“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулж, өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая “Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригтой холбогдох асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуулан Д, Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Яллагдагчаар татагдсан Д, Г нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр хойшлуулшгүйгээр түр саатуулах арга хэмжээг авсан.
Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг өчигдөр сулласан. Цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ хүргүүлсэн. НПГ-аас дээрх этгээд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” гэж мэдээллээ.