Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжлага: Нэг сарын тэтгэврийн мөнгөөрөө бүтэн хонины мах худалдан авч чадахгүй байна гэв

Сурвалжлага: Нэг сарын тэтгэврийн мөнгөөрөө бүтэн хонины мах худалдан авч чадахгүй байна гэв
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 14
Монгол Улс энэ жил 66 сая мал тоолуулсан. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улсын иргэд хамгийн үнэтэй мах идэж байна. Өнөөдөр нийслэлчүүд нэг кг махаа 10-12 мянган төгрөгөөр худалдан авч байна. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөөрөө ч бүтэн хонины мах ч авч хүрэхгүй, хүндхэн байгаагаа учирлан, халаглаж сууна. Уг нь 66 сая малтай Монголд махны үнэ хамгийн  л хямд баймаар. Гэтэл жилээс жилд махны үнэ "тэнгэрт хадах" шинжтэй. Энэ жилийн хувьд махны үнэ өмнөх жилүүдийнхээс хэд дахин өсчээ. Тухайлбал, хонины мах тарга сайтай эсэхээсээ хамаараад кг нь 8400-11000, үхрийн мах 10500-12500 мянган төгрөг болжээ. Хүнсний дэлгүүр, захуудын хувьд дээр хэлсэн үнээс 1500-2000 мянган төгрөг нэмээд борлуулж байна.
Ингээд бид хонь, үхрийн махны ямар шалтгааны улмаас, хэчнээн төгрөгөөр нэмэгдсэн талаар “Хүчит шонхор” захаас сурвалжиллаа.
Сурвалжлах хэсэг тус захад ирэхэд их үд болж байлаа. Мах, хүнс цуглуулж буй иргэд ч ховор харагдав. Бид “Хүчит шонхор” захын гадна талын жижиг паблионуудаас эхлээд үхэр, хонины махны үнэ сонирхлоо. Үхрийн мах кг нь 9300-10500, хонины мах кг нь 8400-8700 төгрөгийн үнэтэй байв. Гэхдээ худалдаачид махаа өглөө малчдаас ямар үнээр авна. Түүн дээр 200-300 төгрөг нэмдэг гэж байлаа.
undefined
Худалдагч Довчин “Манайх хонины махаа 8400 төгрөгөөр борлуулж байна. Уг нь өглөө ирээд 8700 төгрөгөөр борлуулж байсан ч хүмүүс үнэтэй байна гээд байхаар нь 8400 төгрөгөөр зарж байна. Бид хонины махаа малчдаас авахдаа 8200, 8300 төгрөгөөр авч байгаа. Үүн дээр 200-300 төгрөг нэмж борлуулдаг” гэсэн юм.
Лангууны худалдагч нар “Өнгөрсөн амар махны нөөц бэлтгэхэд БНХАУ руу мах их хэмжээгээр экспортлосноос махны нөөц хангалттай бүрдээгүй. Үүнээс болж, махны нийлүүлэлт хомс байна. Малчид мал туранхай байна гээд малаа зарахгүй. Зарсан ч үнээ өсгөн зарж байна” гэцгээж байсан юм.
undefined
undefined
Үүний дараа бид “Хүчит шонхор” захын үхэр, хонины мах борлуулах хэсэгт очиж, махны үнэ тодруулсан юм. Тухайн зах дотор зарагдаж буй үхэр, хонины мах гадна лангуунуудад зарагдаж байгаа махнаас ойролцоогоор 1500-2500 төгрөгөөр илүү үнэтэй байв. Учрыг тодруулахад дийлэнх худалдагч нар малчид махаа 10 мянган төгрөгөөс доош үнээр өгөхгүй байна. Ястай мах л гэхэд 8200 төгрөгөөр авдаг. Үүнийхээ ясыг нь хаяад үлдсэн жоохон махыг нь 11-12 мянган төгрөгөөр борлуулж байна” гэж байлаа.
Тус захад үхрийн мах 10500-12500 төгрөг, хонины мах 9800-11000 мянган төгрөгийн үнэтэй. Үхрийн мах л гэхэд ястай, цул, гуя гэдгээсээ хамаараад үнэ нь өөр өөр байв.
undefined
Худалдагч Ариунжаргал “Манайх үхрийн махаа кг нь 12.500 төгрөгөөр борлуулж байна. Өглөөний 05:00 цагт ирээд мах авахад бараг булаацалдах шахуу юм болж байж жоохон мах авч байна. Махны олдоц маш ховор байна. Малчид махаа хэдэн төгрөгөөр зарахаа мэддэг болсон. Тэд махаа 10 мянган төгрөгөөс доош үнээр өгөхгүй байна” гэв.
undefined
Харин махны үнэ хэр нэмэгдсэн талаар иргэн  Нараа “Махны үнэ замбараагүй нэмэгдсэн байна. Өмнө нь үхрийн мах 11 мянгаар авдаг байсан. Одоо 14 мянга болсон байна.  Хонины мах 10800 гэж байна. Тэтгэврийн бид махаа авч дийлэхгүй болох нь байна. Гурван  зуун мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшид бид 30 кг бүтэн хонины мах ч авч чадахгүй байна шүү дээ. Мах их хэмжээгээр гадагшаа гарч байгаад ямар нэг арга хэмжээ авч байж л махны үнэ тогтвортой байх юм шиг байна” гэж ярьсан.
undefined
Нөөцийн махыг нийслэлийн дүүргүүдэд 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байгаа аж. Энэ хаврын улирлын  хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг 20 орчим тэрбум төгрөгөөр бэлтгэжээ. 2019 оны  хаврын нөөцийн мах бэлтгэлд улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгасан байна.
Хүчит шонхор захад үхрийн мах ойролцоогоор 1000-1500 төгрөгөөр, хонины мах ч мөн адил 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ махны лангуу болгоны үнэ өөр байв.  Харин “Хүчит шонхор” захын махны худалдагч нар махны үнээ нэмсэн талаар бодит хариултыг өгч чадахгүй байв. Гэхдээ малчид өндөр үнээр махаа зарахаас илүү махны экспортыг бүрдүүлэх зорилготойгоор их хэмжээний махыг Хятадууд малчны хотноос нь очиж авч, дотоодод хомсдол үүсгэх үзэгдэл байнга гарч байгааг хэлсэн юм. Үүнээс болж малчид ч ченжүүдэд гэхээс илүү Хятадын махны үйлдвэрүүдэд махаа өгөх сонирхолтой болжээ. 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн