Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Г.Мөнх-Эрдэнэ: Долларын ханшийг тогтвортой байлгахын тулд нүүрс, зэсээ сайн зарах хэрэгтэй. Гэвч…

Г.Мөнх-Эрдэнэ: Долларын ханшийг тогтвортой байлгахын тулд нүүрс, зэсээ сайн зарах хэрэгтэй. Гэвч…
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 10
Сүүлийн нэг сарын хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 50 төгрөгөөр чангараад байна. Цаашлаад нэг ам.доллар 3000 давах боломжтой ч гэж нэр бүхий хүмүүс таамаглал дэвшүүлээд байгаа билээ. Тэгвэл ам.долларын ханшийн өсөлт цаашдын хандлагын талаар Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш 50 төгрөгөөр өссөн. Энэ өсөлт юунаас шалтгаалж байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд импортын хэрэглээ харьцангуй бага байлаа. Энэ ч утгаараа экспорт тасалдсан ч өөрсдийн нөөцийн хүрээнд бид ам.долларын ханшийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Гэвч газрын тосны үнэ он гарсаар даруй 50 гаруй хувиар үнэ өсчихлөө. Бид жилдээ нэг тэрбум орчим ам.долларын газрын тос хэрэглэдэг бол одоо манай улсаас дахин нэмэлтээр 300-400 сая ам.долларын газрын тосны импортоор гадагшилах нөхцөл байдал үүслээ.
Нөгөө талдаа бид улбар шар төвшнөөс шар түвшин рүү шилжиж, хил нээгдлээ. Энэ нь хуримтлагдсаар жилдээ багаар бодоход 200 сая орчим ам.долларын гадагшилах урсгалыг бий болгох нь. Ингээд харахад өмнөх жилтэй харьцуулахад манайд ам.долларын импортын эрэлт 500 сая ам.доллараар нэмэгдэх нөхцөл байдал бий болсон. Гэтэл эсрэгээрээ үүнийг дагаж экспорт нь тасралтгүй өсч чадахгүй байна.
-Цаашид ам.доллар хэр өсөлттэй байхаар байна. Энэ юунаас ихээхэн шалтгаалахаар харагдаж байна?
-Орос Украины нөхцөл байдалтай холбоотойгоор алтны ханш 2000 давлаа. Би дайн дэгдэхээс өмнө алтны ханш оны эхний түвшингөөс буурах болов уу гэж харж байсан. Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүсч ханш өслөө. Ингэснээр манайд алтнаас орж ирэх валютын орлого өнгөрсөн жилтэй дүйхүйц хэмжээнд үлдэхээр байна. Гэвч алт нь нийт экспортын 10 хувьд ч хүрэхгүй юм. Гол экспортын бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. Олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндөө ирсэн таатай мэдээ байгаа ч бид гадагшаа хангалттай хэмжээнд борлуулж чадахгүй байгаа. Миний харж байгаагаар цаашид ам.долларын ханш хэдэн хувиар өсөх вэ гэдэг цэвэр Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай харилцах харилцаа, гэрээ хэлэлцээр хийж чадах эсэх, дотооддоо корнавирусийн тархалтыг бууруулж чадах эсэх зэргээс шалтгаална. Энэ бүхэнд хугацаа хэрэгтэй. Нөгөөтээгүүр, одоо цаг үеэ дагаад ноолуурын улирал ирж байна. Бид ноолуурын экспортоор жил бүрийн хавар 300 гаруй сая ам.доллар орлогыг оруулж ирдэг. Нэгтгээд харвал энэ оны эхний хагаст ам.долларын ханш одоогийнхоос дахиж огцом өсөх магадлал бага. Харин цаашид яах вэ гэдэг асуудал бол манай Засгийн газрын бодлого, шийдвэр буюу гол экспорт болох нүүрс, зэсээ биет хэмжээгээр нэмэгдүүлж чадах эсэх үүний тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэр үр дүнтэй байхаас хамаарна. БНХАУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээгээ одоо л ашигламаар байна.
