Open iToim app
Спорт | 2 мин уншина

А.Нармандах: Бид үлдсэн зургаан тоглолтдоо өөрсдийн бүх хүч чадлаа дайчилна

Нийтэлсэн 2019 оны 9 сарын 12
undefined
ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар хэсгийн нээлтийн тоглолтоо монголчууд Мъянмарын багийн эсрэг тоглож, хожсон. Харин өнгөрсөн мягмар гаригт Тажикстаны багийн эсрэг тоглож, 0:1 харьцаатайгаар хожигдсон ч, дараа дараагийн олон тоглолтууд биднийг хүлээж байгаа. Үр дүн хэдий сөрөг байсан ч үндэсний шигшээ багийн тоглогчид 90 минутын турш өндөр хэмнэлтэй, үзэгчдээ огшоосон, үзүүштэй тоглолт толилуулсан юм. Монголын шигшээ баг чансаа илүү Тажикистаны багтай эн тэнцүү, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж байсан ч тоглолтын 80  дахь минутад зочин багийн 6 дугаартай тоглогч Давронжон Ергашев унаж мөргөн, энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан.
Тоглолтын турш Монголын шигшээ баг 44 хувь Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшжээ. Хаалга чиглэсэн цохилт адил 7, 9 байсан бол хаалга оносон цохилт адил 4 байлаа. МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн 3455 үнэнч хөгжөөн дэмжигч цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Дэлхийн чансаа 52 байр илүү Мьянмарыг хожиж, 68 байр илүү Тажикистантай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан Монголын шигшээ баг  аравдугаар сарын 15-нд Кыргызстаны багтай талбайд дахин тоглоно. Энэ талаар  шигшээ багийн тоглогч А.Нармандахтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Шигшээ багт хэзээ дуудагдав. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу.
-Намайг А.Нармандах гэдэг. Би одоо 22 настай. Үндэсний шигшээ багт 2017 онд орж одоо хоёр дахь жилдээ тоглож байна.
-Тоглолтын талбай руугаа гарахдаа  өөрийгөө юу гэж зоригжуулдаг вэ?
-Хожихын төлөө талбайд гардаг. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тоглож байгаа болохоор хамаг хүч, чадлаа дайчлан тоглох ёстой. Энэ утгаараа улсынхаа төлөө өөрийн хүч чадлаа 100, 200 хувь гаргаж дайчлан тоглохыг хичээдэг. Мөн хувь хүний хувьд, өөрийгөө ялан дийлэхийн тулд талбайд гарч байгаа учраас өөртөө итгэлтэй талбайд гардаг.
-Улс орныхоо нэрийн өмнөөс шигшээ багт тоглоход талбайд гарахдаа хэр их догдлол, сандралтай байдаг вэ?
-Догдлол бол байдаг. Гэхдээ олон хүчтэй, мундаг тамирчныг төлөөлж, талбайд гарч байгаа болохоор сандарч болохгүй шүү дээ. Тиймээс аль болох тайван байхыг хичээдэг.  
-Тажикстантай тоглосон тоглолтын хүнд бэрхшээлтэй тал нь юу байв?
-Тажикстаны багийн хувьд маш  хурдан дамжуулдаг, шилжүүлэг сайтай байлаа. Харин бид аль болох нэг нэгнийхээ зайг нөхөөд, нягт тоглохыг хичээсэн.
-Тажикстаны багаас туршлага болгоод авахаар ямар зүйл ажиглагдав уу?
-Тэд маш хурдтай байлаа. Техникийн хувьд арай илүү санагдлаа.   
-Дараа дараагийн тоглолтод дээрээ юуг анхаарна гэж бодож байна вэ?
-Дараагийн тоглолтын өмнө бид бэлтгэлээ маш сайн хийнэ. Өндөр хэмнэлттэй гүйлтийн бэлтгэл хийнэ.  Багаараа жигдхэн, зайгаа нөхөөд нягт тоглоно гэж бодож байна.
-Тоглолтын хувьд, хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчтэй байлаа. Ер нь үзэгчдийн уур амьсгал ямар санагдав?
-Хөгжөөн дэмжигчид их гоё байлаа. Монголчууд үнэхээр сайхан дэмжсэн. Үүнээс маш их урам зориг, эрч хүч авсан. Хөгжөөн дэмжигчидээ маш их баярлалаа. Дараа дараагийн тоглолтуудыг үзээд, “Монголоо уухайлан дэмжээрэй” гэж  хэлье.  Бид үлдсэн зургаан тоглолтдоо маш анхааралтай байж, өөрсдийн бүх хүч чадлаа дайчлан тоглох болно.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн