Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, санал зөвлөмж өглөө.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Улсын бүртгэлийн байгууллага, газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон тухайн орон нутгийн татварын алба хооронд буюу нийт гурван байгууллагын дунд иргэний газар олголтын асуудал шийдэгдэж байгаа нь хамгийн их бухимдал төрүүлж байна. Иргэнд газар олгох процесс энэ гурван байгууллагын хүрээнд хуулийн хугацаанд нь явсаар байтал хүндрэл учруулж байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар бид хоёр хамтарсан тушаал гаргаж, дээрх хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг байгууллаа.
Хоёрт, иргэдийн өмчлөх газрын жагсаалтыг жил бүр Засгийн газар шинэчилж баталдаг. Гэвч энэ жилийн жагсаалт батлагдаагүйн улмаас иргэд газар өмчлөх эрхээ авч чадахгүй, газрын алба Засгийн газрын шийдвэр гараагүй учир өмчлөх захирамжийг гаргаж чаддаггүй хүндрэл гарч байна. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд газар өмчлөх жагсаалтыг яаралтай оруулах саналтай байна.
Түүнчлэн, газрын албадад үүссэн маргаанууд бий. Иймээс дүүрэг болгоны газрын албанд 60 хоногийн хугацаанд бүх газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх аян өрнүүлэх чиглэлийг өглөө. Ер нь цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0,07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүргүүдэд сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих нэн шаардлага гарч байгаа. Иймд эдгээр дүүрэгт иргэдэд 0,07 га газрыг олгохыг зогсоох хэрэгтэй. Нийслэл бүх боломжит газраа бид 0,07-оор өгч, нөөц шавхагдсан. Ийм учраас бид аль болох газар олголтыг хөдөө, орон нутаг руу болгож, төвлөрлийг бууруулах чиглэлээр хандуулах нь зүйтэй.
Богд Хан уулыг тойрсон бүх амуудад газар олгосон асуудлыг шалгахаар Авлигатай тэмцэх газар маш том ажлын хэсэг гарган ажиллаж буй. Туул голын сав дагуу олгогдсон газруудын талаар мэдээлэл бий. Гэмт хэргийн шинжтэй нь гэмт хэргийн шинжээрээ явна биз. Ний нуугүй хэлэхэд, өмнөх үеийн Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын дийлэнх нь Богд уул, Туул гол, Тэрэлжийн сав газрын газар олголтыг хийсэн гэдэг нь үнэн. Цаашид Богд Хан уулд дахин газар олгохгүй байх хууль гаргаж, хамгаалалтад авна. Богд уул орчмыг иргэд алхдаг, амарч зугаалдаг газар болговол яасан юм бэ гэх саналыг байнгын хорооны ажлын хэсэгт тавьсан.
Мөн хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын хөрөнгийн биржийн тухай хууль юм. Өнөөдөр нүүрсний үнийг хэн нэг компанийн захирал, ТУЗ биш, зөвхөн дуудлага худалдаагаар үнэ тогтоож явдаг болохоор хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Цаашид манай ажлын хэсэг нэгдүгээрт, төрийн байгууллага албан хаагчдын ажлын байрны зураг авалт хийх болно. Тодруулбал, хаана хүнд суртал, хаана субъектив шийдвэр гаргадаг албан тушаалтан байна энэ бүгдийг бид газрын албаны танилцуулж буй цахимаар шийдвэр гаргалт хийх процесс руу шилжүүлэх ажлыг явуулах болно. Хэрэв энэ ажлыг бид амжилттай хэрэгжүүлж чадвал ирэх онд олон улсын байгууллагын авлигын төсөөллийн үнэлгээгээр хоёр оронтой тоо руу ч орох боломж бий” гэлээ.