Бидэнтэй зэрэгцэн үй олноороо оршин тогтнож, бохирдол үүсгэх гол эх сурвалжуудын нэг болж байдаг хортон шавьж нь хүн төрөлхтний хувьд хамгийн том айдсуудын нэг юм. Эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаанд орчин үеийн хот суурингуудад амьдрах хортон шавжууд улам бүр үл үзэгдэх шинжтэй болж байгааг анхааруулсан байна.
Тухайлбал дэлхий дахинд өргөн тархсан байдаг Герман жоом буюу “Blattella germanica” нь бүх хортон шавьж устгах химийн бодисуудад тэсвэртэй болж, хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр мутацад орж хот суурийн газарт улам бүр зохицон амьдрах чадвартай болж байгааг туршилтаар олж илрүүлжээ.
Эрдэмтэд Герман жоомны гурван сүргийг амьдрах таатай орчин бүрдүүлсэн тусгайлан бэлдсэн шилэн хоргонд тус тусад нь үржүүлж, бүлэг бүрд устгах зориулалттай өөр өөр химийн хорт бодисыг зургаан сарын турш туршсан байна.
Одоогоор хүн төрөлхтөн үйлчлэх чанар болон хугацааны хувьд эрс ялгаатай хортон шавьж устгах маш олон төрлийн химийн бодисуудыг өргөнөөр ашиглаж байна. Харин тус эрдэмтэд хамгийн түгээмэл ашиглагддаг хортон шавьжийн мэдрэлийн системийг доройтуулж, бие бие рүү нь дайруулах үйлчилгээтэй бодисуудыг сонгон авч хэрэглэсэн аж.
Туршилтын үр дүнд ердөө 100 өдөр амьдрах чадвартай “Blattella germanica” нь эдгээр төрлийн хорд нэг л удаа хордсон бол дархлаажиж дараагийн үедээ үүнийгээ дамжуулдаг онцгой чадвартай болохыг олж илрүүлжээ. Үүгээр зогсохгүй сүргийн өсөлтийг буруулах ямар ч нөлөө үзүүлээгүй аж. Өөрөөр хэлбэл тэдний дасан зохицох чадвар болон нөхөн үржихүйн хурд нь ямар ч шинэ төрлийн хорыг ялан дийлэх боломж олгож байгаа юм.
Харин үүний эсрэг хүн төрөлхтөн хортон шавж устгах химийн бодисыг улам бүр хөгжүүлж байгаа нь хүнд үзүүлэх сөрөг нөлөөг улам бүр ихэсгэх болжээ. Энэ нь элдэв төрлийн арьс, амьсгалын замын харшил, зарим тохиолдолд хорт хавдар үүсгэгч болж байгааг судлаачид анхааруулж байна. Тиймээс иргэд хортон шавжтай тэмцэхийн тулд гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ариутгагч бодис ашиглаж байхыг санал болгожээ.