-Ам.долларын ханш жил ирэх бүр өссөөр байна. Тэгвэл энэ өсөлт нь манай эдийн засаг болон ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бид үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Нийт хэрэглээний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор авдаг. Мөн шатахууны хувьд бусдаас хараат. Тэгэхээр ам.долларын ханшийн өсөлт шууд утгаараа инфляци болчихдог. Ханш тогтворгүй байна гэдэг манай улсын бүхий л шатанд маш хүчтэй сөрөг нөлөөтэй. Тэгэхээр нүүрс, зэсийн экспорт сайн гарахгүй байгаа учир байж болох хамгийн ойрын экспортын орлогыг өсгөх боломж бол ноолуур юм. Бид ноолуураа түүхийгээр нь урд хөрш рүү худалдаалдаг. Харин үүний оронд түүхий ноолуураа боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолбол тэрбум ам.долларын ч орлого олох боломжтой. Энэ нь цаашлаад ам.долларын ханшийг хангалттай тогтворжуулах болно. Тэгэхээр төр засгийн зүгээс өөрсдийн бодлогоо энэ чиглэлд хандуулж, бодитой хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Монголбанкны зүгээс ам.долларын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого хэр үр дүнтэй байгаа гэж харж байна?
-Монголбанкны зүгээс өнгөрсөн хугацаанд ам.долларын ханшийг хангалттай тогтворжуулсан. Одоо бол экспорт буурч, импорт өссөн учир зах зээлийн зарчмаар хүссэн хүсээгүй ханш өсөх суурь нөхцөл бүрдсэн. Хэрвээ бид үүнийг хөдөлгөхгүй барина гэж зүтгэвэл нөөцөө шавхаж, эцэст нь ханш харвах болно. Энэ нь өөрөө асар том эрсдэлийг дагуулах юм. Миний хувьд зөв цагтаа зөв бодлогын өөрчлөлтийг хийж байгаа гэж харж байна.
-Энэ жилийн хувьд манай улсын эдийн засгийн төлөв байдлыг та юу гэж харж байгаа вэ. Гадаад, дотоод эрсдэл нь юу байна?
-Дайны нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны үнийн өсөлт манайд ам.долларын ханшийг өсгөх нөлөөлөл мэдрэгдэж эхэлж байна. Дээрээс нь шатахууны үнийн өсөлт өөрөө суурь инфляцыг өсгөөд явах болно. Энэ утгаараа гадаад сөрөг нөлөө түрүүлж орж ирж байна. Энэ нь богино хугацаандаа сөрөг нөлөөтэй боловч урт хугацаандаа өөрчлөгдөх боломжтой. Орос Украины дайнаас шалтгаалж мөнгөний урсгал өөрчлөгдөж байна. Өмнө манай орныг тойрч урсдаг байсан мөнгө одоо манай орон, эдийн засгийг дамжиж урсах боломж харагдаж эхэллээ. Тодруулбал, цаашид Орос Европоос авдаг байсан бүтээгдэхүүнээ авч чадахаа болино. Европ Оросоос бүтээгдэхүүн авч чадахаа болино. Тэд БНХАУ-аас авна. Харин Хятад Орос хоёрын дунд манай улс оршдог. Бид энэ өнцгөөс хөршүүдтэйгээ эдийн засаг болон улс төрийн тохиролцоо хийж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал боломж харагдаж байна.
-Манай хөрөнгийн зах зээл, эдийн засгийн голлох хүчин бол банкны салбар юм. Банкууд IPO гаргаж, нээлттэй болж байгаа нь хэр зөв алхам бэ?
-Энэ үйл явдал нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдэж буй хамгийн бодит эерэг үр дүн авч ирэхүйц реформ болно. Учир нь банкны салбарын хамгийн том, чанартай банкууд нээлттэй хувьцаат компани болно. Энэ нь банкны салбартаа ч хөрөнгийн зах зээлд ч чухал ач холбогдолтой. Маш том мөнгөний урсгал хөрөнгийн зах зээл рүү шилжинэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн цоо шинэ түүх эхэлнэ. Иргэд үүнээс хоцорч болохгүй. Хүн бүр банкны реформд идэвхитэй оролцох хэрэгтэй. Энэ бүхэн иргэдэд мөнгөө өсгөх найдвартай сонголтыг бий болгож байна. Нөгөө талдаа компаниуд хувьцаа бонд гаргах боломжийг өргөнөөр нээж өгөх юм.
Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн