Монгол Улсын нүүрсний давхрагын метан хий /НДМХ-/н хэтийн төлөвийг танилцуулах зорилготой семинарыг өнөөдөр/2022.06.15/ зохион байгууллаа.
Монгол, Австралийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” буюу АМЕП-2 хөтөлбөр нь эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан сайжруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд НДМХ-н талаар хийсэн судалгаа үнэлгээний талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийллээ.

МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн багш Б.Эрдэнэцогт: Нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээг хэд хэдэн удаа хийж байсан. Гэхдээ Монголын тодорхой бүс нутагт л хийж байсан юм. Харин энэ удаагийн төслийн хүрээнд анх удаа Монголын нийт нутаг дэвсгэрийн баялгийн хэтийн үнэлгээг хийж байна. Үнэлгээг хийснээр дотоод болон гадаадын хайгуулын компаниудад хайгуулын талбай сонгох, хайгуул хийх боломжтой болгож байгаагаараа ач холбогдолтой. Энэ төсөл нэлээд эртнээс яригдаж байсан. Харин хэрэгжиж эхэлсэн хугацаа нь арванхоёрдугаар сараас зургаадугаар сар. Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг маш цөөхөн хийсэн. 2005 онд Канадын “Сторм кат”, 2010 онд Солонгосын нэг корпорац Налайх болон төвийн бүсийн хэдэн газар судалгаа хийсэн. Түүнээс хойш бусад хайгуул, судалгаа Өмнөговьд төвлөрч байна. Судалгааны хүрээнд өмнө хийгдсэн судалгааны мэдээллийг авсан. Гэхдээ дийлэнх мэдээлэл нь Өмнөговийн сав газраас ирж байгаа.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн геологи, хайгуулын зөвлөх геологич Ч.Энх-Амгалан: Нүүрсний давхаргын метан хийн салбар Монголд шинэ салбар. Энэ үйл ажиллагааны зорилго нь НДМХ гэдэг нь газрын гадаргуугаар 500 метрээс доош нэг км хүртэл гүнд нүүрстэй орон зайн хувьд хамт байршиж, нүүрсний давхаргууд нь метан хийг агуулж байдаг юм. Одоогийн манайд ажиллаж байгаа нүүрсний уурхайнууд хамгийн гүндээ 300-350 метрийн зайд байгаа байх. Тэгэхээр 500 метрээс доош үнэлгээг хийсэн буюу эрлийн цооног өрөмдсөн газар нүүрсний сав газруудад огт байхгүй. Энэхүү шинэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай болсон нь дэлхий нийтээр нүүрстөрөгчийн давхар исэл, озоны цоорхой, энергийн шилжилт гээд Парисын гэрээгээр улс орнууд олон үүрэг хүлээсэн байгаа. Тэрхүү гэрээнд нь Монгол Улс ч бас багтсан. Тиймээс ногоон эх үүсвэрүүдийн нэг нь метан хий юм. Байгаль орчин, эдийн засгийн талаас боломжууд нээгдэж, нүүрсний давхрага дотор метан хий 500м-ээс доош тогтоогдох юм бол Монголын эдийн засагт хэрэгтэй. Мэдээж газрын тостой харьцуулагдахгүй бол хямд үнээр олборлож гаргах боломжтой. НДМХ-ийг олборлож эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа сайн туршлагууд ч бий. Тиймээс НДМХ нь монголчуудын эдийн засгаа солонгоруулах боломжтой шинэ салбар гэж болно. НДМХ-н хайгуул нь хатуу ашигт малтмалыг бодвол асар өндөр зардалтай. Гэхдээ дунд болон урт хугацаанд буюу арван жилийн дараагаар тэр хэмжээний ашиг өгч, газрын тосноос хямд байна гэж харж байна гэлээ.