх хуулийн өнцөг бий юу?
-Цэц бол хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тэр утгаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Мэдээж гаргасан шийдвэрийг нь шүүмжлэх эрх иргэн бүрд бий. Шүүмжилж болно. Гэхдээ улс төрийн зорилгоор ашиглаж, ард түмнийг хагалан бутаргах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхэд ашиглаж, өдөөн хатгаж болохгүй. Энэ бол үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй төрийн тэргүүний хувьд зохисгүй үйлдэл.
Ардчилсан улсад ямар ч албан тушаалтан, төрийн байгууллагын шийдвэрийг иргэдийн хэн нь ч шүүмжилж болно. Би ч гэсэн өнөөдөр Ерөнхийлөгчийн буруу гээд яриад сууж байна. Гэхдээ өөр нэг хүн гэртээ зөв гэж бодож байгаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол манай ардчиллын амин сүнс. Байшингаар бол суурь нь.
Үндсэн хуулийн цэцийн хувьд хамгийн гол зүйл нь бид дараагийн удаа юу хийх ёстой вэ гэдэг асуудал юм. Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэлийг бий болгохын тулд цэцийн гишүүдийг нэр дэвшүүлж, томилдог процессыг ил тод болгож, улс төрийн нөлөөнөөс ангид, хараат бус ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж хардлага, сэрдлэгээс ангид болно. Гэтэл бид энэ ажлыг орхигдуулсан. Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 1997 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. Яаралтай шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай. Хуульчид болон иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг ярьсаар ирсэн. Гэтэл нэгт хууль санаачлах эрхтэй субъектийн хувьд, хоёрт Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн буюу нийт есөн гишүүний гуравны нэгийг нэр дэвшүүлэх эрхтэй албан тушаалтны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар санаачилга гаргасан бэ, юу хийв? Одоо шүүмжлээд сууж байхынхаа оронд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Цэцийг бие даан, хараат бусаар ажиллуулахын төлөө их зүйл хийж болох байсан. Эрх мэдэлтэй байхдаа юу ч хийгээгүй байж дараа нь хоосон ярьж, шүүмжлэх нь утга учир муутай.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэвч 2020 оны зургадугаар сарын 24-нд болсон УИХ-ын ээлжит сонгуульд У.Хүрэлсүхийн Засгийн газрын давхар дээлтэй 15 сайд нэр дэвшиж, өрсөлдсөн. Тухайн үед давхар дээлтэйгээ сонгуульд орох тухай асуудал Үндсэн хуулийн хүрээнд яригдаж байсан. Өнөөдөр Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг гаргасан нь хараат бус байгууллага маань өөрөө эрх баригч намын талд давхар стандартаар хандаад байгаа юм биш үү гэдэг асуулт, эргэлзээг төрүүлж байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тэр ярьж, шүүмжилж байсан хуульчдын нэг нь би. Миний байр суурь одоо ч хэвээрээ. 2020 оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж, улс орон даяар дагаж мөрдөнө. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байх ёстой учраас та бүхэн давхар дээлээ тайлах ёстой шүү гэж хэлж, шаардаж байсан. Тэр үeд Eрөнхийлөгч, УИХ, Засгийн газар анхаараагүй, хуулийн биелэлтийг ном журмаар нь зохион байгуулах тал дээр алдаа гарсан. Энэ маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Үүнийг бид ярих ёстой. Дахиж ийм алдаа давтагдах ёсгүй. Үндсэн хуулиа биелүүлдэггүй, зөрчдөг байдал хэвшвэл анархизм, эмх замбараагүй байдал бий болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын үндсэн үүрэг Үндсэн хуульт нийгмийн байгууллыг хамгаалах явдал. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа зөрчөөд байх юм бол хэн хуулийг биелүүлэх юм бэ.
-Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж Дээд шүүхэд хүргүүлсний дараа ЗХЖШ-аас хийсэн мэдэгдлийг та юу гэж харж байна вэ. Нийгэмд цэрэг армийг улс төрийн асуудалд хутгаж, Онц байдал зарлах замаар төрийн эрхийг цэргийн хүчээр авбал яах вэ. Монгол Улс дараагийн Мьянмар болбол яах вэ зэрэг айдас үүссэн байгаа нь ажиглагдаж байгаа. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Зэвсэгт хүчний мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллагын дарга нь улс төрийн үйл явцад оролцож, мэдэгдэл хийх шаардлагагүй байсан. Төрийн албаны тухай хууль болон Төрийн цэргийн номлол, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Батлан хамгаалах тухай хуулиудаар ч аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Зэвсэгт хүчин гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс улс орноо батлан хамгаалах үүрэгтэй болохоос улстөржих байгууллага биш. Арми, зэвсэгт хүчнийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулдаг, хутгадаг явдал байх ёсгүй.  Цэргийн алба хаагч ямар тохиолдолд улс төрийн үйл ажиллагаанд оролцдог вэ гэхээр иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн хурлын сонгуульд саналаа өгдөг. Өөрөөр оролцох ёсгүй. Тэр ч утгаар нь Монгол цэргийн холбоо 2019 онд байгуулагдаж байхад нь би байр сууриа илэрхийлж, шүүмжилж байсан. Мөн Засгийн газрын тэргүүн нь аливаа нэг төрийн бус байгууллага тэргүүлнэ, төлөөлж ажиллана гэдэг ч зохисгүй үйлдэл. УИХ-аас цаашид улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд ямар хүрээ, зааг хязгаарт улс төрийн үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нарийвчлан тогтоож, хуульчлах шаардлагатай байна.
Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэх ёстой. Жишээ нь, та монголд цэрэгжсэн нам байна гэдэгт итгэх үү. Эсвэл МАН-ыг цэрэгжсэн байгууллага гэдэгт итгэх үү. Хэн ч итгэхгүй.
Иргэний дайн, үймээн самуунтай, эсвэл тоталитар, авторитар, фашист дэглэмтэй улс орнуудад л улс төрийн намууд нь дэргэдээ цэрэгжсэн жигүүр, бүлгүүдтэй байдаг. Гэтэл монголд ийм юм байхгүй шүү дээ. Юмыг хэтрүүлнэ гэдэг л энэ байх. Нэг улстөрчийн үйл ажиллагааг нийт намын институцийн хэмжээнд авчирж тавьж байгаа нь буруу.
Манай намуудын бүтэц, зохион байгуулалт бусад ардчилсан улсуудад байдагтай л адилхан. Улс төрийн намын тухай хуульд эрх барих дээд байгууллага нь намын их хурал байна гээд заачихсан байгаа. Түүний чөлөөт цагт бага хурал болон түүнтэй адилхан байгууллага байна. Тэр нь намын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг гүйцэтгэх удирдлагын байгууллагаа сонгодог. Дэргэдээ ахмадын, залуучуудын болон эмэгтэйчүүдийн холбоодтой. Манай намууд иймэрхүү л бүтэц зохион байгуулалтай. Цэрэгжсэн гэдэг бол шал өөр ойлголт шүү гэдгийг хэлэх ёстой.
Цэргийн эргэлтийн тухайд бол хэтрүүлэг. Тийм зүйл болохгүй ээ. Учир нь манай ардчилсан Үндсэн хууль улс төрийн ямар ч хямралыг давж гарч, зохицуулж чадна гэдэгт хувьдаа бат итгэлтэй байна. Харин бид цаашдаа парламентын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Цаашид хийх ажлууд их байна.
-Ярилцсанд баярлалаа.          
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн