Open iToim app
Зочин | 4 мин уншина

Б.Гарамгайбаатар: Шанхай, Хонгконгийн биржийн ард хэн Тавантолгойг авахыг бүгд мэднэ

Б.Гарамгайбаатар: Шанхай, Хонгконгийн биржийн ард хэн Тавантолгойг авахыг бүгд мэднэ
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 28
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дэлхийн хэмжээний том төслийг тавхан хоногийн хугацаанд хэлэлцээд батлах боломжтой юу. Засгийн газраас санал болгож буй хувилбартай танилцсан уу, өмнөх хувилбаруудаас юугаараа ялгаатай байна вэ?
-Оюутолгой төслийг батлаад 10 жил болох гэж байхад одоо ч УИХ дээр Оюутолгойтой холбоотой маргаан яригдсаар байна. Шинээр байгуулагддаг УИХ болгон Оюутолгойн асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргадаг. Үүнтэй ижил Тавантолгой бол Оюутолгойтой дүйцэхээр хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын ажил шүү дээ. Тавантолгой төсөл олон жил асуудал дагуулсаар ирсэн. Одоо МАН олонхи байхдаа Тавантолгой төслийг нэн яаралтайгаар оруулж ирж байгаа юм байна. Тавантолгой төслийг хэлэлцэж болно, үүнийг үгүйсгэхгүй. Харин хэлэлцэхдээ нэн яаралтайгаар оруулж ирээд, асуудлыг эвгүй тийш нь хандуулах гэж байгаа юм биш биз гэж хардаж байна. Нөгөө талд УИХ-ын өмнөх тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Хэрвээ шинэ тогтоолын төсөл оруулж ирж байгаа бол өмнөх тогтоолыг хүчингүй болгож, дараагийн асуудал орж ирэх ёстой. Гэтэл энэ процесс хийгдэхгүй шууд хэлэлцээд эхэллээ.
-Засгийн газрын оруулж ирсэн төслөөр Тавантолгойн нийт хувьцааны 30 хувийг гадаадын бирж дээр гаргаж, хөрөнгө босгохоор тооцож байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид Тавантолгой төслийг сонирхох уу?
-Тавантолгойн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаж, худалдах асуудлыг ярьж байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн эсэхэд эргэлзэж байна. Нийт хувьцааны 30 хувь гэдэг нь маш тодорхойгүй сонсогдож байгаа. Өмнөх УИХ-ын тогтоолоор Тавантолгой ордын 50 хувь нь төрд, 20 хувь нь иргэдэд буюу 1072 хувьцаагаар өгнө, 20 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд  авч болно, 10 хувийг нь хөрөнгийн биржээр борлуулна гэж заасан. Тэгэхээр гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах 30 хувь хэний эзэмшлийнх вэ гэдэг нь тодорхойгүй байна. ААН-ийн 20 хувийг булаах юм уу, эсвэл иргэдийн 20 хувийг булааж 10 хувь дээрээ нэмж байгаа  юм уу, эсвэл төр 50 хувийнхаа 30 хувийг гаргаж зарах гээд байгаа юм уу гэдэг нь өөрөө оньсого болоод байна. Хэлэлцэж байгаа төслөөр төр өөрийн эзэмшиж байгаа 50 хувийг зарах нь гэж хараад байгаа. Энэ нь маш маргаантай, толгой эргүүлж байгаа. Үүнийг сайтар ярилцаж, тал бүрээс нь судалж асуудлыг явуулах хэрэгтэй. Яах вэ, наадмын өмнө шуурхайгаар баталчихлаа гэж бодъё. Гэхдээ дараа нь энэ асуудал хөрөнгийн бирж дээр гаргахаар олон асуудлыг дагуулах эрсдэлтэй. Учир нь гаднын хөрөнгийн биржүүд олон асуудлыг олон талаас нь харж, хувьцаа авах, үгүйгээ, хөрөнгө оруулалт хийхээ шийддэг. Д.Сумъяабазар сайдын хэлээд байгаа гадаадын гурван биржийн нэрийг сонсохоор Шанхайн бирж л хамгийн магадлалтай байгаа. Ер нь Шанхай болон ХонкХонгийн биржийн цаана хэн байгааг бүгд мэдэж байгаа ш дээ. Тиймээс энэ асуудалд монголчууд нухацтай хандах хэрэгтэй гэж бодож байна.
-Олонхийн бүлэг Тавантолгой төслийг яаралтай дэгээр хүч түрээд батлах төлөвтэй байна шүү дээ?
-Өнөөдөр Засгийн газрын Тавантолгой зэрэг том төслийг Захиргааны хуулийн өөрчлөлтэйгөө хамт батлах гээд байгаа нь их сонин. Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэн нэг иргэн, ямар нэгэн Захиргааны шүүхэд өргөдөл гаргаж, маргаанаа таслуулах эрхийг байхгүй болгох санаа байгаа. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааны асуудал, хөрөнгийн бирж дээр гаргах хувьцааны асуудал маргаан дагуулах юм  бол хянах, хэлэлцэх боломжгүй болгох хуулийг гаргах гээд байгаа нь асуудалтай юм. Мөн төрийн өмчит томоохон компаниудыг хувьчлах асуудлыг энэ хуультай зэрэгцүүлэн оруулж ирж байгаа нь өөрөө захиалгатай явагдаад байна уу гэж харж байна.
-Олон жил УИХ-д суусан гишүүний хувьд энэ парламент, Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна вэ. Энэ парламент бүрэн эрхийнхээ хоёр жилийг өнгөрөөлөө шүү дээ?
-2016 оны сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ, Засгийн газрын ажил туйлын хангалтгүй ажиллаж байна. Өмнөх парламент, Засгийн газрын хийсэн ажлыг шүүмжлээд л байгаа болохоос өөрсдөө гардан хийсэн ажил тун ховор. Эдийн засгийн өсөлт сайжирсан гэж байгаа ч зөвхөн газрын доорх баялгийн үнэ дэлхийн зах зээлд өссөн, Валютын сангаас дэмжлэг авсны үр дүн юм. Дотооддоо асуудалд өөрсдийн үйл ажиллагаагаар бий болгосон үр дүн харагдахгүй учраас муу дүн л тавина. Дээр нь УИХ-д шинээр сонгогдсон гишүүд нь нам доторх зодооноо нийгэм рүү гаргаж, иргэдийг бухимдуулж байгаа нь МАН-ын асуудлаа шийдэж чадахаа болсны илрэл.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн