Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ц.Урангоо: Замбараагүй хэрэглэдэг эм, тан, цайруулах тос, тариа нь түүдгэнцрийн өвчин, цаашлаад бөөрний дутагдлын шалтгаан болдог

Ц.Урангоо: Замбараагүй хэрэглэдэг эм, тан, цайруулах тос, тариа нь түүдгэнцрийн өвчин, цаашлаад бөөрний дутагдлын шалтгаан болдог
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 18
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалд орж буй иргэдийн тоо өсөж байна. Иймд тус өвчин нь юунаас болж үүсэж байна, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн булчирхай судлалын тасгийн их эмч Ц.Урангоотай ярилцлаа.  
-Бөөрний өвчний үүсгэх гол шалтгаан юу вэ?
-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойн ангина, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна.  Жишээлбэл, хүйтэнд хэт их даарах нь бөөр шээсний замын үрэвслийг үүсгэдэг. Мөн хоногт авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй бол дархлаа суларна. Шээсний замын үрэвсэл халдвар, бөөрний дутагдал зэрэг өвчлөл их байна.
-Бөөрний түүдгэнцрийн эмгэг гэж  юу вэ. Юунаас болж үүсдэг вэ?
-Эмийн замбараагүй хэрэглээ буюу дураараа янз бүрийн хятад ургамал, тан хэрэглэх,  мөнгөн ус агуулсан нүүр цайруулах тос, крем зэрэг нь түүдгэнцрийн өвчний үүсгэх нэг шалтгаан болдог. Мөн жирэмслэлт, төрөлтийн явц нь зарим түүдгэнцрийн өвчнийг сэдрээх, нөхцөлүүлэхэд хүйчин зүйл болдог. Энэ  өвчлөл нь дархлааны механизмаар явагддаг. Маш олон хэлбэртэй. Тухайлбал, ямар хэлбэртэй байгааг хэрхэн оношилдог вэ гэвэл нарийн эдийн зүүгээр бөөрний эдэд хатгалт хийж, авсан эдээ гэрлийн, иммунофлюресценц, электрон гэх гурван төрлийн микроскопод уншуулдаг. Ямар хэлбэрийн бөөрний түүдгэнцэр байна гэдгээсээ шалтгаалаад ямар эмчилгээ хийх вэ гэдгийг сонгоно. Монголд бөөрний эдийн шинжилгээ буюу биопси төдийлөн хангалттай хөгжөөгүй байна. Энэ шинжилгээ хийлгэх нь маш сайн давуу талтай. Гэхдээ электрон микроскоп нь Монголд байхгүй.
-Хүмүүс турна гээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Энэ нь бөөрөнд яаж нөлөөлдөг вэ?
-Ямар ч баталгаагүй буюу онолын үндэсгүй “маш хурдан тураана, үр дүнтэй” гэх гарчигтай интернэтэд олон бүтээгдэхүүнийг худалддаг. Тухайн зүйлүүд нь бөөрөнд маш хортой. Худалдаж авахдаа хэдэн хүн хэрэглэсэн юм, хэзээ, хаана үйлдвэрлэсэн байна зэргийг нь сайтар харах хэрэгтэй. Ургамлын гаралтай эмүүд, тангууд зэргийг дураараа хэрэглэж ерөөсөө болохгүй. Дээрээс нь антибиотикийн бүлгийн эмүүд бөөрөнд хортой нөлөөтэй. Тухайлбал, бидний байнга хэрэглэдэг үе мөчний эм диклоденк, үрэвслийн өвдөлт намдаагч ибупрофен, ходоодны пантопразол, омепразол, зарим даралтын эм зэрэг нь бөөрний цочмог дутагдалд хүргэж байна.
-Бөөрний өвчлөлүүд нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, өвчин хүндэрсэн тохиолдолд хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэсгэдэг.  Мөн шээсний өнгө үнэр, гарц хэмжээ өөрчлөгдөнө. Энэ үед эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шээсний замын халдвар байвал яваандаа архагшиж, даралт ихэснэ. Улмаар архаг дутагдалд орно, бусад эрхтэн системдээ хүндрэл учруулна. Түүдгэнцрийн эмгэгийг эмчлэхгүй бол яваандаа амь насаа алдах эрсдэлтэй. Манайд улсад бөөрний дутагдал гэдэг зүйл ихсээд байна. Сүүлийн жилүүдэд улсын болоод дүүргийн, аймгийн нэгдсэн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай хүнийхээ диализ эмчилгээг дийлэхгүй байдалд хүрсэн. Тиймээс хувийн эмнэлгүүд диализ эмчилгээг хийдэг болсон. Бөөрний диализ буюу орлуулах эмчилгээ шаардлагатай хүмүүсийг үзэж эхэлсэн.
-Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ?
-Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлэлгүйгээс бол дутагдал болж хүндэрнэ. Мөн эмчилгээг бүрэн гүйцэд хийгээгүйгээс бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг юм. Удаан хугацааны үрэвслээс дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг даамжруулахгүй байх хэрэгтэй.
-Бөөрний дутагдлыг эрт оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?
-100 хувь боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь оношлоод, эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гээд оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд эмчийн хяналтад байх ёстой.
-Бөөрний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бөөрөө хамгаалах аргууд бол их энгийн. Өглөө босоод 1-2 аяга ус уух, хоногт 1,5 грамм ус уудаг байх. Хүйтний улиралд дулаан хувцас өмсөх, жиндүү газар удаан байх хэрэггүй,  дураараа эмийн санчтай ярилцаж, эм худалдаж авахгүй байх зэрэг юм. Хүний дам ярианд итгэж эм худалдаж авч, эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр хэрэглээд байвал антибиотикийн тэсвэржилт үүсдэг. Дараа нь эмэнд дарагдахгүй болох тохиолдол их гарна. Мөн эрүүл мэндийн боловсрол сайн олгох хэрэгтэй. Өвчнөө тухай бүрт нь оношлуулах шаардлагатай байна. Хоолны дэглэм, хэрэгцээтэй эрдэс тэжээлүүдийг зохистой тунгаар нь авах хэрэгтэй. Мөн давсны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Элдэв төрлийн хоол амтлагч, халуун ногоо зэргийг аль болох бага хэрэглэх, бага залуу наснаасаа даралтаа сайн хянах зэргээр урьдчилан сэргийлж болно. Дөнгөж өвдөхөөр нь эмнэлэг очих биш, байнгын шинжилгээнд хамрагддаг байх хэрэгтэй. Далд явцдаа илрэхгүй байгаа өвчнийг хүртэл байнгийн шинжилгээнд хамрагдсанаар мэдэх боломжтой.
Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд БНСУ бол цэцэрлэгт байхаас нь эхлээд анхаарч эхэлдэг. Тухайлбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд  зориулсан “нян гэж ийм байдаг, гараа угаахгүй байвал ийм өвчнөөр өвчилнө, хангалттай сайн шингэн зүйл уухгүй бол бөөр өвддөг байх нь” зэрэг нэвтрүүлгийг байнга гаргадаг. Манай улс энэ чиглэлд анхаарч, иргэддээ эрүүл мэндийн боловсрол сайн олгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн